Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь өмнөх оны эрдэм
шинжилгээний үйл ажиллагааныхаа үр дүнгийн талаар жил бүр Их чуулганаараа
хэлэлцэж дүгнэлт гаргадаг уламжлалынхаа дагуу
ээлжит Их чуулганаа өнөөдөр хуралдлаа.
Монгол Улсын ШУА нь манай оронд шинжлэх ухаан, тэргүүний
технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллагын хувьд
эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын нийгэмлэг болж
ажилладаг билээ.
Монгол
Улсын Засгийн газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан
Шинжлэх ухааны Академиас хариуцлага, сахилга бат, бүтээмжийг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллав. ШУА-ийн Их,
бага чуулганы үйл ажиллагаа, харьяа хүрээлэнгийн судалгааны чиглэл, бүтэц,
зохион байгуулалт, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, төр, засагт зөвлөмж
хүргэх, гадаад харилцааг өргөтгөн үр өгөөжийг нь сайжруулах
үндсэн үйл ажиллагаанд бодит ахиц гарлаа. Шинэ мэдлэг бүтээх, түүнийг
хэрэглээнд шуурхай нэвтрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх чиг үүргийнхээ дагуу
хийж гүйцэтгэдэг уламжлалт ажил, арга барилаа улам чамбайруулахын төлөө идэвх санаачилгатай ажиллалаа.
Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Шинжлэх ухааны Академийн эрхзүйн байдлын тухай хууль, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Инновацийн талаар төрөөс баримтлах бодлого, Инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Инновацийн грант олгох журам, Суурь санхүүжилтын журам, Шинжлэх ухааны байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг эрхзүйн баримт бичгийг шинэчлэн батлах чиглэлээр санал боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
“Шинжлэх ухааны Академийн хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2018-2025”, Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах 16 зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталснаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах ажил идэвхжлээ.
Дэлхий даяар биелэлээ олж эхлээд байгаа Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь шинжлэх ухаан, технологийн дэвшил бөгөөд ШУА-иас санаачлан эрдэмтэн судлаачдын өргөн бүрэлдэхүүнийг хамруулан, судалгаа явуулж, “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлууд” сэдвийг Их чуулганы өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэж, зөвлөмж гарган төр засгийн байгууллагуудад хүргүүлэв.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах санал, шийдэл боловсруулах эрдэмтдийн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөнд тусгуулан ажиллаж байна.
Манай эрдэмтэд 2018 онд ном, нэгэн сэдэвт болон хамтын бүтээл 155, эрдэм шинжилгээний өгүүлэл 777 (гадаадад 280, үүнээс импакт фактор бүхий сэтгүүлд 69), эрдэм шинжилгээний илтгэл 979 (гадаадад 341), нийт 1911 бүтээл хэвлэн нийтлүүллээ. 2018 оны 12 дугаар сарын байдлаар ШУА-ийн эрдэмтэд Web of science-д бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд нийт 1192 бүтээл хэвлүүлж, нэг бүтээлээс дунджаар 17 удаа (h-index = 66), нийт 20573 удаа эшлэгдсэн байна.
ШУА-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, Азербайжаны Үндэсний ШУА-тай хамтран ажиллах гэрээ, ОХУ-ын Уралын холбооны Их Сургууль, Тайваны Эзэн хааны ордон музей, Туркийн Стамбулын Их сургууль, Якутын Шинжлэх ухааны төв зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Унгар, Чехийн ШУА-тай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн протоколыг тус тус шинэчлэв.
Шинжлэх ухааны ололтыг олон нийтэд түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт тэлсэн, судалгааны томоохон үр дүн болон инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан, эрдэмтдийн бүтээл дотооддоо төдийгүй олон улсад үнэлэгдэж чансаа нь өссөн жил боллоо. Үүнд:
-Академич Р.Барсболд Монгол улсын Төрийн соёрхол, академич
Д.Доржготов ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал Оросын их эрдэмтэн
С.М.Пржевальскийн нэрэмжит “Хүндэтгэлийн алтан медаль”, академич Л.Болд Туркийн
Шинжлэх ухааны академийн Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагналыг, Японы
эзэн хааны шагналыг академич Д.Төмөртогоо нар
тус тус хүртлээ.
-ШУА-ийн
цахим системийг “Нэгдсэн цахим хуудас”, “Динамик оффис”, “Онлайн номын дэлгүүр”
гэсэн бүтцээр хөгжүүлэх ажлын хүрээнд судлаачдын бүтээлийг олон нийтийн хүртээл
болгох зорилгоор ШУА-ийн Онлайн номын дэлгүүр (www.bookstore.ac.mn) байгуулаад ажиллаж байна. ШУА-ийн цахим шуудангийн
найдвартай, тогтмол үйл ажиллагааг хангах зорилгоор албан хэрэгцээнд Майкрософт
оффис 365 үүлэн технологийн системийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэв.
-Байгууллагын
түвшинд эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэнд
оруулах, гарааны компани, бизнесийн хамтын ажиллагааны харилцааг зохицуулах
ШУА-ийн Оюуны өмчийн бодлого, “Технологи дамжуулах журам”-ыг баталж мөрдүүлж
эхэллээ. Инноваци, оюуны өмч, гарааны бизнесийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх
“Энтрепренёр судлаач-21” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 19 судлаачийг мэргэшүүлэн сургаж, дадлагажуулав.
2019 онд ШУА-ийн эрдмийн хамт олон шинжлэх ухаан
технологийн салбарын эрхзүйн орчныг шинэчлэх, хүрээлэнгүүдийн судалгаа
хөгжүүлэлтийн ажлын тэргүүлэх чиглэлийг
шинэчлэн тодорхойлох, санхүүжилтийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд оролцогч
талуудын уялдаа холбоог сайжруулах, стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтийг
хангах зорилтыг дэвшүүлж, сахилга, хариуцлагыг эрс дээшлүүлэхэд үйл
ажиллагаагаа чиглүүлэн ажиллах. Энэ
зорилгын хүрээнд төлөвлөгөөнд дурьдсан тодорхой зорилтуудыг цаг алдалгүй
шийдвэрлэх шаардлагатай гэсэн саналыг академич нар хэллээ.