“Судалгаа ба биет бус хөрөнгө” арга хэмжээ зохион байгууллаа.
Шинжлэх Ухааны Академиас Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан “Судалгаа ба биет бус хөрөнгө” сэдэвт сургалт, арга хэмжээ зохион байгууллаа.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр ШУА-ийн хүчин төгөлдөр аж үйлдвэрийн оюуны өмчийн үнэлгээний тайлан, дүгнэлтийг оюуны өмч эзэмшигч буюу ШУА-ийн харьяа хүрээлэнд хүлээлгэн өглөө.
Сургалтаар “Оюуны өмчийн үнэлгээний хэрэгцээ шаардлага, ач холбогдол”, “Судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн онцлог” болон “ШУА-ийн хэмжээнд хийсэн оюуны өмчийн үнэлгээний тайлангаас гарсан санал, зөвлөмж”-ийн талаарх сургалтыг Оюуны өмчийн газрын ахлах шинжээч Б.Оргилмаа, оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчин П.Баянсан, Б.Ганцэцэг нар орлоо.
Сургалтын дараа судлаачид сонирхсон асуултаа асууж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Оюуны өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ШУА-ийн эзэмшилд байгаа хүчин төгөлдөр аж үйлдвэрийн оюуны өмчид үнэлгээ хийлгэх ажлыг 2023 оны 10 дугаар сард эхлүүлсэн бөгөөд нийт 7 хүрээлэнгийн 47 аж үйлдвэрийн өмчид үнэлгээ хийлгэснээс тухайлбал: шинэ бүтээл 28, ашигтай загвар 8, барааны тэмдэг 11 байна. Үүнд: Биологийн хүрээлэн 14, Хими, химийн технологийн хүрээлэн 12, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн 4, Технологийн инкубатор 2, Газарзүй, геоэкологийн хүрээлэн 2, Одон орон, геофизикийн хүрээлэн 1, Физик технологийн хүрээлэн 1 шинэ бүтээл, ашигтай загвар болон 11 барааны тэмдэгт байна.
Дээрх оюуны өмчид Үнэлгээний Олон Улсын Стандартад нийцсэн аргазүйн дагуу санхүүг, бүртгэлийн зориулалтаар биет бус хөрөнгийн үнэ цэнийг тогтоож, үнэлгээ хийлээ.
Арга хэмжээнд ШУА-ийн харьяа хүрээлэнгийн судлаачид болон Монгол Улсын Оюуны өмчийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны төлөөлөл, мэргэшсэн үнэлгээчид оролцлоо.
Бусад мэдээлэл