Монгол Улсын Шинжлэх ухааны Академи 2017онд инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд гарган авсан байна. Тодруулбал, Инновацийн шинэ бүтээгдэхүүнүүдийн нэг нь Литийн Ионы батарей гарган авах технологийн судалгаагаар Шпинел Li4Ti5O12-ыг хатуу төлвийн урвалын арга ашиглан гарган авч, литийн ионы батарейн анод болгон ашиглаж 40 мАц багтаамжтай 3.0-3.6 В-ийн R2032 маркийн зоосон батарей гарган авсан байна. Энэхүү батерейны талаар Академич Ц.Баатартай цөөн хором ярилцлаа.
-Таныг судалгаа хийж литийн ионы батарей гаргасан гэж сонссон. Тус батерей худалдаанд гарсан уу?
-Судалгааны ажлын үр дүнд 3,5 В батерей гаргаж авсан. Бидний гаргаж авсан батерей нэлээд сайн ажиллаж байна. Гүйдэл хүчдэлийг нь унагаад дахин сэргээж ашиглах боломж байна. Тийм учраас энэ оны сүүлээр гарааны компани байгуулаад үйлдвэрлээд эхлэе гэсэн бодолтой байна. Товч маягийн батерей. Үүнийг гар утас, болон зурагны удирдлага зэрэгт хэрэглэж болно. Гэхдээ хуруу зай биш. Энэ бол лити ионы хэмээх сүүлийн үед их ашиглагдаж байгаа батерей. Нэг сайн тал нь монголдоо хийсэн, мэргэжилтэнгүүд эзэмшсэн, засвар үйлчилгээ нь бэлэн байна.
-Монголын зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулах вэ?
-Хятадаас орж байгаа хамгийн муу батерей нь 3000, 4000 төгрөг байна. Манай батерейтэй ижилхэн чанартай нэлээд олон жил ашиглах боломжтой нь 13 мянган төгрөг. Манай улс дотооддоо үйлдвэрлэж байгаа учраас арай хямд зарах боломжтой.
-Тус батерейны судалгааг хэдий хугацаанд хийсэн бэ?
-2, 3 жилийн судалгааны хугацаанд судалгааны 50%-ийг хийлээ.
-Түүхий эд монголд байдаг уу. Гаргаж авдаг юм уу?
-Түүхий эдийг нь гаргаж авна. Хангалттай үйлдвэрлээд явахын тулд эхлээд хагас үйлдвэрлэлийн туршилт гэж хийнэ.Эрдэм шинжилгээний ажилд нэг зовлон байдаг. Маш их туршилт хийнэ. 300 удаа гүйдэл хүчдэлийг нь унагаад л, хичнээн дахин сэргэхийг нь тогтооно. 1000 удаа туршинэ гэвэл 3, 4 жил туршина гэсэн үг.
-Утаснуудын батерей нэг муудвал хаячихдаг. Энэ батерейг бол хаяхгүй дахин ашиглах боломжтой юм байна гэж ойлголоо?
-Нэг ашиглаад хаяхгүй. Олон дахин цэнэглээд ашиглах боломжтой. Цэнэглэдэг аппарат гэж байгаа. Түүнд өөрсдөө цэнэглээд ч барьж болно. Цэнэггүй батерей цэнэглэхээр эхлээд улаан асч байгаад сүүлдээ ногоон гэрэл асна.
-Судалгаа хийгээд батерей гаргаж авсан нь манай улсад анх удаа юм уу?
- Яг литийн ионы батарей гэдэг нь анх удаа. Литийн ионы батарейг хийхэд маш их судалгаа гарна. Түүхий эдээ гаргаж авахад маш их судалгаа хийнэ. Тэгж байж л эзэмшиж байгаа юм. Бэлэн юм авчраад хийхээр доторхи түүхий эдийг мэдэхгүй. Материалаа гаргаж авч байгаа хольц байгаа. Тэрийгээ гаргаж авч ашиглаад батерей хийж байгаа. Энэ бүтээгдэхүүн бол яам, ШУА-ын цөм технологи учраас хоёр жилийн өмнө судалгааны ажил нь батлагдаад багаж төхөөржөө гаргаж авсан.