Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ДИПЛОМОО ГАРДАЖ АВЛАА
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ДИПЛОМОО ГАРДАЖ АВЛАА

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Д.Гантөмөр, Г.Одонтуяа нарт шинжлэх ухааны докторын  зэрэг тус тус олголоо. Эдгээр  эрдэмтдэд  өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө.   

Д.Гантөмөр нь Аялал жуулчлалын нийгэм-соёлын философи сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа. 

Энэхүү судалгааны ажил “аялал жуулчлал” хэмээх нэн өвөрмөц үзэгдэл, үйл явцыг хүний, тэр тусмаа монгол хүний заяамал буюу атрибут шинж гэж үзээд оюун сэтгэлгээний хэрэгцээ, эрэлт, тэмүүлэл, сэтгэл ханамж гэсэн гинжэн холбоонд шинжлэх арга зүйг боловсруулан хэрэглэснээрээ философийн харьцуулсан судалгаанд бие даасан  шинэ чиглэлийн үндсийг тавьжээ. Ингэхдээ орчин үеийн барууны философийн сэтгэл оюуны ертөнцөд феноменийг тойрч ярьдаг чиглэлүүдийг дорно дахины философи, тэр дундаа йогочара буюу сэтгэл төдийтний философийн уламжлалтай  холбон шинжилсэн нь энэ ажлын онцлог төдийгүй харьцангуй шинэ  хандлага юм. Дэлхийн болон өөрийн орны аялал жуулчлалын практик үйл, удирдах төлөвлөх зэрэг менежментийн  тулгамдсан асуудлыг дэвшүүлэн шийдвэрлэх арга замын талаар бүтээлч эрэл хайгуул хийсэн Менежментийн философи судалгааны ажил юм. Д.Гантөмөрийн туурвисан “Аялал жуулчлалын нийгэм-соёлын философи шинжилгээ” сэдэвт шинжлэх ухааны докторын зэрэг горилсон ажил нь онолын судалгааны арга зүйн түвшний шинэ чиглэлийн үндсийг тавьсан нийгмийн болон хүмүүнлэгийн ухааны судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг инновац болгож үйлдвэрлэл, эдийн засаг, хүний сэтгэл оюуныг тэжээх бүтээгдэхүүн болгон хувиргах арга зам, нөөцийг цогцоор нь хангах боломжийг олгож байгаа шинжлэх ухааны үнэтэй бүтээл болсон гэж дүгнэжээ.

Үүнээс гадна Д.Гантөмөрийн сүүлийн арав гаруй жил хийсэн судалгааны ажлууд дээр үндэслэж Ковидын дараах үеийн олон улсын аялал жуулчлалын хандлага, Монгол улсын хөгжлийн философи онол арга зүйг судлан гаргаж, “аялал жуулчлалын” онол, арга зүй, судалгааны олон улсын хэмжээний ажил болжээ.

 Г.Одонтуяа нь Монгол орны эмийн зарим ургамлын метаболитүүд: бүтэц байгууламж, ашиглах шинжлэх ухааны үндэслэл сэдвээр Химийн  шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа. 

Тэрбээр монгол орны эмийн болон ашигт ургамлын хими, биологи, технологийн  чиглэлээр голчон  судалгаа хийж иржээ.

Г.Одонтуяагийн судалгааны ажлын  гол үр дүн нь: 1992 оноос одоог хүртэл манай оронд ургадаг 32 зүйл эмийн ургамлын химийн найрлага, бүрэлдэхүүнийг судалсны үр дүнд фенол, терпен, алкалоидын ангиллын 330 гаруй нэгдлийг ялгаж, молекулын бүтэц байгууламжийг тогтоосноос 52 нь байгалийн шинэ нэгдэл гэж батлагдсан нь байгалийн нэгдлийн химийн судалгаанд оруулсан гол хувь нэмэр юм. Шинэ нэгдлүүд нь энгийн фенол, флавоноид, ксантон, мультигаллоилфлавоноид, монотерпений гликозид, иридоид, оксазолын алкалоидын ангилалд хамаарч байгаа ба тэдгээр нь халагч бүлгийн байршил, сахарын бүтэц агликоны молекулд холбогдсон байдлаараа онцлог байв.  

Тэрбээр эмийн ургамлын химийн судалгааг тэдгээрийн биологийн идэвхийн судалгааны үр дүнд суурилан идэвхтэй ханднаас идэвхтэй нэгдлийг ялгах, бүтэц байгууламжийг тогтоох чиглэлийг 2010 оноос хойш Байгалийн нэгдлийн химийн лабораторит туршин, нутагшуулах ажлыг анхлан санаачилж ажиллав. Үүний дүнд антиоксидант идэвхийг DPPH радикал, ABTS+ катион радикал зайлуулах ба Fe+3 ионыг ангижруулах арга, үрэвслийг дарангуйлах идэвхийг цусны улаан эсийн мембран бэхжүүлэх арга, нойр булчирхайн липаза фермент ба ацетилхолинэстераза ферментийн идэвхийг дарангуйлах аргуудыг эзэмшиж, туршилт судалгааг хийх болсноор биологийн идэвхт нэгдлийг ялгах судалгааг зорилго, удирдамжтай болгож, идэвхтэй бодисыг ялгах ажиллагаанд түлхүү анхаарах, бүтэц байгууламж ба идэвхийн хоорондын хамаарал, учир шалтгааныг тайлбарлахад ач холбогдолтой болсон юм.          

Эмийн ургамлын түүхий эдийн стандарт боловсруулах ажлыг өргөжүүлж, лабораторит судалж буй ургамлуудын түүхий эдийн стандартыг шинэчлэн, мөн шинээр боловсруулахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  орчин үеийн багажит шинжилгээний арга, фармакопейд бичигдсэн аргуудыг ашигласан нь тухайн стандарт удаан хугацаанд хүчинтэй байх боломж бүрджээ. Түүхий эдийн стандарт бэлэн болсноор тухайн ургамлаас бүтээгдэхүүн хөгжүүлэх суурь бий болсон юм.  

 


Бусад мэдээлэл