ШУА-ийн Түүх, угсаатны
зүйн хүрээлэнгийн угсаатан судлаачдын хээрийн судалгааны үед
буулгасан гэрэл зургуудыг судалгааны эргэлтэд оруулж, олон нийтийн
хүртээл болгох ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд МОНГОЛЫН
УГСААТАН СУДЛААЧДЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ӨВ цувралын анхны дугаарыг нэрт
угсаатны зүйч, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,
доктор (Ph.D), профессор Г.Цэрэнхандын хээрийн
судалгааны явцад цуглуулсан гэрэл зургуудыг нэгтгэж “Монгол
малчдын нутагшил, ахуй байдлын дүрслэл” нэртэйгээр хэвлүүлж
өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг бүтээлийн гэрэл зургууд нь 1960-1990 оны
хоорондох Монголын нэгдэлч малчдын ахуй байдлын дүрслэлийг
ангилан харуулжээ. Тодруулбал, ахмад эрдэмтэн Г.Цэрэнханд хээрийн
судалгаа хийх явцдаа тухайн үеийн нэгдэлч малчдын аж төрөх байдал, нутагшил,
эрхлэх ажил төрөл, хот айл гэр орон сууц, нүүдэллэх байдал, мал маллагаа,
хувцас гэх зэрэг цаг үеийг тольдох гэрэл зургуудыг буулган авсан нь хувийн
архивт нь хадгалагдан үлджээ. Эдгээр зургуудыг нэгтгэн олны хүртээл болгож
байгаа нь XX зууны 60-70 оны малчдын амьдралын тусгал
болж эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.
Шинэ номын нээлтийн ажиллагаанд салбар салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.
Энэ үеэр ШУА-ийн
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж хэлэхдээ: “Өнөөдөр
бид Монголын угсаатны зүйч, угсаатан судлаач эрдэмтний олон арван жилийн
судалгааны бүтээлийн үр дүнгийн нэгэн
илрэл болсон “МОНГОЛЫН
УГСААТАН СУДЛААЧДЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ӨВ” гэсэн цувралын анхны дугаарыг хэвлүүлэн
гаргаж номын хуримаа хийж байна. Энэ
дугаар бол Монголын угсаатан судлаачдын олон арван жилийн турш хийж ирсэн
угсаатны зүйн хээрийн шинжилгээний ангийн үр дүнгийн нэг хэсэг гэж хэлж болно. Манай судлаачдын хээрийн шинжилгээний ажлын явцад авсан маш олон гэрэл зургууд байдаг. Өөрөөр хэлбэл, бид судалгааны ажлын бичвэрийг голчлон хэвлээд энэ олон судалгааны
явцад авсан гэрэл зургуудаа орхигдуулдаг байж. Цаг хугацаа улиран одохын хэрээр
бидний ялангуяа ахмад эрдэмтдийн маань явуулсан хээрийн судалгааны үнэ цэнэ
улам өндөр болж байна. Ялангуяа манай Г.Цэрэнханд багш бол 1960-аад оноос хээрийн
судалгааны ажлыг эхлүүлж бүтэн жарны турш явуулсан манай Угсаатан судлалын
үндсийг тавьсан эрдэмтдийн нэг. Энэ үүднээс хамгийн түрүүнд бид Г.Цэрэнханд
башгийнхаа хээрийн судалгааны гэрэл зургуудыг нэгтгэн нэгэн боть болгон гаргаж
байна. Цаашдаа энэ цувралаа улам хөгжүүлж, ахмад угсаатан судлаач эрдэмтдийнхээ
гэрэл зургийн өвүүдийг он оноор сэдэвчилсэн
байдлаар гаргах ажлыг хийх юм” гэлээ.
ШУА-ийн
дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар: “Г.Цэрэнханд гуай бол монголд угсаатаны зүйн
судалгааны тулгын чулууг тавилцсан ахмад эрдэмтэн. Түүний бүтээл туурвилууд
монголын түүх угсаатны зүйн судалгааны тулгуур бүрэлдэхүүн болж ашиглагдаж
ирсэн. Одоо ч ашиглагдаж байгаа. Энэ өв сангаа нэгэн шинэ гайхалтай бүтээлээр
баяжуулж байгаад талархалтай байна. Ер нь манай Түүх угсаатны зүйн хүрээлэн бол
монголын түүхийн угстааны зүйн тулгуур сурвалжуудыг олон нийтэд хүргэх, эрдэм
судлалын эргэлтэд оруулах талаар санаачилгатай ажиллаж олон сайхан цувралуудыг
гаргадагт эрдэмтэн, судлаач бид талархан
хүлээж авдаг. Угсаатны зүйн судалгаа бол нийгэм, хүмүүнлэгийн салбарын их олон шинжлэх ухааны
тулгуур хэрэглэгдэхүүн болдогоороо онцлогтой. Жишээ нь сэтгэл зүйн асуудал, аж ахуйн
менежементийн асуудал, хувцас хэрэглэлийн асуудал, ёс суртахуун зан заншлийн
асуудал гээд манай нийгэм хүмүүнлэгийн аль ч салбарынхны судалгааны ажилд аваад
үлдчих ихээхэн өргөн агуулгыг өөртөө багтаадаг. Ийм сайхан бүтээлийг туурвиж
цаашдаа цуврал маягаар явуулах нь салбар дундын үйл ажиллагааны нэг том ахиц
дэвшил гэж үзэж байна. “МОНГОЛЫН УГСААТАН СУДЛААЧДЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ӨВ” нэртэй энэ ном бол нэрнээсээ эхлээд малчны хүү надад их
таалагдаж байна. Тэр үеийн зураг бол 20-р зууны монголчуудын тэр дундаа малчдын амьдралыг дүрсэлсэн байдаг. Өдгөө малчдын
амьдрал гэдэг бол хүмүүсийн анхаарлаас нэлээд холдчихсон учраас орчин үеийн
залуус энэ номноос тэр үеийн амьдралын талаар ойлголт авах хэрэгтэй. Судлаачдын бичсэн нарийн
шинжлэх ухааны номыг мэргэжлийн эрдэмтэд голлож уншихаас бусад хүмүүс тэр бүр нарийн уншихгүй. Харин ийм гэрэл зургаар
буулгасан номыг хүн болгон сонирхож харна. Энэ утгаараа монголын үе үеийнхний
сонирхлыг малчдын ахуй амьдрал руу эргэж татах томоохон сурвалж болно гэж
найдаж байна” гэлээ.
“МОНГОЛЫН УГСААТАН
СУДЛААЧДЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ӨВ” номыг эрхлэн гаргасан шинжлэх ухааны гавьяат
ажилтан, доктор профессор Г.Цэрэнханд:
-Номонд
орсон гэрэл зургуудыг та тухайн үедээ ямар зорилгоор авч хадгалж байв. Зураг
авахдаа зохиомжилж авдаг байв уу?
-1960-1970-аад оны үед бид шуудангийн
машинаар, өртөөний мориор хээр хөдөө явж судалгаагаа хийдэг байсан. Бид тухайн үеийн малчидтай уулзаж амьдрал ахуйг нь дүрслэн үзүүлэх зорилготой явдаг байсан. Тухайн
үеийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төлөвлөгөөнд социализмын үеийн бүтээн
байгуулалтыг судлах том асуудал орж ирсэн. Тэрний л хүрээнд угсаатны зүйн
судлалын үүднээс социалист ахуйг судал гэдэг даалгаврын дагуу би хөдөө орон нутагт ажиллах болсон цаг үе. Орчин үеийг судлана гэдэг бол арга зүйн хувьд,
шинжлэх ухааны үндэс нь боловсрогдоогүй, түүх болоогүй учраас үүнийг яаж судлах
вэ гэдэг бэрхшээл бидэнд тохиолдсон. Гэхдээ
бид Зөвлөлтийн эрдэмтдийн тусламж, ахмад үеийн эрдэмтдийн зөвлөгөөгөөр аливаа
үйл явдал, амьдралын олон талын үзэгдэл тухайн нийгмийн хөгжил, зүй тогтлын
дагуу харж судлахыг оролдсон. Иймээс бид гэрэл зургийг тодорхой хэмжээнд
авахдаа тухайн цаг үеийн амьдралын тусгал болох дүрслэл гэдэг үүднээс амьдралыг
байгаа байдлаар нь хараг гэсэн зорилго тавьж ажиллаж байсан. Одоо эргээд
дурсахад тухайн үед нэгдэлжих хөдөлгөөн улсын хэмжээнд явагдаж, бүтээн
байгуулалтын аугаа их үйл явдал өрнөж байсан. Малчид маань хувийн аж ахуй, хувийн амьдралаасаа холдож нийгмийн мал суурь, фермээр зохион байгуудагдаж
ажилласан. Хэдийгээр тэр үед ард түмний амьдралын дэвшилтэд байдлыг авах
хэрэгтэй гэсэн Намын төв хорооны чиглэл байсан ч бид тухайн цаг үеийн байдлыг байгаагаар нь
дүрсэлж, бичиж үлдээхийг зорьж ажилласан. Ингэж ажилласан нь одоо цагт илүү үнэ
цэнэтэй мэдээлэл болж байгаа болов уу.
-Таны гэрэл зургуудад ямар цаг үе, монгол орны нутаг дэвсгэрийн аль хэсгийн иргэдийн амьдрал голлон
туссан бол?
-Энэ номонд 1960-1970 оны бүтээл голлон орсон. Газар нутгийн тухайд Архангай аймгийн Чулуут, Тариат, Их тамир сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Төгрөг сум, Ховд аймгийн Дарви, Мөнххайрхан, Манхан, Алтай сум, Увс аймгийн Тэс, Давс сумдад авсан зураг голлон орсон. Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдад авсан зургууд ч бий. Энэ зургууд нь ерөнхийдөө миний хувийн архивт хадгалагдаж байсан.