Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ХУВЬСГАЛТ МОНГОЛ” ТАНКИЙН ЦУВАА
“ХУВЬСГАЛТ МОНГОЛ” ТАНКИЙН ЦУВАА

                           Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойн өдөрт  зорилуж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтдийн эрхлэн "Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө" номноос танилцуулж байна.                            

                                                                “Хувьсгалт Монгол” танкийн цуваа

Улаан армид байлдааны зэвсэг хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр байв.

Байлдааны зэвсэг бэлэглэх шийдвэрийг олон түмэн халуунаар дэмжиж, 1942 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд 2 сая төгрөгийг Бэлэглэлийн фондод оруулжээ. Эл хэрэгт зөвлөлтийн харъяат нар онц идэвхитэйгээр оролцсон бөгөөд ерөөс хөрөнгийг босгох хандивын мэдээ “Үнэн” сонинд тусгайлан нээсэн буланд бараг өдөр дараалан гарч байв. Энэ бүхний дүнд монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэсэн “Т-34” маркийн 32, “Т-70” маркийн 21, бүгд 53 шинэ танкаас бүрдсэн “Хувьсгалт Монгол” нэртэй танкийн цуваа байгуулсныг БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид Улаан тугийн одонт танкийн 112 дугаар бригадад хүлээлгэн өгчээ.

Москвагийн ойролцоох Кубинка (Наро-Фоминскийн район) хэмээх газарт 1943 оны 1 дүгээр сарын 12-нд болсон ёслолын ажиллагаанд эгнэн жагссан танк бүрийн цамхаг дээр “Хувьсгалт Монгол улс” хэмээх үгийг тод цагаанаар талбиж, дээд захаар нь бэлэглэн өгсөн аймаг, байгууллагуудын нэрийг бичжээ. Энэ нь танкийн цуваа байгуулах үйлсэд БНМАУ-ын ард олон нийтээр оролцсоны илэрхийлэл байв. Цуглаанд 112 дугаар бригадын удирдлага, бие бүрэлдэхүүн, ЗХУ-ын Батлан хамгаалах ардын комиссиаратын ажилтнууд оролцож, БНМАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхий сайд Х.Чойбалсан баярын үг хэлж, тус улсын Засгийн газраас танкийн бригадын бие бүрэлдэхүүний хангалтыг дайн дуустал даах болсныг мэдэгджээ.

Энэ тухай тогтооолыг БНМАУ-ын 26 дугаар Бага хурлаас гаргаж, хүлээсэн үүргээ манай улс бүрэн дүүрэн биелүүлсэн юм. Дашрамд тэмдэглэхэд, “Хувьсгалт Монгол” танкийн бригад нь Францын интернационалчдын “Нормандия-Неман” нисэх эскадрилийг эс тооцвол, зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүдийн доторхи гадаадын хөрөнгөөр байгуулагдсан анхны байгууллага байжээ.


Бусад мэдээлэл