Шинжлэх ухааны академи, Эрчим хүчний яам, Цөмийн энергийн комисс хамтран “Монголын эрчим хүчний систем ба цөмийн эрчим хүчийг ашиглах боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.
2024.04.17-ны өдөр Шинжлэх ухааны академи, Эрчим хүчний яам, Цөмийн энергийн комисс хамтран “Монголын эрчим хүчний систем ба цөмийн эрчим хүчийг ашиглах боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хурлын зорилго нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтыг ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэхэд эрчим хүчний салбарт дэвшилтэт технологид суурилсан цөмийн эрчим хүчний шинэ үүсвэрийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага, дэд бүтцийн нөхцлийг үнэлэх, хэрэгжүүлэх боломжийг тооцоолоход холбогдох чиглэлийн судлаачид, мэргэжилтнүүд санал солилцож, гарсан санал, дүгнэлтийг холбогдох төр засгийн байгууллагуудад зөвлөмж болгон хүргэх явдал юм.
Хурлыг нээж ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид, ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Ерөн-Өлзий нар үг хэлэв.
Тус хурлыг ШУА-ийн Физик, Математик, Информатик болон Техник, технологийн салбарын Бага чуулган, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв, ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.
Хурлыг ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич Х. Энхжаргал, ЦЭК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн дарга, ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулганы гишүүн, доктор, профессор С. Даваа нар чиглүүлэн ажиллав.
Тус хуралд 10 орчим байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд хурлаар Монгол Улсын эрчим хүчний бодлого, цөмийн эрчим хүчийг ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам, технологийн сонголтууд, эрчим хүчний эх үүсгүүрийн хүрээлэх орчинд үзүүлэх нөлөөллийн тухай 7 илтгэлийг хэлэлцүүлж, харилцан мэдээлэл солилцон, цаашид тавих зорилтуудын талаар ярилцаж байна.
Хурал танхим болон цахимаар болж байгаа бөгөөд тус хуралд танхимаар 70 гаруй эрдэмтэн мэргэжилтэн, холбогдох байгууллагын төлөөллүүд , цахимаар 30 орчим хүмүүс оролцов.
Бусад мэдээлэл