Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦОО НЬ ГАДАГШАА ГАРСАН ЧАДВАРЛАГ ЭРДЭМТДИЙГ БУЦААН АВЧРАХ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ БАЙГАА
Д.РЭГДЭЛ: УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦОО НЬ ГАДАГШАА ГАРСАН ЧАДВАРЛАГ ЭРДЭМТДИЙГ БУЦААН АВЧРАХ БОЛОМЖ ГЭЖ ХАРЖ БАЙГАА

“Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” энэ сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.

Анхдугаар их хурлын нээлтийн арга хэмжээ нэгдсэн хуралдааныг есдүгээр сарын 27-ны өдөр “Хандлагаа өөрчилье” уриан дор Төрийн ордонд зохион байгуулах аж. Харин салбар хуралдаанууд есдүгээр сарын 26-ны өдөр

  • “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”
  • “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц"
  • “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт"
  • “Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл” сэдвийн хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС-ийн хурлын танхимд болно.

Мөн шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг есдүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны урд талын академич Ширэндэвийн нэрэмжит талбайд, 27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулахаар болжээ.

Гэрэл зургийг mpa.mn

Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл "Салбар хуралдаанаар Монголын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, төрийн бодлого шийдвэр гаргахад шинжлэх ухааны судалгаа шнжилгээнд суурилах, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны  оновчтой, хүртээмжтэй дэд бүтэц бий болгох,  тэдгээрт ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ажилтны ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төр-хувийн хэвшлийн хамтын түншлэлийг бэхжүүлэх зэрэг шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэнэ.

Анхаарал татах бас нэг асуудал бол оюуны хөдөлмөр хийж цаг наргүй ажилладаг, дэлхийд үнэлэгддэг эрдэмтдээ урамшуулах тогтолцооны талаар юм. Энэ тогтолцоо бий болвол гадагшаа гараад явчихсан, өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр мэргэшсэн эрдэмтдээ буцаан авчрах боломж нээгдэнэ гэж харж байгаа" хэмээн ярилаа.  

Шилдэг судлаачдыг урамшуулах тогтолцоог бий болгох талаар тогтоолын төсөл боловсруулагдаж байгаа талаар БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат хэлж байв.

ВИДЕО:

Уг их хуралд шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төв, гарааны компани, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий нийт 800 төлөөлөгч оролцох юм.

Анхдугаар их хурлын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын олсон ололт, амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацид хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөхөд чиглэгдэх юм байна.

 


Бусад мэдээлэл