ШУА-иас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа голлох үр дүнг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Ботаникий цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох судалгааны үр дүнг хүргэж байна.
Өдгөө манай орон
7702 зүйл олон янз ургамалтай. Түүний 65
орчим хувь буюу 4511 зүйлийг гуурсгүй гэх доод ургамал бүрдүүлдэг. Гэсэн хэдий
ч тэдгээрийн зөвхөн 0.35% нь ховор гуурсгүй ургамлын статусаар орсон байдаг нь тун
хангалтгүй үзүүлэлт юм (Засгийн
газрын 1995 оны 153, 2004 оны 165 дугаар тогтоолийн хавсралт, Монгол Улсын
Улаан ном 1997, 2013). Иймээс Монгол улс түүхэндээ анх удаагаа хамгааллын арга
хэмжээ шаардлагатай аюул заналд өртөгдөн
ховордон цөөрч буй гэж үзсэн нийт доод ургамлын 8,2% буюу 373 зүйлийг Дэлхийн
Байгаль Хамгаалах Холбооны (ДБХХ) Улаан дансны шалгуураар үнэлэв.Үр
дүнд монгол орны гуурсгүй доод ургамлаас одоогийн байдлаар 221зүйл буюу 5,0% нь Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан
дансны шалгуур үнэлгээгээр ховордлын зэрэглэлд байх шаардлага хангаж буй тул тэдгээрт хамгааллын
арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү
үнэлгээнд 59 (10,2%) зүйл хөвд, 98
(4,3%) зүйл замаг, 117 (11,1%) зүйл хаг, 99 (15,7%) зүйл мөөг хамрагдсан. Үнэлгээнд
37 зүйл буюу 16,8 хувь нь “Устаж
байгаа” (CR), 81 зүйл буюу 36,6 хувь нь “Устаж болзошгүй” (EN), 103 зүйл буюу
46,6 хувь нь “Эмзэг” (VU) зэрэглэлд байгааг тогтоолоо. Энэхүү судалгааны үр дүнд “Монгол орны
гуурсгүй ургамлын улаан данс” бүтээл хэвлэгдэн гарч олны хүртээл болж буй явдал
томоохон ач холбогдолтой юм. Уг бүтээлд “Устаж байгаа”, “Устаж болзошгүй”,
“Эмзэг” ховордлын зэрэгт нийцсэн зүйлүүдийн шинжлэх ухааны болон түгээмэл нэр,
адилцах нэрс, Монгол дахь дэд зүйл, дэлхийн болон бүс нутгийн тархалт, ургах
орчин, хамгаалагдсан байдал зэрэг мэдээллийг гэрэл зураг болон тархалтын
зурагтай хамтатгав. Мөн зүйл бүрийн ховордлын гол шалтгаан, хамгаалах арга
хэмжээг багтаасан хамгааллын төлөвлөгөөг энэхүү бүтээлд багтаав.
Энэхүү бүтээлийн чухал
ач холбогдол нь монголын гуурсгүй бүх ургамлын бүс нутгийн ховордлын үнэлгээнд
үндэслэн хамгааллын статус тодорхой болж улмаар байгалийн ургамлын тухай хуулийн нэн ховор, ховор ургамлын
жагсаалт шинэчлэгдэх үндэслэлийг боловсруулсан нь томоохон ач холбогдолтой
боллоо. Цаашдаа
байгалийн ургамлын төрөл зүйлийг хамгаалах бодлого,
төлөвлөгөө боловсруулахдаа ховордлын эдгээр шалтгааныг харгалзан үзэх нь зүйтэй
юм.