Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Сансар судлал, сансрын техник технологийн салбарт хамтран ажиллана
Сансар судлал, сансрын техник технологийн салбарт хамтран ажиллана

    Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Жэй Эс Инженеринг ХХК-ы захирал М.Бат-Очир, БНХАУ-ын Цагаан хэрмийн аж үйлдвэрийн корпорацийн ерөнхийлөгч ноён Фу Жихэн, Хятадын Машин Механизмын инженерийн корпорацын захирал ноён Чен Шиандун нар 2023 оны 12 сарын 5-ны өдөр 2 улсын 4 байгууллагын хооронд хамтран ажиллах 4 талт хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

    Энэхүү санамж бичгийн гол зорилго бол сансрын техник, технологи буюу зайнаас тандан судлалын бага оврын өндөр нарийвчлалтай хиймэл дагуул бүтээх, хөөргөх, хөгжүүлэлтийн дэд бүтэц байгуулах, мэдээ хүлээн авах газрын станц байгуулан, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авч ашиглах, салбарын хүний нөөцийг бодит төслүүд дээр ажиллуулах замаар бэхжүүлэн бэлтгэх юм.

    Өнөөдрийн байгуулсан “Сансар судлал, сансрын техник технологийн салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичиг нь манай эрдэмтэн судлаачид, залуу инженер техникийн ажилтнуудад БНХАУ-ын сансрын өндөр технологиос суралцах, хамтран ажиллах, цаашид өмнөө тавьсан өөрсдийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

    Өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа энэхүү хамтын ажиллагааны онцлог нь манай ШУА-ийн түүхэнд анх удаа хоёр улсын төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллахаар зориг шулуудан албан ёсны баримт бичигт гарын үсэг зурж байгаа явдал юм. Үүгээрээ бид манай 2 орны төр, хувийн хэвшил хосолсон хамтын ажиллагааны анхны шанг татаж, цаашид бусад салбарт өрнөх энэ хэлбэрийн хамтын ажиллагааны өмнө бас хариуцлага хүлээж байгаа болно. Өөрөөр хэлбэл, бид амжилт бүтээл сайтай явбал нийгэм, эдийн засгийн бусад салбарт, түүний дотор Бүс-Замын хамтын ажиллагааны хүрээнд ийм хэлбэрийн түншлэл тасралтгүй өрнөх болно гэдэгт итгэж байна.

 

 


Бусад мэдээлэл
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө