ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн 100 жилийн ойн хурал УДБЭТ-т өчигдөр /2021,12,13/ боллоо.
Хурлыг нээж тус хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж хэлэхдээ, “Өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай хүрээлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй хийж ирлээ. Энэ хугацаанд манай эрдэмтэд Монгол Улсынхааа түүхийг нэн эртнээс орчин үе хүртэлх цаг хугацааг харуулсан 1, 3, 5 ботиор туурвисан. Үүний үр дүн гэвэл монголчууд эртнээс туурга тусгаар өөрийн түүхтэй, төрт улстай явж ирсэн гэдгийг үндэсний эрдэмтдийн хүчээр гаргаж тавьсан нь тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж болно. Өмнө нь гадаадын эрдэмтэд монголын түүхийг бичих хандлагатай байсан. Мөн Монголын бүх угсаатны бүлгийг угсаа гарал, соёл ахуй зэрэг олон талааас нь нэгтгэн дүгнэсэн “Монголын угсаатны зүй” гурван боть томоохон бүтээлийг 1990-ээд оны үед гаргасан. Энэ нь монголчууд бол Төв Азийн эртний түүхтэй угсаатан, эртнээс өөрийн гэсэн өвөрмөц соёл иргэншлийг бий болгож бусад суурин иргэншлээс ялгаатай сурвалжит угсаатан гэдгийг гаргаж ирснээрээ ач холбогдолтой. Мөн манай эрдэмтэд 760 гаруй ном бүтээлийг туурвисан. Түүнчлэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийг оролцуулбал хэдэн мянгаар тоологдоно. Энэ бүхэн манай түүхийн хүрээлэнгийн судлаачдын Монгол Улсын түүхийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан томоохон хувь нэмэр юм” гэдгийг онцлов.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Энэ онд манай шинжлэх ухааны салбарын хувьд онцгой жил, олон тэгш ой тохиож байна. Монгол Улсад Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар орчин цагийн түүх судлалын байгууллагын үндэс суурь тавигдсан гэж түүхчид үздэг. Эдүгээ ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Монголын түүх, угсаатны зүйн салбарт суурь судалгаа явуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий тэргүүлэх эрдэм шинжилгээний байгууллага болж нэгэнт чадсаныг тэмдэглэхэд таатай байна.
Манай түүхчид Монгол Улсын шинжлэх ухааны хөгжлийн түвшин, өнөөгийн байдлыг олон улсад нотлон харуулж, Монголын түүхийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд ч манлайлсаар ирлээ. Дэлхий дахинаа манай улсыг хязгааргүй уудам тал нутаг, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хаан, их түүхээр төсөөлсөн хэвээр байна. Өвөг дээдсийн үлдээсэн энэхүү соёлыг судлан шинжлэх, сурталчлан таниулах нь хойч үе бидний үүрэг бөгөөд энэхүү үйлсэд манай түүхч, угсаатан судлаачдын гүйцэтгэх үүрэг асар их юм. Тэдний тэргүүн эгнээнд Түүх, угсаатны зүйн хүрээлэн оройлон явж байгаа, цаашид ч тэргүүлэх үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй” гэдгийг тэмдэглэв.
1921 онд Ерөнхий сайд Д.Бодоо, Дотоод яамны сайд Т.Пунцагдорж, Х.Чойбалсан, С.Жамьян, Н.Магсаржав нар санаачлан, Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдсанаар Монгол Улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгуулага бий болсон түүхтэй. Хожим нь Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх Ухааны Академи болон зохион байгуулагдсан юм.