Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
 “Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, “Өндөр гэгээн” монгол соёлын төв, Гандантэгчилэн хийд Эрдэм соёлын хүрээлэн хамтран Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын “Сарьдагийн хийд” байгуулагдсаны 360 жилийн ойд зориулсан “Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн сарьдаг ууланд буй “Сарьдагийн хийд” хэмээн нэрлэгдсэн хийдийн туурийг эрдэмтэн судлаачид Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар 1654 оноос бариулж эхлэн, 1680 онд дуусгасан “Төгс баясгалант номын Их хүрээ” хийд мөн хэмээн үздэг.

Сарьдагийн хийдийн туурийг анх 1915-1916 онд П.А.Виттегээр ахлуулсан Оросын шинжилгээний анги шинжин үзсэн бөгөөд 1923 онд Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгээс судлаачид томилон явуулж байв. 1995 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Төв аймгийн Орон нутаг судлах музейн хамтарсан шинжилгээний анги археологийн дэвсгэр зураг үйлдэж, зарим газар сорилтын малтлага хийсэн байдаг. 2013 оны 10 сард ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн судлаачид “XVII зууны Монголын хот, суурин” төслийн хүрээнд хийдийн туурийг судлан шинэчилэн үйлдэж, сурвалжийн болон аман түүхийн мэдээ баримтыг цуглуулж судалгааг гүнзгийрүүлэхээр ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Гандантэгчилэн хийд Эрдэм соёлын хүрээлэн, “Өндөр гэгээн” монгол соёлын төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол улсын их сургууль, Богд хааны ордон музей, Жавзандамба төв зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд “Өндөр гэгээн Занабазарын түвэд намтар”, “Өндөр гэгээний намтрын хувилбаруудын онцлог”, “Өндөр гэгээнд өргөсөн зандан модон гэр”, “Сарьдагийн хийдэд явуулсан археологийн тандалд малтлагын үр дүн”, “Будапешт дахь Монгол судлалын төвийн тухай”, “Өндөр гэгээний номын үйлс”, “Соёмбо тэмдгийн гүн ухааны утга”, “Өндөр гэгээний дөрвөлжин бичгийн тухай”, “Өндөр хэмээх алдрын тухайд”, “Өндөр гэгээн Занабазарын хурлын уншлага, зан үйлд оруулсан хувь нэмэр”, “Өндөр гэгээний урд дүрүүд” зэрэг судалгаа шинжилгээний сүүлийн үеийн үр дүнг тусгасан сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв.

Энэхүү эрдэм шинэжилгээний хурал нь Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын Монголын улс төр, нийгэм, шашин, соёлын түүхэнд оруулсан хувь нэмэр, түүний санаачлан байгуулсан “Сарьдагийн хийд”-ийн түүхийг түүх бичлэгийн шинэ хандлагаар улам гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой хурал болсон юм. 



Бусад мэдээлэл