Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ ЧУУЛГАН БОЛОВ
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ИХ ЧУУЛГАН БОЛОВ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь өмнөх оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтыг жил бүр академийн Их чуулганаар хэлэлцэж, дүгнэлт гаргадаг уламжлалтай билээ. ШУА-ийн ээлжит Их чуулганыг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 14:00 цагаас ШУА-ийн хуралдааны танхимд зохион байгуулж, их чуулганыг Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээж, ШУА-ийн 2017 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг Эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор Б.Авид хэлэлцүүлэв. Монгол Улсын ШУА нь манай оронд шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллагын хувьд эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын нийгэмлэг болж ажилладаг билээ. Эрдэмтэд шинжлэх ухааны салбарын ололт, амжилт, эрдэм шинжилгээ, судалгааны  ажлын үр дүнгийн талаар санал солилцов.


 2017 оныг “Хүрээлэнд хүрч дэмжих жил” болгон зарлаж, шинэ мэдлэг бүтээх, шинжлэх ухааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх,  нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр уламжлалт ажил, арга барилыг улам чамбайруулах, судалгааны ажлын орчин, дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр дорвитой ахиц гарган ажиллав. Энэ онд Засгийн газраас Төрөөс шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн баталж, төр засгаас шинжлэх ухаан, технологийн салбарт нилээд анхаарч, шинжлэх ухааны салбар, эрдэмтдийн одоогийн байдлыг ойлгон дэмжих, төрийн аливаа бодлого шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт, бодит тодорхой шийдвэрүүдийг гаргасан жил байлаа. ШУА нь төрийн бодлогын зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн ШУА-ийн хэмжээнд мөрдөгдөж буй эрх зүйн зарим баримт бичгийг өөрчлөх, шинэчлэх ажлыг эхлүүлж, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг шинэчлэн боловсруулаа.


2017 онд ШУА-ийн гадаад хамтын ажилллагаанд бодит ахиц гаргаж, гадаадын 9 улсын шинжлэх ухааны байгууллагатай шинжлэх ухаан, технологи, инновацийн хүрээнд хамтран ажиллах тухай гэрээ, санамж бичгийг шинээр болон шинэчлэн байгуулав. Шинээр байгуулсан гэрээ санамж бичгүүдэд цөлжилт, цэвдэг, уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн судалгаа, хилийн чанад дахь Монголын түүх, соёлын биет болон биет бус өвийг илрүүлэн судлах зэрэг Монгол улсын хөгжил, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх тодорхой асуудлууд тусгагдаад байна.


Шинжлэх ухааны ололтыг олон нийтэд түгээхэд чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, судалгааны томоохон үр дүн болон инновацийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргасан жил боллоо. Үүнд:


  • Улаанбаатар орчмын газар хөдлөлтийн мэдээллийг ашиглан тус бүс нутгийн  царцдасын зузааныг  хүлээн  авагчийн  функцийн  аргаар  тодорхойлоход уулархаг  газраа 44-45 км бусад газарт 40-42 км  байна.  Налайхын  хотгорын  бүтцийг тодорхойлох зорилгоор 400км2 талбайд 1:100000 масштабын гравиметрийн  хээрийн хэмжилтийг хийж гүйцэтгэж, тус хотгорын хүндийн хүчний Буге гажлын зураг зохиов.
  • Дэлхийн сээр нуруутны палеонтологийн судалгааны хамгийн гайхамшигтай, сонирхол татсан олдворт газруудын нэг болох одоогоос 70-80 сая жилийн өмнө тамгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цав дахь судалгааны үл хөдлөх, биет өвийг газар дээр нь хамгаалах, шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх, ЮНЕСКО-ийн геопарк хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилго бүхий “Палеопарк” төсөл хэрэгжүүлж, үлэг гүрвэлийн мөрнүүд дээр хээрийн музей байгуулах ажлыг эхлүүлж, орон нутагтай амжилттай хамтран ажиллаж байна.
  • Түүнчлэн Холимог идэшт үлэг гүрвэл орнитомимозаврын бүлэгт хамаарагдах нэгэн шинэ олдворт хийсэн ясны морфологи судалгааны дүнд Aepyornithomimus tugrikinensis хэмээх шинэ төрөл, зүйлийг тогтоож, Монголын Төгрөгийн ширээгийн дээд цэрдийн жодохт формациас олдсон анхны Орнитомимид үлэг гүрвэл хэмээх өгүүллийг “Nature”-ийн “Scientific Reports” сэтгүүлд хэвлүүлэв. 
  • Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газарт археологийн малтлага судалгаа хийж, Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг 200-300 жилээр урагшлуулсан нээлт хийсэн байна. 
  • Монгол орны цэвдгийн үргэлжилсэн болон тохиолдлын тархалттай бүсэд цэвдгийн  гэсэлтийн  улмаас  үүссэн термокарст  нууруудын  хөдлөлзүйг  анх  удаа судалж,  сүүлийн 45 жилд монгол орны цэвдэгийн үргэлжилсэн тархалттай бүс нутагт термокарст нуурын тоо, эзлэх талбай нэмэгдсэн, харин цэвдгийн тохиолдлын тархалттай бүс нутагт буурсан байгааг судлан тогтоож, гэсэж, устаж буй цэвдэг, ихсэж байгаа нь гадаргын усны ууршилт, газрын доорх усны нэвчилтийн нөлөөлөөс хамаарч байгааг тогтоосон байна. 
  • “Дэлхийд тархсан монголын өв” цуврал судалгааны хүрээнд ОХУ-ын Эрмитаж дахь сан хөмрөгт хадгалагдаж байсан Хараагийн Ноён уулаас олдсон Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг судалгааны эргэлтэд оруулж, анх удаа бүрэн хэмжээгээр Монгол улсад хэвлэн нийтлүүлж, олны хүртээл болгов. 1923-1926 онд алдарт эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол-Түвдийн экспедицийн хүрээнд Ноён уулан дахь Хүннүгийн язгууртны булшнаас олж тухайн үеийн Ленинград хотод аваачсан дурсгалыг 90 жилийн дараа ийнхүү бүрэн хэмжээгээр нь хэвлэн нийтлүүлж олон түмэнд түгээснээрээ ихээхэн үнэ цэнэтэй ажил болсон байна. 
  • Антигений концентрат ашиглан шүлхийгээс сэргийлэх 80-аас доошгүй хувийн идэвхитэй тосон адьюванттай вакцины технологи боловсруулав. 
  • Нэг дамжлагаар импортыг орлох байгалийн гаралтай гурван төрлийн бэлдмэл үйлдвэрлэх нь” инновацийн төслийн хүрээнд мал, амьтны төрөл бүрийн гаралтай шарх эмчлэх “Бартазел” тосон түрхлэг, яс, зөөлөн эдийн бэртэл, гэмтлийг эмчлэх “Барагшун-EN” бэлдмэл, мал, амьтныг эрдэс, амин дэмээр хангах “Барагшунт” тэжээлийн нэмэлт бэлдмэлүүдийн технологийг боловсруулж, үйлдвэрлэн худалдаанд гаргав.


Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдах хүрээ тэлж гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 9 хувиар өссөн байна. ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрхлэн гаргадаг “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл нь олон улсын нээлттэй сэтгүүлүүдийн санд, АШУҮИС-иас эрхлэн хэвлүүлдэг “Central Asian Journal of Medical Sciences” сэтгүүл Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлийг индексжүүлэх байгууллагад тус тус бүртгэгдлээ.


2017 онд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл 170, эрдэм шинжилгээний өгүүлэл 718 (үүнээс гадаадад 227), эрдэм шинжилгээний илтгэл 939 (гадаадад 309), патент, технологийн заавар 9, стандарт 12, аргачлал 23, ТЭЗҮ, ашигтай загвар 2, зураг, каталог 23-ыг тус тус гаргаж ажилласан байна.


2018 онд ШУА-ийн эрдмийн хамт олон шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчинг сайжруулахад идэвхи санаачилгатай ажиллах, салбарын хүний нөөцийн  чадавхийг бэхжүүлэх, хүрээлэнг суурь санхүүжилттэй болгох, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр инновацийн шинэ бүтээгдэхүүн бий болгох ажлыг эрс эрчимжүүлэх, ажлын уялдаа холбоог дээшлүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллах болно.


МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

 



---ооОоо---


Бусад мэдээлэл