Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ДОКТОР Б.ЗОЛЖАРГАЛ: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО СУДЛАЛД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛАХЫГ ХИЧЭЭЖ АЖИЛЛАДАГ
ДОКТОР Б.ЗОЛЖАРГАЛ: МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО СУДЛАЛД ӨӨРИЙН ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛАХЫГ ХИЧЭЭЖ АЖИЛЛАДАГ

Залуу судлаачдын мэдлэг, оюуныг  нийгэмд түгээх, тэндний улс орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулан сурталчлах  зорилгоор “Судлаач хэрхэн ажилладаг вэ” сэдвээр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн залуу судлаач нартай хамтран цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байна.     

Энэ удаа Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Золжаргалтай ярилцлаа. Тэрбээр Нэр томьёо судлал болон Монголын нууц товчоо, сурвалж судлал, хэрэглээний хэл шинжлэлээр судалгаа хийж байна.

            -Өөрийнхөө судалгааны ажлын сонин сайхнаас бидэнтэй хуваалцаач. Сүүлийн үеийн судалгааны ажлын талаар сонирхолтой баримт юу байна?

-Миний хувьд Монголын нууц товчоо судлалд өөрийн өчүүхэн хувь нэмрийг оруулахыг хичээж ажилладаг. Одоогоор бидэнд олдоод буй “Монголын нууц товчоо”-ны эх нь хятад ханз үсгээр монгол үгийг галиглан бичсэн “Монголын нууц товчоо” байгаа.  Тиймээс зарим эрдэмтэд “Монголын нууц товчоо” хятад ханз үсгээр бичигдсэн хэмээн үзэх нь бий. Гэхдээ ихэнх эрдэмтэд монгол бичгээр бичигдсэн гэдэгтэй санал нэг байдаг. Үүнийг батлахын тулд хожмын сурвалжуудаар баримт болгон Монголын нууц товчооны анхны эх хятад ханз үсгээр монгол үгийг тэмдэглэсэн бус, харин уйгуржин монгол бичгээр бичигдсэн гэх үзлийг дэвшүүлж, бичвэрт суурилан нотолгоогоор батлахыг хичээж, докторын зохиолоо ч энэ сэдвээр хамгаалж, улмаар энэ талаар хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн.

            -Монголын нууц товчооноос гадна Нэр томьёо судлал таны судалгааны ажилд зонхилдог. Нэр томьёо судлалын ач холбогдол нь юу байдаг вэ. Үр дүн мэдээж олон байгаа байх?   

-Ойрын жилүүдэд нэр томьёо судлалаар түлхүү ажиллаж байна. ШУА-ийн грант төслийн үр дүнд  “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үгс” номыг 2019 онд доктор О.Шинэбаярын хамт бичиж хэвлүүлсэн. Энэхүү номд улс орны мэдлэгийн хөгжлийн суурь нь ардын мэдлэг болохын хувьд түүний илэрхийлэл, мэргэжлийн үгийг судалж бичсэнээрээ онцлог болсон. “Хар авдарт алт бий, хазгар өвгөнд эрдэм бий” гэдгийн адилаар ардын гар урлал, сурвалж бичиг дэх мэргэжлийн үгийн жишээ баримтаар уламжлалт үгсийг баяжуулж, монголчуудын шинжлэх ухааны тусгай үг хэллэгийн арвин баялаг уламжлалтай тэрхүү үгсийг шинжлэх ухаан, техник технологи хөгжсөн өнөө үед ч олон нийтийн үг, хэлний хэрэглээнд хэрэглэж болох тухайд уриалснаараа энэ нь дэвшилттэй юм. Даяаршлыг тунхаглан зарласан өнөө үед монголчууд өөрийн гэсэн мэргэжлийн үгийн уламжлалтай, аль ч цаг үед түүнийгээ дээдлэн, эх хэлээ "мэдлэг шингэсэн хэл" хэмээн үзэхийн чухлыг тус бүтээлээр харуулахыг  мөн зорьсон.

2020 онд “Адилтгалын аргаар бүтсэн монгол нэр томьёо” номыг бичлээ.  Энэхүү бүтээл нь тухайн ард түмний сэтгэлгээний онцлогийг илтгэх Метафор буюу адилтгах аргаар нэр томьёо хэрхэн бүтэх зүй тогтол, агуулга, танин мэдэхүй, хэрэглээний учир холбогдлыг уламжлал, шинэчлэлийн хамааралд судлан байгаль, нийгэм, техник технологийн салбаруудын нэр томьёоны баялаг жишээгээр тайлбарлан таниулж, шинжлэн тодорхойлсон нь нэр томьёо, метафор /адилтгал/ сонирхон судлагч эрдэмтэн судлаачдын гарын авлага, эх хэрэглэгдэхүүн болсон гэж бодож байна. Үүнээс гадна нэр томьёо бүтэх зүй тогтлыг техник технологи, нийгэм, байгалийн ухааны нэр томьёоны сан дээр тулгуурлан гүйцэтгэхийг зорьсон. Мөн улс орны судлаачдын онолын ерөнхий томьёолол, туршлага, ахмад үеийнхний судалгааны уламжлалыг харгалзан олон салбарын нэр томьёоны санд тулгуурлан тус ажлыг бичсэн.

Эдгээрээс гадна шинжлэх ухааны салбарын түлхүүр нэр томьёо төсөлд болон Австритай хамтарсан “Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын хөгжил, инновацыг дэмжих нэр томьёо төлөвлөлтийн стратеги, дэд бүтэц” төсөлд тус тус ажиллаж байна.

-Эрдэм шинжилгээний ажил гэхээр их уйтгартай ажил гэж үзэх залуус бий. Шинжлэх ухааны хүрээлэнд ажилладаг судлаач хүний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Би ч мэргэжлээрээ бахархаж явдаг хүмүүсийн нэг. Би Хэрэглээний хэл шинжлэлийн салбарт ажилладаг. Манайх зөвхөн эрдэм шинжилгээний ажил хийдэггүй. Зарим үед албан байгууллага, хувь иргэдийн хүсэлтээр гадаад үгийн тайлбар хийх, шүүх цагдаагийн байгууллагад хэлний шинжээчээр ажиллах, архивын бичиг баримтыг кирилл үсэгт буулгах гэх зэрэг олон хариуцлагатай ажлыг хийж гүйцэтгэдэг. Ажлын өдөр мэдээж цагтаа ажилдаа ирээд ширээгээ арчихаас л эхэлдэг дээ. Тэгээд л үндсэн ажлаа хийж, хамтрагчидтайгаа санал бодлоо солилцох, эрдэм мэдлэгээ хуваалцах, ном унших, зарим үед лекц семинарт оролцох, хуралд илтгэл тавих, суух, их сургуульд цагийн багш хийх, хааяа телевиз, радиогийн нэвтрүүлэгт орж монгол хэл бичгээ түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт оролцох гээд өдөр өдөр өөр өөр өнгөрдөг.  Судлаач бүр өөр өөрийн хэв маягаар ажилладаг байх. Миний хувьд аль болох хүмүүсийн их хийсэн сэдвээр судалгаа хийхийг эрмэлздэггүй. Шинэ юу байж болох вэ, хийх хэрэгтэй сэдэв, орхигдсон юу байгааг л эрж, судлах хэрэгтэй гэж боддог. Эрдэм судлалын ажлын туршлага минь бага байж болох ч хүний хийснийг хийх биш, хийгээгүй юу байгааг л харахыг хүсдэг дээ.

-Ковид таны ажиллах орчин нөхцөл, ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байна?

-Дэлхий нийтээрээ ковидтой амьдарсаар жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэртээ онлайнаар ажиллах үе ч байна. Зарим үед гэртээ ажиллах илүү үр бүтээлтэй санагддаг хэдий ч ном, материал үзэхэд хүндрэлтэй санагддаг. Байхгүй ном зохиолыг олох, авч уншихад хүндрэлтэй. Ажил дээр бол номын сан бэлэн байна, хамт олноосоо авах гээд давуу талуудтай. Мөн мэдэхгүй зүйлээ асууж лавлах, санал бодлоо хуваалцах хэрэгцээг хангадаг нь давуу тал болно гэж бодож байна. 


Бусад мэдээлэл