Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.ШҮРХҮҮ: УРЬД НЬ БИД БАЙГАЛЬ ТҮҮХИЙН ШАЛГАРЛААР ХҮЧИРХЭГ ЯВСАН, ОДОО БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫГ ТҮШИГЛЭХ ГАНЦХАН СОНГОЛТ БИЙ
Д.ШҮРХҮҮ: УРЬД НЬ БИД БАЙГАЛЬ ТҮҮХИЙН ШАЛГАРЛААР ХҮЧИРХЭГ ЯВСАН, ОДОО БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫГ ТҮШИГЛЭХ ГАНЦХАН СОНГОЛТ БИЙ

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Шүрхүүтэй ковидын үеийн Монгол, Хятадын харилцаа болон эх орны хөгжилд эрдэмтдийн гүйцэтгэх үүргийн талаар ярилцлаа.


-Ковид Монгол, Хятадын харилцаанд хэрхэн нөлөөлснийг эхлээд сонирхъё. Манайхан “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гээд, урд хөршийнхөн болохоор “Дусал ус мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээн Күнзээс иш татсан шүү дээ. Энэ философи амьдрал дээр хэрэгжиж байгаа юу?

-Үнэхээр хүнд хэцүү цаг үеийг хөршүүд хамтдаа харилцан бие биеэ дэмжих байдлаар даван туулж байна. Гэхдээ Ковид-19 олон улсын харилцаа, дэлхийн улс төр, эдийн засагт том өөрчлөлт, сорилтыг авчирлаа. Ялангуяа хил дамнасан худалдаа, ханган нийлүүлэлт, аюулгүй байдлын тухай  ойлголтыг ч шинээр   харахад хүргэлээ.  Монголын хувьд цар тахлын улмаас  нүүрс, зэс, төмөр, алт гэх мэт  экспортын гол гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт удаан хугацаагаар зогссон  бол улс даяар маш хүнд байдалд  орох байлаа. Манай экспортын гол зах зээл Хятад  улс цар тахлын тархалтыг богино хугацаанд  хяналтандаа оруулж, хил дамнасан худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг таслахгүйн төлөө ихэд анхаарсан нь манайд эерэгээр нөлөөллөө. Дээр нь хоёр талын харилцаа сайн хөршийн харилцан туслалцах зарчмаар өрнөсөн нь бид цар тахлын хүнд үеийг  хохирол багатай даван туулахад их тус дөхөм болов. 2020 онд  Монгол Улсын  экспорт бараг  2019 оны түвшинд 7.6 тэрбум ам.доллар, түүний 72.5 хувь буюу 5.5 тэрбум нь Хятад руу гарчээ. Өмнөд хөрш рүү гаргадаг нүүрсний экспортын тоо хэмжээ буурсан ч үнэ өссөн,  бусад улс руу гаргасан алтны экспортын  хэмжээ болон үнийн дүн огцом нэмэгдсэнээр манай экспорт ердөө 46.0 саяар буурсан.  Монголоор дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2300 хүрсэн нь өмнөх оноосоо 800-аар илүү байна. Өнгөрсөн онд бид төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулж, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт гэсэн төмөр замын гурван боомт шинээр нээх  бодит боломж  бүрдлээ. Харин Хятадтай  улс төр, геополитикийн талаар сөргөлдсөн  Австралийн  нүүрсний экспортыг  өмнөд хөрш зогсоосон нь  нүүрсний үнэ өсч, эрэлт нэмэгдэх таатай  нөхцөл бүрдэхийн зэрэгцээ  хэрэв хятадуудын эрх ашгийг хөндсөн  аливаа  сөрөг хандлагад хэрхэн хариу өгөхөө сануулсан дохиог бусад орнуудад өгч байна.  Энэ бүгдээс харвал маш эмзэг, сорилт бэрхшээл, боломж бололцоо сүлжилдсэн өвөрмөц нөхцөлд хоёр талын хүчин чармайлтын дүнд харилцаа өрнөх нь тодорхой байна.

 

-Манайхан  30 мянган хонь бэлэглэсэн, хятадууд  300 мянган тун вакцин хандивлаад байгаа.  Манай иргэдийн хувьд  зарим нь вакцины чанарт эргэлзэж байна.  Харин нөгөө хэсэг нь  вирусыг анх тодорхойлсон улс   учраас  илүү сайн судалсан гэж  дүгнэж байх шиг. Таны хувьд ямар вакцин сонгох вэ?

- Монголчууд “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гэдэг. Эхлээд ковид хаанаас, хэзээ,  хэрхэн тархсан тухай шуугисан, одоо вакцины талаар  мэтгэлцээд эхэллээ. Би хувьдаа Монгол Улс  нэгэнт өөрсдөө  вакцин үйлдвэрлээгүй болохоор  бусад орны  баталгаажсан вакцинуудыг  найдвартай эх сурвалжаас хандив, тусламж, худалдан авах  бүхий л сувгаар  шуурхай олж авах нь чухал. Энд нэг зүйл онцлон дурдахад  аль вакцин чанартай, сайн гэдгийг  интернэт, хэвлэлийн мэдээгээр дам сувгаар тогтоох, улмаар энэ нь илүү гэх мэтээр маргах нь бүр утгагүй. Харин  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дотоод гадаадын мэргэжлийн байгууллага, эрдэмтдийн үнэлгээ, судалгаа, байр суурийг сонсох, дагах нь зөв. Вакцинжуулалт эрт эхэлсэн орнуудын үр дүнг судлах, мэдээлэх нь өөр хэрэг. Вакцин бол шинжлэх ухаан, судалгаа туршилтын үр дүн  болохоор гарсан вакцинууд ашигласан арга, технологи, давуу  сөрөг талууд гэх мэт олон байдлаар ялгаатай. Цаашид ч олон вакцин гарах бөгөөд  монголын эрдэмтдэд боломжийг өгвөл хийж чадна хэмээн мэдэгдээд байна. Миний хувьд  тухайн үед  сонголт байвал өөрт олж авсан мэдээлэл, зөвлөмжийг харгалзан үзээд сонгох болов уу. Сонголт байхгүй бол  найдвартай  эх сурвалжаас оруулж ирсэн, зохих байгууллага шалгаад зөвшөөрсөн ямар  ч вакцинаар тариулахад бэлэн. Хятадад хуурамч вакцин хийсэн гэмт хэргийн тухай мэдээ цацагдсан, ашиг олох гэсэн увайгүй этгээдүүд хямд, хуурамч вакцин оруулж ирвэл жинхэнэ аюул. Вакцин өмсөх зүүх эд биш, гол нь дархлаа  шүүдээ.   

 

-Монголчууд маш эртнээс  урд хөрштэйгээ ухаалаг яриа хэлэлцээ хийж ирсэн. Их гүрний нөлөөгөө ахиулах бодлогын эсрэг жижиг Монгол ямар бодлого баримтлах учиртай вэ?

            -Цөөхөн монголчууд хоёр аварга гүрний шахалт базалтыг тэсвэрлэн, туурга тусгаар төр улсаа хадгалсаар ирсэнийг дэлхий гайхдаг, сонирхон судалдаг. Үүнд нэг айхтар далд нууц, гоц авьяас чадавхи гэж байхгүй, гагцхүү олон мянган жилийн аж төрөх ухаан туршлага,  байгаль цаг уур, газарзүйн  өвөрмөц нөхцөл, оршихуйн төлөө  хатуу сорилт тэмцэл  монголчуудын  бие махбодь, оюун ухааныг  эрүүл чийрэг хүчирхэг болгосон. Гэхдээ  цаг цагаараа байдаггүй тул  шинжлэх ухаан технологийн хөгжил түргэсэн хүн төрөлхтөн  мэдээллийн, сансрын, хиймэл оюун ухааны зуунд шилжиж байхад  бид байгаль, цаг уур,  эрдэс баялаг,  авьяас билиг яриад сууж болохгүй.  Олон сая  иргэдийнхээ өмсөх, идэх  хэрэгцээг яаж хангах тухай  бодож байсан өмнөд хөрш  дэлхийг хангах,  технологи-инновациар  манлайлах, сансарт ноёрхох тухай том дуугарч эхэллээ. Хүчирхэг супер их гүрэн өндийж ирэх үед эрх ашгаа эн тэргүүнд тавих, хамгаалах нь тодорхой. Юуны өмнө Хятадын амин чухал эрх ашиг,   Монгол дахь ашиг сонирхол юу вэ гэдгийг сайтар судлах, ойлгож мэдэхээс бидний аюулгүй байдал, хувь заяа  хамаарна. Израиль, Сингапур, Тайваний  хөгжлийн  туршлага байна. Урьд өмнө бид байгаль түүхийн шалгарлаар эрүүл хүчирхэг явсан, одоо бидэнд  боловсрол, шинжлэх ухааныг түшиглэн дархлаа, потенциалтай болох ганцхан сонголт байна. Хоёр талд хосгүй том зах зээл, хөрсөн дор  асар их эрдэс баялаг, эх оронд маань уудам нутаг,  хүн амын 50-60 хувийг эзлэх  өсвөр залуу үе байна. Харин Хятадын зах зээл, зээл тусламжинд хөтлөгдөн,  эрдэс баялгаа хямдхан зарж, цөөн хэсэг нь баяжаад эцэс сүүлд нь сүйдсэн байгаль, эвдрэлцсэн олон түмэн, өрөнд баригдсан  эдийн  засагтай үлдвэл хүссэн хүсээгүй их гүрнүүдийн нөлөө дарамт нэмэгдэж л таарна. Хэрхэн яаж зөв голдрилоор хөгжих вэ хэмээн асууж магадгүй. Салбар, чиглэл бүрээр ярихад их цаг орно. Зөвхөн төмөр зам, Эрдэнэс тавантолгойн хоёр жишээг дурдая. Бид төмөр замаа өөрсдөө хямд зардлаар барьж,  стратегийн том ордоо үндэсний компани үр ашигтай  ажиллуулж  болдгийг богино хугацаанд олж мэдлээ.

-Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын талаар багагүй ярьж байна.  “Монголын коридор, хилийн боомтууд олон улсын шинжтэй болбол Орос, Хятад дураар хааж  болохгүй” гэж та бас нэг удаа хэлсэн. Манайхан оросууд крантаа хаах вий, хятадууд хилээ хаачих вий гэж болгоомжилдог шүү дээ?

        -Шаардлагатай бол оросууд ч бензин, цахилгааны крантаа, хятадууд ч хилээ хаана. Янз бүрийн шалтгаар ийм алхамууд гарч  байсан цаг саяхан, бүгд мэддэг. Хорио цээр,   зах зээлээрээ боомилох, залхаах нь олон улсын харилцаанд  дарамт шахалт үзүүлэх хүчтэй хэрэгсэл хэвээр. Ийм байдалд орохгүйн тулд Монгол Улс ойрын хугацаанд өөрөөсөө шалтгаалах бүх нөөц боломжийг дайчлан дотоодын зам тээвэр, ус,  эрчим хүчний дэд бүтцийн сүлжээгээ  яаралтай  байгуулах шаардлагатай. Төмөр зам, авто зам, эрчим хүчний улс дамнасан сүлжээ нутаг дээгүүрээ дайран өнгөрөх төлөвлөлт, тооцооллыг  сайтар хийсний үр дүнд, дэс дараатай тууштай хэрэгжүүлэх, үүний тулд  хоёр хөрштэйгээ ямар чиглэлээр  хамтрах,   хаана, хэзээ, ямар хэмжээний  зээл авах,  гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн ашиглах,  гуравдагч  талуудын оролцоог хэрхэн хангах талаар  нягт уялдуулсан бодлого  явуулах хэрэгтэй. Ерөнхийдөө  Монгол Улс яг энэ чиглэлээр ахиц дэвшилд  хүрч байна. Гагцхүү  явц удаан, уялдаа холбоо бага, төслүүд буцах, саатах нь их байна.  Трансмонголын  төмөр зам, авто замын магистраль шугам, хойд урд хилийн боомтуудын  хүчин чадлын дутагдлаас  транзит тээвэр, экспортын багагүй боломжоо алдсаар байна. Хэрэв босоо, хэвтээ коридорууд, хилийн боомтууд, тээвэр логистикийн төвүүдийг өргөтгөн шинэчилбэл  хоёр талын харилцаанд төдийгүй Монголын хөгжилд дорвитой  өөрчлөлт гарна. Бид энэ  бүтээн байгуулалтаа  хийж дуусаагүй байхад хил дээрх элдэв саатал нь хоёр хөршийн тогтоон барих бодлого уу,  үнэхээр техникийн  саад бэрхшээл үү гэдгийг ялгах салгахад хүндрэлтэй,  эсрэг талаас шалтаг  хэлэхэд хялбар.       

-Олон улсын байгууллага, гадныхан монголчууд ядуурлаас гарахын тулд боловсрол, шинжлэх ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг юм билээ. Боловсролтой монгол хүн улс орноо хөгжүүлэх, гарц санал болгож чадна гэдэг. Ингэхэд Монголд боловсрол, шинжлэх ухаан хэр хөгжиж байна гэж та үзэж байна вэ?

-Юуны өмнө шинжлэх ухааныг зөв ойлгох хэрэгтэй. Шинжлэх ухаан бол  танин мэдэхүйгээс  бүтээл нээлт хийх хүртэл тасралтгүй явдаг мэдлэгийн үйлдвэрлэл. Гол үр дүн, баялаг бол ном бүтээл, патент, технологи биш хүн, эрдэмтэд, профессорууд өөрсдөө юм. Манай боловсрол, шинжлэх ухааны хямрал хоцрогдлын гол шалтгаан тийм тэргүүлэх эрдэмтэд төрөн гарах нөхцөл бололцоо хумигдсан, эрдэмтдийн залгамж үе тасалдсан, судлаачдын тоо цөөрсөн явдал. Тамирчин болгон олимпийн аварга болдоггүйтэй адил судлаач болгон Нобелийн шагналтан  болдоггүй. Гэхдээ эрдэмтэн судлаачид олон байвал сайн эрдэмтэн төрөх магадлал өндөр. Манай  бодлогын гол алдаа оюуны хөдөлмөрийг зөв шударга үнэлэх тогтолцоог бүрдүүлж чадаагүй. Тэр чиглэлээр ахиц дэвшил байтугай ухралтанд орчхоод байна.

Боловсрол, шинжлэх ухаан хүйн холбоотой. Боловсрол хөгжвөл сайн эрдэмтэд төрөх суурь болдог бол шинжлэх ухааны хөгжил  боловсролыг өөд татна. Гэтэл нэг юмны хоёр талыг хариуцсан ШУА, их сургуулиуд олон жил төсвийн багахан мөнгөө булаалдсан өнгө аястай.  Хэн нь шинжлэх ухааныг түүчээлэх тал дээр  маргасаар, улс төрчид түүнийг өдөөсөөр, бүр сүүлдээ бие биенээ үгүйсгэх, нийгмийг талцуулах, эрдмийн ажлын нэр хүндийг унагахад хүргэж байна.  Энэ зөрчил маргааны хамгийн ноцтой уршиг нь шинжлэх ухаан, дээд боловсролын шинэчлэлийг гацаасанд оршино. Зарим Ерөнхий сайд, салбарын сайдууд ШУА-ийн олон хүрээлэнг цомхотгож,  нэгтгэж чадсанаар шинжлэх ухааны салбарт том реформ хийлээ гэж сүртэй мэдэгдэж байсан боловч салбар маань сэхэх биш уруудсаар байна. 

Өөр нэг ташаа ойлголт бол судалгааны үр дүн харагдахгүй байна,  эрдэмтэд юу бүтээснээ олон нийтэд ойлгуулж чаддаггүй гэдэг асуудал. Яг үнэндээ  бид өдөр тутам шинжлэх ухаан, судалгааны үр дүнг хүртээд хэрэглээд явдаг.

-Таны бодлоор яавал эрдэмтдийнхээ хөдөлмөрийг сайн үнэлдэг болох вэ. Хамгийн сүүлд гэхэд “ШУА их бага чуулганаараа дамжуулаад төсөл тараадаг”, "180 тэрбумаар 5000 төсөл хэрэгжүүлсэн боловч нэг нь ч практикт нэвтрээгүй" гэж сайд Л.Энх-Амгалан хэлсэнд зарим эрдэмтэд эмзэглэж уучлал гуйхыг шаардсан байна лээ. ШУА-ийн тогоон дотор явдаг, эрдэмтэн хүний хувьд та энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шинжлэх ухааныг хөгжүүлэх хөшүүрэг нь санхүүжүүлэлтийн зөв тогтолцоо, эрдэмтдийн оюуны хөдөлмөрийг шударга үнэлэх явдал. Салбарынхаа алдаа дутагдлын зэрэгцээ ололт амжилт, давуу тал, онцлогийг мэдэхгүй сайд олон мянган хүний хөдөлмөр бүтээлийг үгүйсгэж, урмыг нь хугална шүү.  Аливаа сайд дарга нар, салбарынхаа хүмүүсийг маш сайн судалж, ойлгосны дараа үнэлж дүгнэх ёстой. Л. Энх-Амгалан сайд, түүний багийнхан иймэрхүү л алдаа гаргачих шиг боллоо. Хамгийн гол нь өөрчлөх, шинэчлэх, хөгжүүлэх. Шинжлэх ухаан, боловсролын салбарт маш олон сайд солигдож,  дорвитой  бодлого хэрэгжсэнгүй, гол нь шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэргэн бодлого боловсруулж хэрэгжүүлж чадахгүй байна. Сайд, дарга нар 2-3 жил ажиллачхаад  баахан туршилт, гадны загвар зөвлөгөө хэрэгжүүлэх гэж бантан хутгачхаад яваад өгдөг.

Миний хувийн бодлоор  эрдэм шинжилгээ, туршилт, инновацийн ажлуудыг олон эх үүсвэрээс санхүүжүүлэх  улс төр-эрх зүйн орчныг  бүрдүүлэхээс шинжлэх ухааны салбарын шинэчлэл эхлэх ёстой. Монгол Улсын төсөв сүүлийн 20 жилд огцом нэмэгдсэн боловч бусад орнуудтай харьцуулахад  цомхон, жижиг хэвээр байгаа тул  шаардлагатай түвшинд шинжлэх ухаанд хөрөнгө  оруулалтыг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна. Бидний сайн мэдэх ухаалаг гар утас,  шингэн дэлгэцийг АНУ, БНСУ-ын том компаниуд олон жил судалсаны үр дүнд нэвтрүүлсэн. Ингэхдээ орон орны шилдэг эрдэмтдийг өндөр цалин хангамжтайгаар урьж ажиллуулсан шүү дээ.  Гэтэл  манайд төсвөөс өчүүхэн мөнгө гаргаад цөөн  хүрээлэн, их сургуулиудын дунд  уралцуулан өгдөг. Тэд нар  шинжлэх ухааныг  судалгааны их сургуулиуд авч явдаг. Эсвэл суурь судалгааг хийдэг академи хэлбэрийн хүрээлэн лабораторууд шинжлэх ухааны цөм гээд маргаад  суугаад байдаг.   Ямар нэртэй,  ямар хэлбэртэй байхаас илүү  олон эх үүсвэрээс хангалттай  санхүүжилт авах нөхцөл бололцоог бүрдүүлэх нь  чухал. Тэгэхлээр ШУА зөвхөн ОХУ, БНХАУ-д байдаг хоцрогдсон  бүтэц гэж  маргах нь утгагүй. Төр засгаас бодлогоор  суурь судалгааг, Монголын үндэсний аюулгүй байдал, дархлааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй нийгэм, хүмүүнлэгийн салбарыг  санхүүжүүлэх нэг л бүтэц, зохион байгуулалт. Харин  хөрөнгө хүрэлцэхгүй, үр ашиг муу гэх  үндэслэл муутай шалтгаанаар нэгэнт олон жил ажиллаж,  институцийн хувьд бэхэжсэн сайн бүтцийг устгах нь  шинжлэх ухаанд маш ноцтой уршигтай. Дээр дурдсан  эрдэмтэд, дадлага туршлага,   мэдлэг чадавхи  энэ мэт цомхотгол, өөрчлөлтөөр устдаг. Зүй нь олон хүрээлэн, лаборториуд, эрдэмтдийн багууд  их сургууль,  ШУА, компаниудын дэргэд  ажиллаж, тэднийг аль болох олон эх үүсвэрээс  санхүүжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, чөлөөтэй ажиллах, өрсөлдөх  боломж олговол  шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, тэргүүлэх эрдэмтэд олноор гарах болно.    

                                                                                                                                                Б.Янжмаа


Бусад мэдээлэл