Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

ШАРАВЫН ЧОЙМАА

(1951-2022)

Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа 2022 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр таалал төгсөж, Монголын боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн соён гэгээрлийн салбарт хүнд гарз тохиолоо. 

Шаравын Чоймаа 1951 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Шар харгана хэмээх газар төрж, 1971 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургууль, 1976 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр төгсөн, 2003 онд хэл шинжлэлийн ухааны доктор, 2004 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 2011 онд профессор цол хүртжээ.

Тэр бээр 1976 оноос МУИС-д багш, Монгол хэл шинжлэлийн болоон Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллахын зэрэгцээ Хумбольдтын Их Сургууль, Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Төвийн Үндэсний Их Сургууль, Ланжоу-гийн Баруун Хойд Үндэстний Их Сургууль, Өвөрмонголын Их Сургуульд зочин профессороор уригдан багшилж байлаа.

Профессор Ш.Чоймаа нь хэл шинжлэлийн ухааны салбарт монгол бичиг, түүхэн хэл зүй, орчин цагийн монгол хэл, төвөд хэл, сурвалж судлал, Монголын нууц товчооны судлал, эх бичиг судлалын дэг сургуулийг бүтээлчээр хөгжүүлэх үйлсэд гарамгай хувь нэмэр оруулжээ.

Их эрдэмтэн Ш.Чоймаа нь “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товчэхийн харьцуулсан судалгаа”, “Хаадын үндсэн хураангуй алтан товч”, “Монголын нууц товчоо” хийгээд монгол сурвалж бичгийн судлал”, “Монголын нууц товчоо”, “Монгол уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм”, “Тэмүжин хөвгүүнээс тэнгэрлэг эзэнд”, “Буддын шашин соёлын тайлбар толь”, “Монгол хэлний хэлзүйн толь бичиг”, “Монгол бичгийн хэлний тонгоруу толь бичиг”, “Монгол хэлний хадмал толь”, “Монгол хүний нэрийн толь” зэрэг нэг сэдэвт бүтээл, олон арван ном, сурах бичиг, гарын авлага туурвиж, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, олон улсын 50 шахам хуралд илтгэл хэлэлцүүлсэн нь монгол судлалыг гадаадын орнуудад өрнүүлэх, эх орноо дэлхийд сурталчлан таниулах үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.  

Түүний  хөдөлмөр, бүтээлийг төр засгаас зүй ёсоор үнэлж  Монгол Улсын Гавьяат багш, Монгол Улсын Ардын багш цол, Монгол Улсын Төрийн шагнал хүртээжээ. 

Шаравын Чоймаа нь уламжлалт эх хэл, үндэсний бичиг, өв соёлоо заан сургах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээн зүтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, дэлхийд нэрээ тамгалсан монгол судлалын гарамгай эрдэмтэн, монгол түмний их соён гэгээрүүлэгч байлаа. 

Талийгаачийн эгэл даруу, хөдөлмөрч хичээнгүй, эрдмийн хүний бүтээлч, шинийг эрэлхийлэгч чанар, хүний төлөө гэсэн багш хүний нинжин сэтгэл, нөхөрсөг, шударга зарчимч зан төрх нь дотоод гадаад дахь эрдмийн хамт олон, төрүүлсэн олон шавь нарынх нь зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдан үлдэх болно.  

Талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ


Бусад мэдээлэл