Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН СОЛОНГОСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
ГАЗАРЗҮЙ-ГЕОЭКОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН СОЛОНГОСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Солонгосын Байгаль орчны корпораци (Korea Environment Corporation)-ийн гүйцэтгэх захирал Ick Hoon Choi, Гадаад хамтын ажиллагааны газрын захирал Hyun Sik Yoon, менежер Byeong Yeon Chun болон Солонгосын Дэйжин их сургуулийн профессор Suk Hwan Jang нар 2017 оны 11 сарын 30-ны өдөр Монгол улсад хүрэлцэн ирж, ШУА-ын Газарзүй-Геэкологийн хүрээлэнтэй хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, хоёр байгууллага хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 

Солонгосын Байгаль орчны корпораци (Korea Environment Corporation) нь дэлхий нийтийн бүхий л байгаль орчны үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий Солонгосын Байгаль орчны яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг, 2500 эрдэмтэн, судлаач, инженер техникийн ажилтан бүхий засгийн газрын оролцоотой байгууллага юм. Байгаль орчныг сайжруулах, байгалийн нөөцийн дахин боловсруулалтыг дэмжих замаар экологид ээлтэй үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулах эрхэм зорилго агуулан уур амьсгал, агаар, ус, хөрс, хог хаягдал цэвэрлэх, нөөц баялгийг эргэлтэнд оруулах, хүрээлэн буй орчны эрүүл мэнд, байгаль орчны үйл ажиллагаатай холбоотой үндэсний ажлыг хариуцан ажилладаг.

Айлчлалын хүрээнд ШУА-ын Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох тэргүүтэй салбар, нэгжийн дарга нар Солонгосын Байгаль орчны корпорацитай хамтран ажиллах чиглэл, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, улмаар  1). Байгаль орчны менежмент ба төлөвлөлтийн хамтын ажиллагааны хүрээнд ундны усны цэвэршүүлэлт, бохир ус цэвэрлэх, саарал усны ашиглалт, агаар, хөрс, усны чанарын хяналтын систем суурилуулах, хог хаягдлын менежмент, зайлуулалт; 2). Нийгэм, эдийн загсийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд жижиг суурин газарт ухаалаг ферм (water-energy-food nexus)-ийн загвар байгуулах, Ногоон байгууламж, Хүрээлэн буй орчны нөлөөллийн үнэлгээ; 3). Чадавхийг бэхжүүлэх, нөхцлийг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд Хүрээлэн буй орчны шинж чанар ба бохирдлын шинжилгээний хамтарсан лабораториуд байгуулах, Мэдлэг, туршлага солилцох солилцооны хөтөлбөрүүд бий болгох, Тодорхой чиглэлээр сургалт, семинар, хурал зохион байгуулахаар хоёр байгууллага хооронд хамтын ажиллах гэрээ байгууллаа. 

Солонгосын Байгаль орчны корпорацийн зочид, төлөөлөгчдийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор Г.Нямдаваа, Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр нар хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагаа, чиглэлүүдийн талаар танилцуулсан бөгөөд Монгол Улсын төрийн холбогдох байгууллага, удирдлагын зүгээс Газарзүй-Геоэкологийн хүрээлэн болон Солонгосын Байгаль орчны корпораци хоорондын хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.  




Бусад мэдээлэл