Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Дэлунэ, Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департаментын төлөөлөгчдийг энэ сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэ жил Монгол-Франц улс геофизикийн салбарт хамтран ажилласны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны хооронд шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм.
Хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хандан ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улсын газар хөдлөл судлалын хөгжилд Франц улсын Хүрээлэн орчны хяналтын департамент маш их үүрэг гүйцэтгэсэн билээ. Манай олон залуу эрдэмтэд Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын тэтгэлгээр Франц улсад докторын сургалтад хамрагдсаар байна. Монгол улс, Францын Засгийн газырн хоорондын 1996 оны геофизикийн талаар хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Францын эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд хамтран НҮБ-ын цөмийн туршилтыг хянах олон улсын хяналтын сүлжээ станцуудыг Монгол улсад байгуулан тасралтгүй ажиллагааг ханган ажиллаж байна” хэмээгээд хоёр орны шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Франц улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ив Дэлунэ хэлсэн үгэндээ “Манай хоёр орон бол эртнээс шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай. Сүүлийн жилүүдэд геофизикийн салбарт хамтран ажилласан нь сайн үр дүнг авчирсан бөгөөд монголын геофизикийн салбарын хөгжил олон улсын хэмжээнд хүрсэнийг цохон тэмдэглэмээр байна” хэмээлээ.
Уулзалтын үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин Франц улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн орчны хяналтын департментын захирал, хатагтай Бенедикт Гильнарт монгол улсын геофизикийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, өргөмжлөлөөр шагнасныг гардуулан өглөө.