Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ ХОЛБОНО
ШИНЖЛЭХ УХААНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ ХОЛБОНО

Монгол улсын Аж үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академи хамтран “Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөнийг 2 дугаар сарын 24-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцож, “Инновацийг дэмжих нь”, “”Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зарим боломж”, “Эрдэс баялгийн цогцолборын тогтвортой хөгжил”, “Хөрөнгө оруулалт босгосон туршлага” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал солилцов.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тус арга хэмжээнд оролцохдоо аж үйлдвэрийн салбарт дэлхийн дэвшилтэт технологийг ашиглах зайлшгүй шаардлага үүсч байгааг цохон тэмдэглэв. Тэрээр “Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлгүй бол  үр ашиг муутай  зүйл болж хувирна. Дэлхийн шилдэг шинэ, технологийг эрж хайх, түүнийг оновчтой ашиглахын тулд аж үйлдвэр-шинжлэх ухааны нягт уялдаа холбоог хангах  хэрэгтэй. Манай эрдэмтэд оновчтой олон санал, санаачилга гаргадаг ч үйлдвэрлэлд төдийлөн амжилттай нэвтэрдэггүй. Тэдний санал, санаачлагыг нь бодит ажил хэрэг болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гарцыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх шаардлага байна. Үүний тулд бид Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хуулиа өөрчилж, хаврын чуулганд өргөн барихаар зэхээд байна. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн салбарын оновчтой хамтын ажиллагааны эхлэл нь хүнд үйлдвэрийн салбарт тавигдах ёстой. Ялангуяа хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд яригдаж буй томоохон төслүүд болох ган төмөрлөг, зэс хайлах, цэвэршүүлэх үйлдвэр, нүүрс хийжүүлэх, нүүрснээс шингэрүүлсэн хий  гаргах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэхэд салбарын эрдэмтэн, судлаачид, мэргэшсэн инженер, техникийн ажилчид хэрэгтэй” байна гэдгийг онцолсон юм. 

УИХ-аас баталсан Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогод эхний таван жилд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах улмаар импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын үйлдвэрлэлийн эхлэлийг тавих зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийг урагшлуулах  бодлого баримталж байгаа аж. Өөрөөр хэлбэл, зэс, өнгөт металл, нефть, химийн чиглэлийн үйлдвэрүүдийг барьж байгуулахтай холбоотой томоохон төслүүдээ  урагшлуулахад эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгарч буй юм байна. Энэ тухай тус яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга онцлов. Эрдэмтэн судлаачид ч технологийн агууламж өндөртэй үйлдвэрлэлийг эрхэлж байж өрсөлдөх чадвар нэмэгдэх болж байгаатай санал нэгдлээ.

Шинжлэх ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Манай улсад аж үйлдвэр хөгжихгүй байгаа нь шинжлэх ухааныг оролцуулахгүй байгаатай холбоотой. Үйлдвэрлэлийг цэвэр бизнес болгож хараад байна. Дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүд, том компаниуд судалгаа, шинжилгээндээ 6-7 тэрбум ам.доллар зарцуулдаг. Гэтэл Монгол Улс судалгаандаа 15-16 сая ам.доллар зарцуулж байна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Тиймээс ч  шинжлэх ухаан-судалгаа, шинжилгээ- үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага байна” гэлээ.

Дээрх арга хэмжээний үеэр Аж үйлдвэрийн яам-Шинжлэх ухааны академитай “Хамтран ажиллах  санамж бичиг”-т Аж үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбат, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гарын үсэг зурсан юм. Санамж бичигт аж үйлдвэр, технологийг хөгжүүлэх чиглэлээр төр, шинжлэх ухаан, бизнесийн тогтвортой хамтын ажиллагааг дэмжих зорилгоор төр шинжлэх ухаан, бизнесийн төлөөлөл бүхий  Үндэсний хороо, зөвлөл зэрэг байгууллагыг оновчтой хэлбэрээр бий болгож, санал, мэдээлэл солилцох.  Инновацийн хамтын ажиллагааг  хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.


 


 



Бусад мэдээлэл