Боловсрол Шинжлэх ухааны яам, Соёлын яам, Шинжлэх ухааны Академи, Олон улсын монгол судлалын холбоо, Монголын их, дээд сургуулиудын консерциум болон ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн нар хамтран "1921 ОНЫ АРДЫН ХУВЬСГАЛ-100 ЖИЛ: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 7 сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
1911 онд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан монголчууд хөгжил дэвшлийн замаар урагш давшин, олон зууны хоцрогдлоос ангижирч нийгэм, төрийн байгууллаа өөрчлөн шинэчлэх үйл явцыг 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дүнд бодит үйл хэрэг болгосон билээ.
Түүхийн богино хугацаанд Монгол орон хувьсан өөрчлөгдөж, Үндэстэн-улсаа олон улсад хүлээн зөвшөөрүүлж, нийгмийн дэвшилд хүрсэн нь монгол угсаатан ард түмнүүдэд томоохон нөлөө үзүүлж, Дорно дахины ард түмнүүдийн үндэсний эрх чөлөөний тэмцэлд үзэл санаа, үйл хэргийн уриа дуудлага, жишээ туршлага болж байв.
ХХ зуунд монголчуудынолсон амжилт, туулсан зам 1921 оны хувьсгалын үр дүнтэй салшгүй холбогдохын учир эл үйл явдал шинжлэх ухаан, нийгмийн ач холбогдлын үүднээс байнгын судлагдахуун болж иржээ.
1921 оны хувьсгалын түүхийн судалгааг дотоод, гадаадын эрдэмтэд тасралтгүй явуулж улс, үндэсний түүхэнд үзүүлсэн нөлөө, ач холбогдол, эзлэх байр суурийг үнэлэх, баримт, эх хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэд оруулах, түүх бичлэгт гарсан гажуудлыг арилгажтүүхийн үнэнийг сэргээх, нийгмийн сэтгэлгээнд үлдсэн субьектив хандлага, ойлголтыг залруулах, шинэ мэдлэг бий болгох талаар амжилттай ажиллаж байна.
Түүхэн үйл явдлын 100 жилийн ойд зориулан 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын түүхийн зангилаа асуудлуудыг хэлэлцэх, сэдвийн судалгааны хүрсэн түвшин, ололт дутагдлын талаар санал солилцож, цаашдын судалгааны зорилт, чиглэлийг тодорхойлох, баримт эх хэрэглэгдэхүүний бааз суурийг баяжуулах, хамтын ажиллагааны хүрээнд цогц судалгаа явуулахболомж, арга хэлбэрийг өргөжүүлэх зорилго бүхий олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
"1921 ОНЫ АРДЫН ХУВЬСГАЛ-100 ЖИЛ: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ" олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэх үндсэн асуудлууд:
1. Монголын түүхэнд 1921 оны хувьсгалын эзлэх байр суурь
2. Монголчуудын эрх чөлөөний тэмцлийн уламжлал, залгамж холбоо
3. ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, оюун санааны амьдрал
4. Бүс нутгийн улс хоорондын харилцаан дахь Монгол орон
5. 1921 оны хувьсгалын өрнөл, ялалт, ач холбогдол
6. Хувьсгалын удирдагчид, манлайлагчид: намтар, үйл ажиллагаа
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг танхимаар болон цахимааар хослосон хэлбэрээо зохион байгуулах бөгөөд хуралд оролцох эрдэмтэн судлаачид мэдүүлэг, илтгэлийн товчлолыг 2021 оны 6 сарын 14-ний дотор зохион байгуулах хорооны доорх хаягаар ирүүлнэ үү.
Зохион байгуулах хорооны хаяг: | 13330,Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Утас: 455028, Факс: (976-11) 45 83 05 Цахим шуудан: history@mas.ac.mn |
Зохицуулагчид: | Н.Хишигт, khishigt@mas.ac.mn; n.khishigt09@gmail.com,Утас:99861505 Ц.Энхчимэг, enkhchimeg@mas.ac.mn; rigvady@gmail.com, Утас:99137591 |