Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ТОГТОЛЦООНЫ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” 3 боть бүтээлийн нээлт боллоо
“АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ТОГТОЛЦООНЫ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” 3 боть бүтээлийн нээлт боллоо

Өнөөдөр “Үндэсний номын баяр”-ын өдөр тохиож байна. Тус өдрийг угтаж ШУА-иас “АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ТОГТОЛЦООНЫ НЭВТЭРХИЙ ТОЛЬ” 3 боть бүтээлээ хэвлүүлж уншигч түмэндээ бэлэг барьж байна.

“Амьдралыг тэтгэгч тогтолцооны нэвтэрхий толь” нь”Байгаль, нийгмийн орчин үеийн төлөв байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, цаашдын чиг хандлага, болзошгүй өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны олон сурвалжит мэдлэг, туршлага, таамналыг агуулсан цогц бүтээл юм.

Өнөөдөр нээлтээ хийж буй тус бүтээлийг 2013 онд НҮБ-ын ЮНЕСКО болон Англи улсын Иолсс хэвлэлийн компанийн зөвшөөрлөөр англи, орос хэлнээс орчуулан хэвлэх эрхийн дагуу монгол хэлнээ хөрвүүлэх ажил эхэлжээ.

 1995-2002 Дэлхийн 100 гаруй орны 600 гаруй эрдэмтэн судлаачдын 7 жилийн хөдөлмөрийн үр шимээр бүтээсэн уг бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэх ажилд академичид, эрдэмтэн судлаачид, орчуулагчид, эмхэтгэгчид нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 10-аад жил  зарцуулжээ. Тодруулбал, 2016 онд  I боть, 2017  онд  II боть, 2021 III ботийг орчуулж, редакторлож дуусгасан байна.

 I боть нь 5 бүлэг, 48 зүйлээс бүрджээ. Тус бүтээлд газар ба агаар мандал, математик, биологи ба анагаах, нийгэм судлал ба хүмүүнлэг, физик ба техник гэсэн шинжлэх ухааны үндсэн салбар, тэдгээрийн судалгааны чиглэлүүдийн хүрээнд буй болсон нээлт, туршилтууд, орчин үеийн ойлголт, тулгамдсан асуудлыг багтаажээ.

II боть нь бүлэг, 55 зүйлээс бүрдэж байна.  Химийн шинжлэх ухаан, ус ба усны инженер, эрчим хүч ба эрчим хүчний инженерийн тухай ухаан, хүрээлэн орчин, экологийн шинжлэх ухаан, нөөц баялагтай холбоотой үндсэн асуудлыг багтаасан Шинжлэх ухааны янз бүрийн салбарууд хоорондын холбоог илрүүлэх, тэдгээрийн харилцан хамаарлыг тогтоох, амьдралыг тэтгэх системүүдийн орчин үеийн асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай салбар дамнасан шинжлэх ухааныг хөгжүүлэх, нийгэмд ойлгуулахад чухал үүрэгтэй бүтээл юм

III боть нь 7 бүлэг, 52 зүйлтэй.Тогтвортой хөгжлийн техникийн ба хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн нөөц, хүн, байгаль, эдийн засаг, институтийн болон дэд бүтцийн нөөц, технологи, мэдээлэл, удирдлагын тогтолцооны нөөцийн хүрээний бодлого, зохицуулалтын асуудлыг тоймлосон. Өнөөгийн хөгжил дэвшлийн түвшний тухай төсөөлөл өгч, амьдралыг тэтгэгч тогтолцооны бүхий л хүрээнд, түүний дотор хүн төрөлхтний оршин тогтнолын тухай шинжээчдийн санаа бодол, судалгаатай танилцуулж буй ХХI зууны мэдлэгийн суурь гэж үзэж болно.

“Тогтвортой хөгжлийн тухай мэдлэг” цогц бүтээлийг монгол хэлэнд орчуулах ажилд ШУА-ийн хүрээлэн, судалгааны төвүүдийн төлөөлөл, шинжлэх ухааны холбогдох салбар, чиглэлийн тэргүүлэх эрдэмтэд, судлаачид оролцож, асуудлыг судалж, хянан шинжилж, орчин цагийн монгол хэлний, түүний дотор эрдэм шинжилгээний зохиолын найруулга зүйн зарчимд нийцүүлэн, орчуулгын бүтээжээ. 

“Амьдралыг тэтгэгч тогтолцооны нэвтэрхий толь” бүтээлийн нээлтийн үеэр тус номонд ажилласан орчуулагч, редактор эрдэмтэн судлаачдад номыг дээжийг гардуулж өглөө.

Энэ үеэр  ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “ЮНЕСКО-гийн 141 боть тайлбар толиос хамгийн түгээмэл ач холбогдолтой гэсэн хэсгийг түүж аваад “Амьдралыг тэтгэх тогтолцооны нэвтэрхий толь” гэж энэ 3 ботийг  ЮНЕСКО-оос гаргасан байдаг. Энэ 3 боть яагаад чухал вэ? гэхээр  хүн төрөлхтний XX зуунд бий болсон мэдлэгүүд дотроос урт хугацаанд хуучрахгүй гэсэн  тэр хэсгийг түүж аваад энэ бүтээлийг гаргасан. Энэ 3 ботийн агуулгыг аваад үзэхээр зөвхөн биологи биш нийгэм эдийн засгийн суурь мэдлэгүүд бүгд орсон байгаа. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хүртэл орсон байдаг. Нөгөө талаас суурь шинжлэх ухааны мэдлэг ч  асар их орсон. Математик, физик, химийн  суурь онолууд бүгд орчихсон. Тэгэхээр амьдралыг тэтгэх тогтолцоо гэдэг чинь нэлэнхүйд нь аваад үзвэл хүн төрөлхтний бий болгосон нийт суурь мэдлэг маань нийлж байж манай гариг дээр амьдралыг тэтгэж авч явах юм байна гэсэн үзэл санаагаар гарсан ном юм байна гэж  би ойлгож байна” хэмээн номын талаар товч тайлбарлав.    


Бусад мэдээлэл