Шинжлэх ухааны ажилтны хоёрдугаар их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үг
Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Шинжлэх ухааны салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж, улс эх орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэгч эрдэмтэн судлаачид Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!
Монголчууд бид “Эрхэм баян эрдэм ном” хэмээн эрдэм мэдлэг, эрдэмтэн мэргэдээ дээдлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.
Бидний өвөг дээдэс Их Монгол улсын нийслэл Хархорум хотыг найман зууны тэртээ байгуулж, өрнө дорныг холбосон, Евроазийн нийгэм, улс төр, худалдаа арилжаа, соёл урлаг, шашин шүтлэг, шинжлэх ухааны төв болгон хөгжүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд түүхэн хувь нэмэр оруулсан билээ.
Энэхүү төрийн бодлого, түүхэн уламжлал үеийн үед уламжлагдан хөгжих учиртай.
Одоогоос 5 жилийн өмнө Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордондоо зохион байгуулж байсныг Та бүхэн мэдэж байгаа.
Тэгвэл өнөөдөр Шинжлэх ухааны ажилтны II их хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шинжлэх ухаанчаар сэргэн хөгжье” уриатайгаар зохион байгуулагдаж байна.
Энэхүү их хурлаар анхдугаар их хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж, цаашдын бодлого зорилт, стратегиа боловсруулан тодорхойлох зорилгоор Та бүхэн Төрийн ордондоо ийнхүү хоёр дахь удаагаа чуулж байна.
Өмнөх их хурлаар шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар хөндөн, шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг хэлэлцэн ярилцаж, холбогдох зөвлөмжийг УИХ, Засгийн газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд болон мэргэжлийн холбоодод хандан гаргасан.
Тус их хурлаас гаргасан зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан 379 дүгээр тогтоол амжилттай хэрэгжсэнийг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Анхдугаар их хурлын “Хандлагаа өөрчилье!” гэсэн уриа тодорхой хэмжээнд биеллээ олж, улс орны хөгжил дэвшил шинжлэх ухаанд тулгуурлан хөгжих учиртай гэдгийг төр засаг, түмэн олноороо ойлгон мэдэрч, шинжлэх ухаанд хандах хандлагад томоохон өөрчлөлт гарч буй нь нэн сайшаалтай.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагааны үр дүнд анхдугаар их хурлаас дэвшүүлсэн олон зорилтыг ханган хэрэгжүүлэх Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ өнөөдөр баталж байна.
Энэхүү хуулийн шинэчлэлтээр урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх олон зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байна.
Үүнээс гадна шинжлэх ухаан, технологийн салбарын томоохон бүтээн байгуулалт, дорвитой хөрөнгө оруулалт болох Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж, лабораторийн зориулалт бүхий 3 гол объектыг 2024 онд багтаан ашиглалтад оруулах гэж байгааг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Цаашид шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг түшиглэн салбар дундын судалгааны томоохон төвүүдийг байгуулан, судалгаа-үйлдвэрлэл-инновацын нэгдлийг хангасан дэд бүтэц болгон өргөжүүлэн хөгжүүлэх явдал чухал юм.
Хэдийгээр чамлалтгүй ахиц дэвшил, амжилт ололт байгаа боловч, бидний тавьсан зорилго, зорилтоос гүйцэд хэрэгжээгүй ажлууд байгааг өнөөдөр Та бүхэн хэлэлцэж, хэрхэн яаж хэрэгжүүлэх гарц шийдлийг олох нь зүйтэй.
Эрхэм хүндэт их хурлын төлөөлөгчид өө!
Монгол Улсын хөгжил дэвшил, хүчирхэгжин мандахын үндэс суурь нь монголчууд бидний оюун санааны эв нэгдэл, шинжлэх ухаан, технологи, инновацын дэвшингүй хөгжил юм.
Шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил нь улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх нэгэн чухал хүчин зүйл билээ.
Монголчууд бидний хамгийн том баялаг бол монгол хүн, монгол хүний оюуны чадавх юм.
Манай улс эх орныхоо ундардаг баялаг болох оюун ухаан, эрдэм мэдлэгийг тэтгэн дэмжиж, дэвжүүлэн хөгжүүлж байж мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх учиртай.
Тиймээс оюуны үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, оюуны хөдөлмөр, оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх явдал туйлын чухал юм.
Төр засгаас уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч эдийн засгийн үндсэн бүтэц төдийлөн өөрчлөгдөхгүй байна.
Үүнийг өөрчлөх хамгийн гол арга зам бол шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжил гэдэг нь тодорхой.
Монгол Улстай ижил төстэй, хүн ам цөөтэй улс орон шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлснээр эдийн засгаа хурдтай хөгжүүлэх боломжтой гэдгийг дэлхийн зарим улс орнууд бодитоор харуулсаар байна.
Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийг эрчимжүүлэхийн тулд ирэх жилүүдэд дараах асуудлуудад онцгойлон анхаарч, төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
Нэгдүгээрт, Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, эрдэмтэн судлаачдын ажиллах орчин нөхцөл, нийгмийн тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хэрэгтэй байна.
Манай улсын шинжлэх ухааны салбарын мэргэшсэн хүний нөөц туйлын хангалтгүй, нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо Азийн дунджаас 3 дахин бага хэвээр байна.
Салбарын хүний нөөцийг олон улсын дунджид хүргэн өсгөх, гадаадад ажиллаж байгаа эрдэмтдээ эх орондоо ажиллах нөхцөл боломжоор хангах, эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг сайжруулах зэрэг нэн тулгамдсан асуудал байсаар байна.
Хэдийгээр эрдэм шинжилгээний ажилтны цалин хангамж сайжирч, орон тоо нэмэгдэж байгаа хэдий ч хангалттай дэмжлэг болж чадахгүй байна.
Энэ зорилтыг ханган хэрэгжүүлэхийн тулд УИХ, Засгийн газар илүү шийдэмгий зоримог бодлого, шийдвэрийг гаргаж байж манай эрдэмтэн судлаачид олон улсын түвшинд хүрэхүйц орчин нөхцөлд ажиллаж, эргээд төр засаг тэднээс дэлхийн түвшний үр дүнг шаардах боломжтой болох юм.
Хоёрдугаарт, Анхдугаар их хурлын зөвлөмжид шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн ДНБ-д эзлэх хувийг 2025 онд 2.5 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн хэдий ч цар тахал, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарч чадаагүй байна.
Иймд улсын эдийн засгийн өсөлттэй уялдуулан шинжлэх ухааны салбарын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох, Шинжлэх ухаан, технологийн санг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх, шинжлэх ухааны салбарт Үндэсний баялгийн сангаас хөрөнгө төвлөрүүлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Шинжлэх ухаанаас гар татвал шинжлэх ухааны үр шимийг хүртэж, шинжлэх ухаанчаар хөгжиж дэвжих боломжгүй гэдгийг Та бид мэдэж байгаа.
Гуравдугаарт, Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан судалгааг эрчимтэй өргөжүүлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
“Эрдэмтэн хүнд эх орон байдаг. Харин шинжлэх ухаанд хил хязгаар гэж үгүй” хэмээх үг байдаг.
Шинжлэх ухаан, технологи, инновацын үйл ажиллагаа зөвхөн эх орондоо байгаа эрдэмтэн, судлаачдаар хязгаарлагдах учиргүй.
Хилийн чанадад амжилттай ажиллаж буй эрдэмтэн, судлаачдаа сургалт, судалгааны ажилд зайнаас татан оролцуулах, гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран хэрэгжүүлэх төсөл, судалгааг дэмжих замаар хил хязгааргүй оюуны дэд бүтэц үүсгэх нь нэн чухал юм.
Мөн Монгол Улсын гадаад бодлогын нэгэн чухал хэсэг нь боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын харилцаа, хамтын ажиллагаа байх ёстой.
Ийм учраас Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан шинжлэх ухаан, технологийн гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, санал санаачилгатай ажиллах явдал чухал байна.
Монгол Улс олон улсад үнэлэгдсэн эрдэмтэн судлаачдын төвлөрлийг бий болгох, орчин үеийн эрдэм шинжилгээ, судалгааны орчин нөхцөлийг бүрдүүлэх, санхүүжилтийн тогтолцоог дэлхийн жишигт хүргэх замаар олон улсад өрсөлдөх чадвартай шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлж чадна.
Дөрөвдүгээрт, Шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болсон мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарал хандуулах ёстой.
Бүх нийтийн шинжлэх ухааны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуусыг шинжлэх ухаанд шимтэн суралцуулах, шинжлэх ухаанч хандлагыг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн салбарынхан аливаа асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас ханддаг байх нь нийгмийг соён гэгээрүүлэх үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэх болно.
Шинжлэх ухааныг улс төржүүлж болохгүй, харин улс төрийг шинжлэх ухаанжуулах шаардлагатай.
Эрдэмтэн, судлаачид Та бүхэн нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад зүрх сэтгэл, оюун ухаан, хичээл зүтгэлээ нэгтгэн олон нийтийг хамарсан, өргөн цар хүрээтэй нөлөөллийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж, манлайлан ажиллахыг Төрийн тэргүүн уриалж байна.
Дээрх зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаач Та бүгдийн үүрэг оролцоо, идэвх санаачилга, оролцогч талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа хамгаас чухал юм.
“Эрдэмт хүн улсын чимэг, зүтгэлт хүн төрийн чимэг” гэсэн ардын сайхан үг бий.
Эрдэм номоо эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдийнхээ сэцэн ухааныг өнөд түшиж, монгол түмний маань билиг оюун мохошгүй хурц, мөхөшгүй бат байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье!
Шинжлэх ухааны ажилтны II их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!
МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
Бусад мэдээлэл