ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Тэргүүлэгчдийн хурлаар Академич Намсрайн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн Их чуулганыг хуралдуулах асуудлыг хэлэлцэж чуулганыг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэв.
Жил бүр Шилдэг залуу эрдэмтэнд олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналд Шинжлэх ухааны Академи нэр дэвшүүлдэг журамтай. Журмын дагуу нэр дэвшигчдийн бүтээлийг энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор(Ph.D) Т.Адъяадолгор, Физик, технологийн хүрээлэнгийн Энергийн судалгааны лабораторийн эрхлэгч, доктор(Ph.D) Л.Сарантуяа, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор(Ph.D) Э.Батмагнай нарын нэрсийг дэвшүүлэхээр тогтов.
Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн бүтцэд Цахилгаан соронзон судлалын лаборатори шинээр байгуулав. Тус лаборатори нь өнөөдрийн байдлаар цахилгаан соронзон орны өргөн зурвасын 4 багаж, нам давтамжийн 1 станц, цахилгаан орныг хэмжигч өргөн зурвасын 4, нам давтамжийн тодорхой багажуудын хүчин чадалд суурилан Монгол орны нутаг дэвсгэрийн гүний үе давхаргын цахилгаан дамжуулах чадварын түгэлтийг тодорхойлох, геологи уул уурхай, ялангуяа ашигт малтмалын эрэл хайгуул, геотермаль энергийн эх үүсгүүрийн судалгаа, гүний тогтцын судалгаа зэрэг онолын болон хэрэглээний геофизикийн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Цаашид тус лабораторийн үйл ажиллагааг өргөтгөн 2-3 цэгт байнгын ажиллагаатай цахилгаан соронзон орныг хэмжигч станцыг Монгол улсад байгуулан цахилгаан соронзон орны судалгааг хийх зорилготой юм.