ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, МҮОНРТ, “Их говийн нүүдэл” ТББ хамтран “Хил дамнасан нүүдэл, суудал: шалтгаан, үр дагавар (1930, 1940-өөд он)” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 12 дугаар сарын 22-ны өдөр Гандагтэгчинлин хийдэд зохион байгууллаа.
Хуралд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нараас гадна эрдэмтэн судлаачид, түүх сонирхогчид, лам хуварга, хөдөө орон нутгийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Д.Тодоос “Хил дамнасан нүүдэл, суудал: Зарим мэдээг аман түүхээр тодруулах нь” сэдэвт илтгэлийн талаар тодруулахад,
“Манай улсад өмнө нь энэ сэдвээр судалгаа хийж, амьд гэрчүүдтэй уулзаж байгаагүй. Энэ судалгаагаар улсын түүхэнд тэмдэглэгдээгүй, аман мэдээллүүд маш их гарч ирсэн байдаг. Үүн дотроос нэг хүний жишээг хэлэхэд Ёст бээсийн хошууны занги Дашням гэдэг хүний хүү Жамбалдоржийг Өвөрмонголд очиж, япон хэл сурсан сэргэлэн залуу байж. Түүнийг анх 1945 онд эх орондоо нүүж ирэхэд нь барьж хорьсон. Удалгүй тэр шоронгоос оргож, нийслэлийн ойролцоо уул хадаар амьдардаг байсан. Хааяа зах дээрээс хоол хүнс олж иддэг. Түүнийг харсан хүмүүс мэдээлж, дахин Дотоод яамны цэргүүд барьж хорьсон байдаг. Тэгсэн тэр өвлийн хүйтэнд дотуур өмдтэй, хөл нүцгэн дахин зугтсан. Тэр хүнийг сүүлд буудан хороосон байдаг юм билээ. Энэ мэт ард иргэдийн дундаас тухайн үеийн аман мэдээллийг цуглуулсан. Тухайн үед монголоос дүрвэж гарсан хүмүүсийн ихэнхийг лам нар эзэлж байсан. Мөн хөрөнгөө хураалгасан, эрхээ хасуулсан хүмүүс монголоос дүрвэж гарсан байдаг. Монголоос 1930-1932 оны хооронд хүмүүс дүрвэн гарсан ч шинэ эргэлтийн бодлого гарч, зүүний алдаа завхарлыг засаж эхлэх үеэр дүрвэгсдийн 50 хувь нь эх орондоо эргэн ирсэн. Тэгэхдээ лам нарын эсрэг хатуу бодлого баримталж байсан учраас ихэнх лам нар хилийн чанадад үлдсэн байдаг юм билээ” хэмээв.
Хурлаар хил дамнасан нүүдлийн талаар 2016 онд Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт явуулсан хээрийн судалгааны үр дүн, судалгааны үр дүнд хөдөө орон нутгийн ахмад настнуудын дунд явуулсан аман түүхийн сонирхолтой мэдээ баримтыг сонирхуулахаас гадна зарим ховор гэрэл зураг, түүхэн баримтыг дэлгэн үзүүлсэн байна.
Коминтерны зүгээс Монгол оронд улс төрийн тоталитари дэглэмийг тогтоох, хүн амын чинээлэг хэсгийн хөрөнгө, малыг хураан авах, малчдын хувийн мал сүргийг нийгэмчилж, коммунист хамтын аж ахуйнууд байгуулах, худалдаа, тээвэр, үйлчилгээний салбар дахь хувийн хэвшлийн үйл ажиллагааг хориглох, гадаадын капиталыг улс орны эдийн засгаас шахан зайлуулах, сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож, хүн амын шүтэх бишрэх эрхийг боогдуулах зэрэг социалист зорилтуудыг хэрэгжүүлсэн билээ. Үүний уршгаар Монгол орон нийгэм эдийн засгийн гүнзгий хямралд орсон бөгөөд тэр нь богино хугацаанд улс төрийн хямрал болон хувирч, “төр засгийг” эсэргүүцсэн ард олны бослого хөдөлгөөн орон даяар гарсан юм. Эл улс төрийн тогтворгүй байдал нь ялангуяа хил дагуу байрладаг аймгуудад нөлөөлж худал үнэн цуурхал нь ард олныг хамран нутаг орноосоо дайжин нүүх хөдөлгөөнийг эрчимжүүлжээ.
Тэрчлэн зүүнтний үед явуулсан “феодал”-ын хөрөнгө хураалт, жасын кампани, хамтрал коммуныг олноор нь байгуулж, нам, төрийн шалгалт зохион явуулсан зэрэг нь хувиар хөдөлмөр эрхлэгч, эд хөрөнгөөр чинээлэг хувийн аж ахуйтны өмчийг эздээс нь салган авч эзэнгүйдүүлсэн, хүмүүсийн сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулан, төрд итгэх итгэлийг хөсөр таягдахад хүргэсэн билээ. Ард олны дургүйцэл янз бүрийн хэлбэрээр илэрч байсны дотор 1930 оны эцсээс Өмнөговь, Алтай зэрэг аймгаас айл өрх, ард олноороо оргож хил даван нүүх, дүрвэх зэрэг үзэгдэл гарч эхэлсэн байна.
Эл дүрвэх хөдөлгөөнд Монгол Улсын хилийн дагуу орших засаг захиргааны одоогийн хуваариар Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгууд хамрагджээ. Эндээс үзвэл хил даван дүрвэх явдал хил залгаа бараг бүх аймгийг хамарсан хөдөлгөөний хэлбэртэй байв. Дүрвэгсдийн дотор лам, хар, феодал агсад, нам, эвлэлийн гишүүд хүртэл оролцсон юм.
1933 оны байдлаар БНМАУ-ын баруун ба баруун өмнө талын аймгуудаас бүрэн бус тоогоор 940-аад өрх айл буюу нэг өрхөд дундажаар 3-4 хүнтэй гэж тооцоход 37 700 орчим хүн дүрвэн гарчээ. Эл дүрвэх хөдөлгөөн хил орчмын нутгийн арав орчим аймагт өрнөсөн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар (бүрэн бус мэдээ) 11 700-аад өрх бүхий 47 000 орчим хүн хамрагджээ. Дүрвэх хөдөлгөөнийг таслан зогсоох үйл ажиллагааг ДХГ авч явуулахдаа, комисс томилон дүрвэгсдийн дунд соёл боловсрол, гэгээрлийн ажлыг зохиож, ард олныг төвхнүүлэх, суурьшуулах ажлыг гүйцэтгэсэн, нөгөөтэйгүүр, тагнуулын ажлыг сайтар явуулсан, тэрчлэн хил хамгаалалтыг бэхжүүлэхэд анхаарсан ба хил даван нүүсэн ард олныг эх нутагт нь буцаан авчрах ухуулан таниулах ажлуудыг эрчимтэй хийсний үрээр олон зуун өрх айл эх орондоо эргэн ирсэн билээ.
Ийнхүү ард олны дотор бухимдал үүсч, хөдөлгөөнд орсон эл үед Засгийн газрын зүгээс анги ялгаварлах бодлогыг хатуугаар баримталж байсан нь дүрвэх хөдөлгөөнийг намжаах бус харин ч улам гааруулж, цаашдаа зэвсэгт бослого болон даамжрах үндсийг бүрдүүлсэн юм.