Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ-ХЯТАД ХОЁР УЛСЫН СҮҮЛИЙН 65 ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТҮҮХИЙН ГОЛ ҮЙЛ ЯВДЛЫГ ДЭЛГЭН ҮЗҮҮЛСЭН БҮТЭЭЛИЙГ МАРГААШ ТАНИЛЦУУЛАВ
МОНГОЛ-ХЯТАД ХОЁР УЛСЫН СҮҮЛИЙН 65 ЖИЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТҮҮХИЙН ГОЛ ҮЙЛ ЯВДЛЫГ ДЭЛГЭН ҮЗҮҮЛСЭН БҮТЭЭЛИЙГ МАРГААШ ТАНИЛЦУУЛАВ

Монгол-Хятад 2 улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “МОНГОЛ-ХЯТАД ХОЁР УЛСЫН ТҮҮХЭН ХАРИЛЦААНЫ ОН ДАРААЛСАН ЛАВЛАХ” (1949-2014) бүтээлийг танилцуулах үйл ажиллагаа 12 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт болов.

 Бүтээл танилцуулах ёслолд Монгол улсын ШУА, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн төлөөлөл болон холбогдох эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж оролцов.

Монгол-Хятад хоёр улсын ард түмэн нь олон мянганыг элээсэн эртний хөршүүд бөгөөд түүхийн туршид тэд улс төр, эдийн засаг, соёлын талаар өргөн харилцаатай явж ирсэн билээ. Манай хоёр улсын туулсан түүхэн замнал ч зарим талаар бас адил төстэй юм. БНМАУ, БНХАУ хоёул социалист байгуулалтын замаар замнаж, ЗХУ-ын тэргүүлсэн социалист нөхөрлөлийн улсуудын эгнээнд багтан, өөр өөрийн тодорхой байр суурийг эзэлж, харилцан хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг үүсгэлцэж явсаныг түүх мэднэ.

Монгол-Хятадын соёл, боловсролын хамтын ажиллагаа нь худалдаа, эдийн засгийн харилцаагаа бодвол төдий л өргөн далайцтай бус явж ирсэнийг хоёр улс сүүлийн үед анхаарч, хоёр улсын харилцааг бүх шатанд өрөгжүүлэн хөгжүүлэх тухайд шат дараалсан дорвитой арга хэмжээ авч байна. Ийнхүү 2009 онд Монгол-Хятадын найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн төлөөлөгчид БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академид айлчилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ. Энэхүү гэрээнд тус хоёр улс шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах тухай олон заалт орсны нэг нь “Монгол-Хятадын харилцааны он дараалсан лавлах” хэмээх эл бүтээлийг боловсруулж хэвлүүлэх ажил байсан юм.

Монгол-Хятад хоёр улсын хооронд 1949-2014 онд явагдсан найрамдал, хамтын ажиллагааны гол гол үйл явдлуудыг он дарааллын дагуу тусгасан эл бичиг нь манай хоёр улсын харилцааны түүхийн анхны лавлах болж байна. Уг лавлахыг боловсруулсан судлаачид хоёр улсын 65 жилийн харилцааны үйл явдлыг тухайн үеийн сонин, сэтгүүл, гадаад харилцааны бичгүүд, архивын баримтуудыг он дараалан шүүрдэн үзэж, тэдгээрээс гол гол үйл явдлуудыг түүвэрлэн авч, улмаар он цагийн дараалалд оруулан байрлуулах аргаар энэхүү лавлах бичгийг бүтээв.

Тухайн үеийн бичиг баримт, сонин хэвлэлд зарим хүний овог нэрийг зөрүү бичсэн, эцгийн нэрний эхний үсгийг орхисон зэрэг зүйлс тааралдаж байв. Энэхүү лавлах нь Монгол-Хятад хоёр улсын сүүлийн 65 жилийн хамтын ажиллагааны түүхийн гол гол үйл явдлыг дэлгэн үзүүлэх, манай хоёр орны харилцааг судлаачид, сонирхогчдод мэдээ материалыг хүргэж, тэдний ажилд дөхөм үзүүлэхийг зорьсон билээ. Мөн цаашид хоёр улсын харилцааны түүхийн бүрэн лавлах хийх, харилцааны түүхийг туурвин бичих үйлсийн эхлэл болуужин хэмээн эл лавлах бичгийг боловсруулан нийтэлж байна. Эл зорилго маань бага атугай ч гүйцэлдвээс бидний хүсэл биелж буй нь тэр болой.


 



Бусад мэдээлэл
Эмгэнэл
10 өдрийн өмнө