Монгол Улсын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч нарын ивээл дор Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн, Бонны их сургуулийн Өвөг ба Эртний түүхийн Археологийн хүрээлэн хооронд өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын эртний нийслэл Хархорум хот болон хот орчмын газарт малтлага, судалгааны хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.
2006 онд тэмдэглэн өнгөрүүлсэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Европын олон оронд зохион байгуулсан “Чингис хаан ба түүний өв: Монголчуудын дэлхийн эзэнт гүрэн” үзэсгэлэнгийн үеэр дээрх эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа олон улсын хэмжээнд өндөр үнэлэгдсэн юм. Түүнчлэн түншлэгч эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа өнгөрсөн он жилүүдэд өөр олон талт идэвхтэй үйл ажиллагаагаар баяжиж ирсэн бөгөөд түүний дотор Боннын их сургууль Монголын археологийн салбарын эрдэмтэн, судлаачдыг ХБНГУ-д зочин судлаачаар болон эрдмийн зэрэг хамгаалахад дэмжлэг үзүүлсээр байна.
Монгол, Германы археологичдын хамтын ажиллагаа амжилттай явагдаж байгаатай холбогдуулан Хархорум Экспедицийн гэрээг 2029 он хүртэл дахин 5 жилээр сунгаж төслийг үргэлжлүүлэн хамтран ажиллахаар боллоо.