Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“НҮҮДЭЛЧИД БА ХОТ СУУРИН” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
“НҮҮДЭЛЧИД БА ХОТ СУУРИН” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Нүүдэлчин Монголчууд соёл иргэншилдээ тохирсон өвөрмөц хот бий болгож байжээ. Үүнийг 1990 оноос бий болсон археологийн экспедицүүдийн судалгаа гэрчилдэг. Тухайлбал, судалгааны явцад Хүннүгийн үеийн хотууд, нийслэл Хархориноос эхлээд хамгийн сүүлд илрүүлсэн Хэнтийн нуруунд, хүний хөл хүрэмгүй хөвчийн тайгын гүнд босгосон Өндөр гэгээн Занабазарын Сарьдагийн хийд буюу Цагаан хот хүртэлх сонирхолтой хот суурины талаарх мэдээлэл ил болсон. Мөн судалгаагаар Хэрлэн голын савд байрлаж байсан Хүннүгийн үеийн хотууд зун, өвөл, намар, хаврын ордуудтай байгаа нь XIII зууны үед Орхон голын савд байрлаж байсан Шаазан хот, Дойтын балгас зэрэг хотын зохион байгуулалттай адил байжээ. Монголчууд 2000 жилийн тэртээ хот байгуулахдаа энэ системээр явж байсан байна. Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Гуа Дов суурин Модун шаньюгийн зуны ордон болохыг тогтоожээ.

Эдгээр хотуудыг цогцоор нь судлах, шинэ мэдээлэл, судалгааг нэгтгэх зорилгоор Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Нүүдэлчид ба хот суурин” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Сүүлийн үед хот суурины талаарх судалгааг зөвхөн малтах бус, геофизик, сансраас судлах болжээ. Мөн тухайн хотод оршин сууж буй иргэдийн дундаж наслалт, идэж, ууж байсан зүйл, амьдралын хэв маягийг тодорхой судлах болсон юм.  

Дээрх судалгаанд үндэслэн Монголын газар нутагт байгаа хот суурины талаарх каталоги гаргах, Монгол нутагт байгаа хот суурины нэгдсэн сан бий болгох аж.

Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ,  Герман, Польш, БНСУ зэрэг есөн орны 27 судлаач оролцож, судалгааныхаа сонирхолтой мэдээллээс хуваалцах юм. Эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 24, 25-нд болно.

Монгол орны нутагт эртний 500 гаруй, сүм хийдийн туурийг оруулбал 1000 гаруй хот суурин байдаг аж.



Бусад мэдээлэл