Монгол улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100
жилийн ой, Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх
ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы цахим
өдөрлөг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.
Тус
өдөрлөгт Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан оролцож хэлэхдээ “Би
хүрээлэнгийн ажилтай танилцсан. Орчин цагийн дэвшилтэд технологи болох байрлалд
суурилсан хиймэл оюуны арга технологи, машин сургалт, их өгөгдөл зэргийг
хөгжүүлж, вебд суурилсан газарзүй мэдээллийн систем, зайнаас тандан судлал, хиймэл
дагуул, сансрын технологийн хэрэглээг нэмэгдүүлж, сансрын технологид суурилсан
бүтээгдэхүүнээр монгол орны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг тандан
судлах, байнгын мониторинг хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа нь Монгол Улсын
шинжлэх ухааны салбарын нэг тэргүүлэх чиглэл болон хөгжих бололцоотой гэж харж байна.
БШУЯ-аас шинжлэх ухаан, технологийн салбарын хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, менежментийг сайжруулах, салбарын хөгжлийг
улсын хөгжлийн суурь нөхцөл, чиглүүлэгч салбар болгоход анхаарч ажиллах
болно” гэдгийг онцолсон билээ.
Сайдын хэлсэн үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэж байна.
Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалангийн
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн
“Мэдлэгээр дархлаагаа дэмжье” цахим өдөрлөгт хэлсэн үг
Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газар, Бага
чуулганаас санаачлан зохион байгуулж буй Шинжлэх ухааны байгууллага үүсэж
хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “МЭДЛЭГЭЭР ДАРХЛААГАА ДЭМЖЬЕ” цахим өдөрлөгт
оролцож байгаа эрдэмтэн судлаач, хүндэт зочид төлөөлөгч та бүхэнд МУ-ын Засгийн
газар, БШУЯ болон хувийн зүгээс талархал илэрхийлье.
Монгол улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага
үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн
ой тохиож байгаа түүхэн жил болж байна. Энэхүү тэмдэглэлт ойг угтан олон нийтэд
зориулсан нээлттэй хаалганы цахим өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь дэлхий
нийтэд тулгамдсан (КОВИД-19) цар тахлын хэцүү цаг үед мэдлэгээр дархлааг
дэмжсэн цагаа олсон үйл ажиллагаа болж байгааг цохон тэмдэглэе.
Монголчууд бид эрт дээр үеэс эрдэм мэдлэгийг эрхэмлэн
дээдэлж ирсний илэрхийлэл нь XIII зуунд Их хаан Хубилай “Бичгийн мэргэдийн хүрээлэн”
буй болгож байсан билээ.
Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 19-ний
өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол улсад орчин
цагийн шинжлэх ухааны төв байгууллага бий болсон түүхтэй бөгөөд 1924 онд Судар
бичгийн хүрээлэнд Газарзүйн тасаг байгуулагдсанаар эх орныхоо байгаль орчныг
шинжлэх ухааны үндэстэй судлах ажлын эхлэлийг тавьж өдгөөгийн Газарзүй,
Геоэкологийн хүрээлэнгийн түүх эхэлсэн.
Энэхүү түүхэн зуун жилийн хугацаанд уг хүрээлэн нь Монгол
улсын шинжлэх ухааны салбарын хөгжил цэцэглэлтэд томоохон хувь нэмэр оруулж 1) физик газарзүй, 2) нийгэм, эдийн засгийн газарзүй, 3) байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, 4) хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт,
5) зайнаас тандан судлал, газарзүйн
мэдээллийн систем, зураг зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж улс эх орны
үнэ цэнтэй байгалийн нөөцийг бүртгэх, хадгалах, хамгаалах, тэдгээрийн өөрчлөлт,
доройтлыг судлан, нөхөн сэргээж тогтвортой хөгжлийн гурван гол тулгуур байгаль орчин-нийгэм-эдийн засгийг
харилцан уялдаатай, тэнцвэртэй хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон нь Монгол улсын
хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт
байдлыг хадгалах, байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн
сэргээхтэй холбогдсон эрдэм шинжилгээний суурь болон хэрэглээний судалгаа
явуулах, шинжлэх ухааны үндэслэл боловсруулах, байгалийн баялагийг зохистой
ашиглахтай холбоотой зураг төсөл боловсруулах, улс орны тодорхой бүс нутгийн
хэмжээнд экологийн тулгамдсан асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах, норм,
норматив, стандарт боловсруулах замаар
төр, засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн.
Газарзүй, геоэкологийн хүрээлэн нь Монголын шинжлэх
ухаан, технологийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж дэлхий дахины шинжлэх
ухааны шинэ хандлагуудтай хөл нийлүүлэн алхаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвиж, улс эх оронд хэрэгцээтэй төсөл хөтөлбөр
хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид орчин цагийн дэвшилтэд технологи болох байрлалд
суурилсан хиймэл оюуны арга технологи, машин / гүн сургалт, их өгөгдөл зэргийг
хөгжүүлж, вебд суурилсан газарзүй мэдээллийн систем, зайнаас тандан судлал,
хиймэл дагуул, сансрын технологийн хэрэглээг нэмэгдүүлж, сансрын технологид
суурилсан бүтээгдэхүүнээр монгол орны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг
тандан судлах, байнгын мониторинг хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа нь
монгол улсын шинжлэх ухааны салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж байна.
БШУЯ нь ШУА-аар дамжуулж тус салбарын хууль, эрх зүйн
орчныг улам боловсронгуй болгох, салбарын хөгжлийг улсын хөгжлийн бодлогод
нийцүүлэх, судалгаанд суурилсан бодлого, шийдвэр гаргахад анхааран ажиллах
болно.
Та бүхний цаашдын эрдэм судалгааны ажилд өндөр амжилт,
сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд