Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдөр төрийн айлчлал хийсэн билээ.
Тус төрийн айлчлалын хүрээнд Беларусын Үндэсний Шинжлэх Ухааны Академи (БҮШУА)-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга (ерөнхийлөгч) Гусаков Владимир Григорьевич тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 02-оос 03-ны өдөр ШУА-д зочилж, албан уулзалт хийлээ. Тус уулзалтаар цаашид шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийх, хамтын судалгаа шинжилгээний ажлын төлөвлөгөө, төсөл хэлэлцэх, өргөжүүлэхээр хамтран ажиллах зэрэг хэлэлцээрт Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл, Беларусь Улсын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын дарга (ерөнхийлөгч) академич в. г. гусаков нар 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөрг арын үсэг зурлаа. Хэлэлцээрийн зорилго нь талуудын эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөжүүлэх, шинжлэх ухаан-технологийн дэвшилд туслалцаа дэмжлэг үзүүлэх, хоёр талын судлаачдын хүчин чармайлтыг нэгтгэх, шинжлэх ухааны ололт амжилтыг хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг төлөвлөж буй нь шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм.
Хамтарсан судалгаа, инновацын төсөл хэрэгжүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг дэмжих, судлаач, мэргэжилтэн бэлтгэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний бага хурал, семинар, уулзалт зохион байгуулна. Уг албан уулзалтад Монгол Улсын ШУА-ийн бага чуулганы дарга нар, харьяа хүрээлэнгүүдийн захирлууд болон БҮШУА-ийн харьяа эрдэм шинжилгээ, судалгаа үйлдвэрлэлийн 7 хүрээлэн, төвийн захирлууд оролцлоо.