Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Хими, хими технологийн хүрээлэнгийн 55 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 11 дүгээр сарын 11-ний өдөр Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд боллоо. Хурлын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологи, бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ нар оролцож, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл дэвшүүлсэн мэндчилгээндээ,
“Монгол орны хөрс, ус, рашаан, газрын ховор элемэнт, өнгөт металл, нүүрс, занар зэрэг органик түүхий эд, нэгдлүүдийг судлаж, шинжлэх ухааны хувьд шинэлэг, практикийн өндөр ач холбогдолтой эрдэм шинжилгээ, судалгааны арвин баялаг бүтээл, туршлагатай танай эрдмийн хамт олонд хүрээлэн үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Эх орны эмийн ургамлаас 180 бодисыг шинжлэх ухаанд шинээр тэмдэглэж, хүнсний ашигт 160 гаруй зүйл ургамлаас биоидэвхит бодисоор баялаг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийг боловсруулан үйлдвэрлэж, судалгааны үр дүнг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн, нүүрсний хими технологийн судалгааны хүрээнд монгол орны голлох нүүрсний ордуудын нүүрсний физик химийн шинж чанар, найрлага, гарал үүсэл, тэдгээрийн хагас коксжих болон пиролизийн шинж чанарыг судлан тогтоож, үндэсний олон арван стандартуудыг бий болгосон, материал судлалын судалгааны дүнд Бүрэнхаан, Алдархааны фосфоритын ордын хүдрийн найрлага, хими-технологи, дагалдах ба байгалийн цацраг идэвхт элементийн тархалтын зүй тогтлыг судалж, экологийн цэвэр, хаягдалгүй механохимийн аргаар фосфоритыг идэвхжүүлэн фосфор, азот-фосфор, азот-фосфор-калийн бордоо гарган авах технологийг боловсруулж, идэвхижүүлсэн фосфоритын фосфатын уусалтын талаар онолын шинэ таамаглал дэвшүүлсэн зэрэг арвин их амжилтуудын заримыг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээгээд хүрээлэнгийн хамт олны эрдэм судлалын ажилд амжилт хүссэн юм.
Баярын хуралд ХХТХ-ийн захирал, доктор С.Энхтуул “ХХТХ-ийн түүхэн хөгжил”, Биохимийн лабораторын ЭШТА, доктор П. Одонмажиг “Органик-биохими -55”, Материал судлалын лабораторын ЭШТА, академич Ж.Тэмүүжин “Органик бус хими-55” сэдвээр тус тус тойм илтгэлүүд хэлэлцүүлсэн нь ХХТХ-ийн эрдэмтэн судлаачдын өнгөрсөн 55 жилийн хугацаанд Монгол улсын химийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, амжилт бүтээл, ирээдүйн зорилгыг тусгасан сонирхолтой илтгэлүүд болсон юм.
Баярын хурлын үеэр ХХТХ-ийн шилдэг эрдэмтэн судлаачдыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, БОАЖЯ, МУИС, Улаанбаатарын Их Сургууль болон бусад хамтран ажилладаг байгууллагуудын зүгээс шагнаж урамшуулсан юм. Тодруулбал ЭШТА, доктор Г.Долмааг “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр, ЭШТА, доктор М.Туяаг “Газрын тосны тэргүүний ажилтан” тэмдгээр, ЭШАА, доктор М.Баяржаргал, ЭШАА, доктор С.Энхтуул нарыг “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагадлаа. Мөн энэ үеэр ЭШТА, доктор Г.Бадамхатан профессор цол хүртсэн юм.