"Орос, Монгол XX зуунд: Монголын ардын хувьсгал болон дипломат харилцаа
тогтоосны 100 жилийн ойд " олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 9-10-ны
өдрүүдэд Бүгд Найрамдах Буриад Улсад болж өнгөрлөө.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Буриадын
Засгийн газар, ОХУ -ын ШУА -ийн Сибирийн
салбар, Оросын ШУА-ийн Монгол,
будда, төвд судлалын хүрээлэн болон Монгол улсын ШУА хамтран, Буриад дах оросын түүхийн нийгэмлэгийн салбарын
дэмжлэгтэйгээр зохион байгуулсан
юм.
Чуулганы нээлт 2021 оны 9-р
сарын 9-нд Хиагт
хотод болж, "Орос-Монголын харилцааны түүхэн дэх Хиагтын үүрэг" дугуй ширээний хэлэлцүүлэг, "Орос ба Монгол:
түүхийн хуудас" Монголын ардын
хувьсгал болон дипломат харилцаа тогтоосны 100 жил, Орос-Монголын
найрамдлын музейн 50 жилийн ойд
зориулсан үзэсгэлэнг зохион байгуулжээ. Үйл ажиллагааг нээж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвд
судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В. Базаров хоёр улсын
Гадаад хэргийн яамдын оролцоотойгоор бэлтгэсэн хурлын зохион байгуулалт өндөр
түвшинд байгааг тэмдэглэсэн
байна. Мөн энэ үеэр Монгол улсын ШУА -ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид хэлсэн үгэндээ 100 жилийн турш Монгол, Орос үр дүнтэй
хамтран ажилласаар
ирсэн бөгөөд ялангуяа
шинжлэх ухааны салбар дах хамтын ажиллагаа нь дэлхийн 2 дугаар дайны үед ч
тасалдаагүй гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан 9-р
сарын 10-нд Буриадын Засгийн газрын
хурлын танхимд боллоо. Нээлтийн үеэр Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.
Цыденов нэвтрүүлэх
хүчин чадал нь хоёр дахин нэмэгдсэн
Хиагт боомтын нээлтийн ач холбогдлын талаар онцолж мөн “Орос улс руу фашистууд
дайрахад хамгийн түрүүнд Монголын ард түмэн дэмжиж фашизмыг ялан дийлэхэд асар
их хувь нэмэр оруулж үнэлж барамгүй туслалцаа үзүүлсэн. Дараах
бүхий л хугацаанд Монгол, Орос бол хамгийн дотнын түнш, найз нөхөд байсаар ирсэн” хэмээн дурдсан байна.
Чуулганы дараагийн хэсэг нь Оросын ШУА-ийн Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн
баазад
болсон бөгөөл 6 салбар хуралдааныг зохион байгуулж Орос,
Монголын тэргүүлэх эрдэмтдийн 80 гаруй илтгэлийг танилцуулжээ.
Хурлын хүрээнд ОХУ -ын ШУА
-ийн Сибирийн салбарын Тэргүүлэгчид,
Монголын ШУА-ийн Тэргүүлэгчдийн хамтарсан
хурал
болж үр дүнд нь “ОХУ-ийн ШУА-ийн
Сибирийн салбар МУШУА-ийн хоорондын
шинжлэх ухааны хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэх тухай хэлэлцээр”-ийг
үзэглэв. Мөн “ОХУ-ийн ШУА-ийн Сибирийн салбарын Хойд ба Зүүн хойд Азийн хил
дамнасан харилцан үйлчлэлийн асуудлын талаарх Олон улсын шинжлэх ухааны төвтэй
МУШУА Сүлжээний түншлэлийн хэлэлцээр” хийж гарын үсэг зурсан юм. Түүнчлэн “Буриадын
Хөдөө аж ахуйн хүрээлэн болон Монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи
хоорондын олон улсын судалгааны хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа.
Энэхүү
үйл ажиллагааны хүрээнд МУШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭШТА, академич Ц.Батбаяр, доктор Н.Хишигт
нарт Оросын ШУА-ийн Сибирийн салбарын
Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн хүндэт докторын цол олгосон байна.