Шинжлэх ухаан, инновацийн
соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх
зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, гарааны компаниудын
эрдэмтэн, судлаачдын бүтээл, бүтээгдэхүүн, соёлын өвийг орон нутагт хүргэх, хамтын
ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус аянд ЭШБ-ийн судлаач, эрдэмтдийн 30 орчим төлөөлөл
Улаанбаатар хотоос оролцов.
Аяныг нээж Говь-Алтай
аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан,
технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Д.Баттогтох, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үг хэллээ.
Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч
хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал эрч хүчээ аван ид өрнөж байгаа энэ
цаг дор аливаа улс орны тогтвортой хөгжилд ШУТ-ийн гүйцэтгэх үүрэг ямар чухал, юугаар
ч орлуулах боломжгүй нь улам бүр тодрон гарч байна. Улс орнуудын хөгжлийн цар хүрээ,
хурд нэмэгдэх тутам Шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг, ач холбогдол түүнээс ч илүү
хурдтай өссөөр байна. Зөвхөн манай улсын тухайд л гэхэд бид уур амьсгалын их өөрчлөлт
урт удаан үргэлжлэхээр байгаа энэ эринд уламжлалт мал аж ахуйгаа урт хугацаанд тогтвортой
хөгжүүлье гэвэл 20 дугаар зууныхаа аж ахуй эрхлэх арга барилаасаа татгалзахаас өөр
замгүй. Өөр арга барилаа бүтээхэд чинь шинжлэх ухаанаас өөр бодитой туслагч олдохгүй
гэсэн үг.
Тийм ч учраас манай
Засгийн газраас олон талт бодлого гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн нэг нь
Шинэ сэргэлтийн бодлого агаад үүний дараагийнх нь Шинжлэх ухаан, технологийн шинэ
сэргэлтийн бодлого байна гэдгийг зарлалаа. Өнөөдөр Говь-Алтай аймагт эхэлж байгаа
“Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аян бол тэдгээр олон
арга хэмжээний нэг юм. Энэхүү аян нь нэг талаас, Шинжлэх ухааны ажилтны анхдугаар
их хурал дээр зарласан төрөөс шинжлэх ухаан, технологийн салбарт хандаж буй хандлагын
эрс өөрчлөлтийн бодит илэрхийлэл мөн. Нөгөө талаас “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн
бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд
шинжлэх ухаан, технологи, инновац шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг хаана хаанаа сайтар
ойлгож, бүх талаар хамтран ажиллах боломжоо эрэлхийлж, мэдлэг мэдээлэл, арга туршлагаа
солилцож байгаа томоохон бүтээлч ажил юм” хэмээн онцоллоо.
Шинжлэх ухааны
өдөрлөгийн хүрээнд “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө”
эрдэм шинжилгээний бага хурал, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Миний кодын
эхлэл” Хакатон боллоо.
Мөн Говь-Алтай
аймгийн 16-34 насны залуучуудын дунд Старт ап менторшип хөтөлбөрийг цахимаар
явуулна. Бүртгүүлсэн залуучуудаас эхний өдрийн сургалт, хэлэлцүүлэгт оролцох 50
залууг сонгон ерөнхий сэдвүүдээр мэдээлэл өгч, гарааны бизнесийн шинэ санааг
хэлэлцүүлэв.
“Уур амьсгалын
өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдлыг бууруулахад орон нутгийн иргэд, захиргааны
байгууллагуудыг шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах аргазүйд
сурган чадавхжуулах төслийн нээлт мөн энэ үеэр боллоо.