Эгийн голын усан цахилгаан станц төслөөс сэлэнгэ мөрөн, байгал нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөг судлах монгол–оросын хамтарсан ажлын хэсэг, судалгааны багийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө
Эгийн голын усан цахилгаан станц төслөөс сэлэнгэ мөрөн, байгал нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөг судлах монгол–оросын хамтарсан ажлын хэсэг, судалгааны багийн уулзалт амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан стратегийн ач холбогдол бүхий Эгийн голын усан цахилгаан станц (ЭГУЦС) төслийн хэрэгжилтийг урагшлуулах зорилгоор Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан билээ. Энэхүү ажлын хэсэг, судалгааны багийн хамтаар “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ“ сэдэвт судалгааг 2025 оны 8-р сараас хойш гүйцэтгэсэн юм.

Тус судалгааны ажлын эцсийн шатны үр дүнг хэлэлцэх VI хуралдаан ОХУ-ын Эрхүү хотод 2026 оны 10-р сарын 15, 16-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Хуралдаанаар Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдийн багийн хийж гүйцэтгэсэн “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” судалгааг хоёр орны нутагт амжилттай гүйцэтгэж, зорьсон зорилгуудаа биелүүлсэн гэж дүгнэсэн. Мөн Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн хуралдаанаас дараах шийдвэрүүд гарч, протоколоор баталгаажуулав. Үүнд:
  1. “ЭГУЦС төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” сэдэвт хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлангийн урьдчилсан хувилбарыг шинжээчдийн санал, зөвлөмжийг харгалзан амжилттай боловсруулсныг дэмжин сайшаав.
  2. Монголын талаас санал болгосон ЭГУЦС-ын гидротехникийн байгууламжуудын бүрэлдэхүүн, техникийн горимын тооцоо шийдлүүдийг үндэслэн хамтран хийсэн судалгаагаар уг төсөл нь Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурын экосистемийн тэнцвэрт байдлын экологийн шаардлагыг хангахыг хамтарсан баг тогтоож, Эгийн голын усан цахилгаан станцыг зарчмын хувьд барих боломжтой гэдэг дээр санал нэгдэв.
  3. Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдийн хамтран боловсруулсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлангийн дүгнэлт, зөвлөмжийг 2026 оны 11-р сардаа багтааж Засгийн газар хоорондын комисст танилцуулах.
  4. ЭГУЦС төслийг хэрэгжүүлэх бүх үе шатанд байгаль орчны иж бүрэн мониторинг зохион байгуулах шинжлэх ухааны үндэслэлийг хамтран боловсруулах зэрэг багтсан.
Хуралд оролцогчид Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан багийн судалгаа нь ЭГУЦС төслийг урагшлуулах шинжлэх ухааны чухал гарцыг тодорхойлсон гэж дүгнэсэн бөгөөд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хоёр орны эрдэмтдийн баг хамтран амжилттай гүйцэтгэж буй хамгийн том ажил болохыг онцолж байв. Монгол, Оросын ШУА-ийн эрдэмтдийн ажлын энэхүү хуралдаанд Монгол Улсын талаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 11 эрдэмтэн судлаачид, ОХУ-ын талаас Сибирийн салбарын В.М. Матросовын нэрэмжит Системийн динамик ба удирдлагын онолын хүрээлэнгийн захирал, академич И.В. Бычковоор ахлуулсан 16 эрдэмтэн судлаачид оролцсон болно.





Бусад мэдээлэл