БШУЯ-ны дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академи, Санхүү, эдийн засгийн их сургууль хамтран зохион байгуулсан “Энтрепренер Судлаач” үндэсний хөтөлбөр нь 2023-2024 оны хооронд 3 үе шаттайгаар хэрэгжиж, төр болон хувийн хэвшил бизнесийн байгууллагуудаас нийт 400 орчим оролцогч бүртгүүлж оролцлоо.
Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд цахим сургалтаар энтрепренершип, санхүү, бизнес менежментийн суурь мэдлэг олгосон бол хоёрдугаар үе шатанд багш, менторуудын зөвлөгөөний тусламжтай төслийн санаагаа бизнес загвар болгон хөгжүүлж, харин гуравдугаар үе шатанд технологи зүгшрүүлэлт, бүтээгдэхүүний загвар, үйлдвэрлэлийн туршилт хийсэн байна.
Уг хөтөлбөрт Улаанбаатар төдийгүй орон нутгаас хамрагдсан эрдэм шинжилгээ, хувийн хэвшил бизнесийн байгууллагын төлөөллүүдэд мэдлэг ур чадвар олгож, Шинжлэх Ухааны Академийн судалгааны лаборатор, дэд бүтэц, боломж нөхцөлд суурилсан судалгаа хөгжүүлэлт, технологийн шийдэл, инновац нэвтрүүлэлт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийхэд дэмжлэг үзүүлсэн байна. Үүний үр дүнд энтрепренер сэтгэлгээ болон судалгааны арга барил эзэмшсэн 150 орчим энтрепренер судлаачид бэлтгэгдэн төгсөлтөө хийж, тэдгээрээс шинээр 8 оюуны өмч мэдүүлж, судалгаанд суурилсан 18 бизнес төслийг хөгжүүлжээ. Ингэснээр цаашид инновацын бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлсэн үндэсний үйлдвэрлэл бий болох суурь болж байна.
Мөн түүнчлэн хөтөлбөрийн хугацаанд оролцогчид хөгжүүлсэн төслөөрөө бусад олон үйл ажиллагаанд өөрсдийгөө сорьж, Эрдэм Идеатон (санаагаа турших тэмцээн)-д 500 мянгаас 5 сая төгрөг хүртэлх санхүүжилтийг судалгаа хөгжүүлэлт, технологи зүгшрүүлэлтийн дэмжлэг болгон 10 төсөл, Эрдэм Хакатон (оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бизнес төслийн тэмцээн)-д 5 саяас 20 сая төгрөг хүртэлх гарааны санхүүжилтийг 5 төсөл тус тус хүртэж байсан бол цаашид Шинжлэх Ухааны Академийн дэргэд шинээр байгуулагдсан “Оюуны Уурхай” хамтын оффист гарааны бизнесийг бойжуулан 1-2 төсөлд 200 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэгийг үзүүлэх юм.
Энтрепренер Судлаач үндэсний хөтөлбөрийн төгсөлтийн арга хэмжээнд бизнес, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөллүүд ирж шалгарсан оролцогчдын судалгаа хөгжүүлэлтэд суурилсан 18 бизнес төсөл болон Шинжлэх Ухааны Академийн оюуны өмч, инновацын бүтээгдэхүүн, гарааны компаниудтай танилцаж, олон талт инновацын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх талаар санал хэлэлцлээ.
Энэхүү хөтөлбөр нь эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах, нөгөө талаас бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн технологи, судалгаа хөгжүүлэлтийг эрчимжүүлэх гэсэн 2 талын ач холбогдолтой болсноороо “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд аж үйлдвэржилтийн сэргэлтэд тодорхой хувь нэмэр оруулсан үндэсний хөтөлбөр болж амжилттай өндөрлөлөө.