Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Гэлэгпилийн ЧУЛУУНБААТАРЫН хувийн гаралтай баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжууллаа.
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Гэлэгпилийн ЧУЛУУНБААТАРЫН хувийн гаралтай баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжууллаа.

Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний лхагва гарагт Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Гэлэгпилийн ЧУЛУУНБААТАРЫН хувийн хөмрөгийг Үндэсний төв архивд хүлээлгэн өгөх ёслол боллоо.
Шинжлэх Ухааны Академи Үндэсний Төв Архивтай хамтран нэрт эрдэмтдийн хувийн хөмрөгийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай болж академичдын амьдрал, үйл ажиллагааныхаа явцад бий болгосон хувийн гаралтай баримтуудаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг тасралтгүй баяжуулсаар ирсэн билээ.
Энэ удаа Монголын Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайд, Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Удирдлагын академийн захирал агсан Гэлэгпилийн Чулуунбаатарын намтар түүх, ажил алба, ярилцлага, сургалт, эрдэм шинжилгээ-судалгааны бүтээл, ном зохиолын 63 хадгаламжийн нэгжийн 4,883 хуудас цаасан баримт, 33,5 гегабайт дүрс бичлэг, 117 мегабайт гэрэл зургийг хүлээн авч сан хөмрөгөө баяжууллаа.
Тус арга хэмжээний үеэр түүний амьдрал, үйлсэд холбогдох баримт бичиг, гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.
Академич Г. Чулуунбаатар нь Ховд аймагт мэндэлж, ажил хөдөлмөрийн гараагаа 1981 оноос Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар эхлүүлж, Удирдлагын академи, Философийн хүрээлэнгийн захирал, Шинжлэх Ухааны Академийн тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдаар ажилласан баялаг намтар түүхтэй нэгэн юм.
Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал хэлсэн үгэндээ “...Тэрээр нэгэн насныхаа бүхий л амьдралыг шинжлэх ухаан, боловсролд зориулж, ялангуяа нийгэм, соёл, улс төр-философийн салбарыг хөгжүүлэхэд зориулсан, энэ чиглэлээр 300 шахам эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, онолын суурь судалгааны төслүүдийг амжилттай удирдан, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааг хөгжүүлэхэд онол, арга зүйн удирдлагаар манлайлан ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч, тэргүүлэгч эрдэмтэн төдийгүй бүх насны амьдралаа судалгаа шинжилгээндээ зориулсан нэрт эрдэмтэн байсан. Өчигдөрхөн түүний зохиогчоор оролцсон сүүлийн бүтээлүүдийн нэг “Монгол Улсын түүх XX-XXI зуун” таван боть 2024 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсанд баяртай байна” хэмээн онцлон дурдав.
Мөн ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Удирдлагын академийн захирал доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг, Удирдлагын академийн профессор, МУГБ Ш.Батсүх, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэн, МУБИС-ийн ректор асан, доктор Д.Мандах, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн захирал Г.Сүхээ, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Данзан болон түүний охин доктор Ч.Цэрэннадмид нар хамтран зүтгэгч, шавь нар, найз нөхөд, гэр бүлийг төлөөлөн дурсамжаа хуваалцсан халуун дулаан уур амьсгалтай ёслолын арга хэмжээ боллоо.

















Бусад мэдээлэл