Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон тус яамны
удирдлагууд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологи,
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Түүх, угсаатны зүй, Хэл зохиол, Археологийн
хүрээлэнгүүдэд ажиллалаа.
Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн асуудлыг тодорхой болгож, өөрчлөх шаардлагатай байна. Төрийн мөнгийг шинжлэх ухаааны салбарынхан судлаачиддаа зарцуулж, үр дүнг хүртэх нь чухал. Мөн хүрээлэн хоорндын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай. Удирдлага, хүний нөөц, цалин үнэлэмжийн асуудлыг эргэн харж, тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй. Үүнээс гадна эрдэм шинжилгээний ажилтнуудын академик ур чадварыг дэмжих чиглэлээр анхаарч ажиллана гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо.
МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН:
БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН:
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд юун түрүүнд одоогийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 18 га талбайг цаашид зориулалтаар нь үлдээж төрийн тусгай хэрэгцээт, дархан цаазат газар болгон хуульчилж өгөхийг хүслээ. Учир нь тус цэцэрлэгт хүрээлэн нь Монгол улсад цор ганц сургалт судалгааны төв юм. Дэлхийн улс орнуудад нийт 3000 гаруй ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байдаг. Жишээ нь Японд 20, АНУ-д 40, БНХАУ-д 200 ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй. Өөрөөр хэлбэл, дэлхийд 15 Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгүй улс байдаг. Манай цэцэрлэгийн газраас хасаад барилга бариад байвал удахгүй Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгүй орон гэдгээ зарлах дээрээ тулах нь. Тус цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар 18 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх мод байна гэсэн мэдээлэл өглөө. Мөн монгол оронд ургадаг ховор эмийн ургамлын судалгаа явуулж тарималуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломж байна. Жишээ нь япон улстай хамтраад чихэр өвсийг тарималжуулах судалгааг 10 жилийн турш хийсэн нь үр дүнтэй ажил болсон. Хэрвээ төр засгаас дэмжлэг үзүүлж ажиллах юм бол энэ мэтчилэн ховор болоод эмийн ургамлыг судалж дэвшилтэд технологи боловсруулахад бэлэн байна гэлээ.
ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН:
ШУА-ийн ууган хүрээлэнгийн хувьд энэ жил 100 жилийн ойд зориулж олон ном бүтээл гаргахад бэлэн болгосон хэдий ч үүнийг хэвлүүлэх санхүүжилт тулгамдсан асуудал болоод байна. Мөн эх хэл боловсруулалтын суурь судалгааг дэмжиж томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх санхүүжилт шаардлагатай байна. Энэ 2 асуудлыг нэн тэргүүнд шийдэж өгөхийг салбарын сайдаасаа хүслээ.
ТҮҮХ, УГСААТНЫ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН:
Түүх, угсаатны зүйн хүрээлэн дэлхийн монгол судлалд Монголын түүх судлалын байр суурийг бэхжүүлэхэд өөрийн бүтээл туурвил, олон талт хамтын ажиллагааны туршлагаараа хувь нэмрээ оруулж байна. Өнгөрсөн хугацаанд гадаад улс орнуудын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, музей, номын санд хадгалагдаж буй баримт, гэрэл зургийг хуулбарлан авчрах, хамтран хэвлэн нийтлэх ажлыг хийж ирсэн. Сүүлийн хоёр жилд 8500 хуудас баримт бичгээр сан хөмрөгөө баяжуулж, Тайваний Үндэсний хааны музейд хадгалагдаж буй Монголын түүх соёлд холбогдох 3300 дурсгалын жагсаалт үйлдэж авчирчээ. Түүнчлэн “Монголын түүхийн холбогдолтой баримтын нэгдсэн сан” суурь судалгааны төслийг санаачлан ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд сан хөмрөгт хадгалагдаж буй баримт, эх сурвалжийг онлайн хэлбэрт оруулахад бэлтгэж, хуулбарлах ажлыг хийж дуусгаад байгаа аж. Цахим хэлбэрт шилжүүлснээр тус хүрээлэнд хадгалагдаж буй баримт, эх материалыг дэлхийн аль ч өнцөг булангаас интернэтээр үзэж судлах боломжтой болж байна.
АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН:
Тус хүрээлэнгийн хувьд Хархорум, Төрийн түүхийн музей, Чингис хаан музей зэрэг олон музейг олдвор эд зүйлээр хангажээ. Одоогоор 16 улсын 46 хүрээлэнтэй хамтран ажилладаг. Ноён уулын олдворыг судалж байгаа бөгөөд цаашид тус олдвороор тусгай үзэсгэлэн гаргаж, улс орны нэр хүндийг дэлхийд таниулах боломжтойг эрдэмтэд хэлж байна. Хүрээлэнгийн тулгамдаж байгаа асуудал нь хээрийн болон лабораторийн судалгааны санхүүжилтийг шийдэх, сан хөмрөг хадгалах байрыг сайжруулах юм. Хүрээлэнгийн санаачилгаар “Монголын Үндэсний археологийн музей” байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн нийтлэг асуудал нь суурь судалгааны хугацааг уртасгах, санхүүжилтийг шийдвэрлэх, тогтвортой байдалд анхаарах, сан хөмрөг хадгалах байр, сууцны асуудал, хүний нөөцийн бодлого зэрэг байсан юм. Эрдэмтэн, судлаачдын тавьж буй дээрх саналыг салбарын сайд анхаарч, ажил хэрэг болгон ажиллахаа хэллээ.
Л.Энх-Амгалан сайд хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцсны дараа “Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээний хаалтын ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр хэлсэн үгэндээ тэрээр “Монголын төр, шинжлэх ухаандаа, эрдэмтэддээ итгэж,ачаа үүрүүлэх цаг нь болжээ. Цар тахлын үед шинжлэх ухааны салбар том үүрэг гүйцэтгэж буйг хоёр жишээгээр хэлье. Нэгдүгээрт, АШУҮИС-ийн эрдэмтэд хүрээлэнгүүдтэйгээ хамтраад шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн. Хоёрдугаарт, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусийн эсрэг биет тогтсон эсэхийг илрүүлэх инновацийн бүтээгдэхүүнийг гаргаж байна. Энэ бол том амжилт гэсэн юм.