Академич Х.Намсрайн нийтлэлийг хүргэж байна.
Гахай жилийн сүүлч, хулгана жилийн
эхэнд энэ дэлхий ертөнцөд сайн муу холилдон тэмцэлдсэн сонин үйл явдлаар дүүрэн
цаг үеийн онцлогийг уншигч олонтойгоо хуваалцах хүсэл төрсөн. Амьтай, амьгүй
байгалийн хөгжил хөдөлгөөн, бүтэц, мөн чанарыг орчин үеийн хүн төрөлхтөн
зураглан гаргах сайхан хувь тавилан тохиосон билээ. Биднийг хүрээлэн буй нарт
хорвоо, хөх цэнхэр гарагийн хөгжил, хөдөлгөөн, ертөнцийн бүтцийн мөн чанар,
үнэн мөнийг эрдэмтэд бүрэн зураглан гаргасан гэж үзэж болно. Английн их
эрдэмтэн С.Хоукинг Луковскийн профессорын орон тоон дээр ажиллах болсон ёслолын
арга хэмжээнд “Орчин үед байгаль ертөнцийн бүтэц, хөгжлийн мөн чанарыг зураглан
гаргах ажил дуусч онолын физикчид хийх ажилгүй боллоо” гэж ёжлон хэлсэн байдаг.
Үнэндээ цөөн тооны хувьсагч-бүрэлдүүлэгчтэй эгэл болон макро ертөнцийн бүтцийн бүтэц,
хөгжлийн зургийг эрдэмтэд томъёолон гаргасан. Харин уураг тархиндаа гар утас,
компьютерийн чип шиг мэдээлэл дамжуулах, боловсруулах эгэл үүр болох 100 орчим
тэрбум нейронтой хүний амьдралын болон тэрбум тэрбум хүнээс бүрэлдэн тогтсон
хүн нийгмийн хөгжлийн мөн чанарыг тайлах асуудал эхлээ ч үгүй байна гэж үзэж
болно. Орчлонгийн амьтай, амьгүй бүх юмны хөгжил хөдөлгөөн сайн муу хоёрын
холилдоон, хослол, тэмцэлдээний үр дүнд бий болдог. Харанхуй хоосон, гэрэл хоёрын
хослол, шүтэлцээний үр дүнд од гийж, гарагууд үүсч, амьдрал цэцэглэн хөгжжээ.
Харин хүний амьдралд сайныг буян, мууг нүгэл гэж үзэн энэ хоёрын хослол,
тэмцэлдээний үр дүнд хүн төрөлхтөн хөгжин дэвшиж явна. Орчлонд дан ганц сайн юм
гэж байхгүй, дан ганц муу зүйл гэж бас байхгүй. Энэ хоёрын харьцаа 50, 50 хувь
байхад хөгжил дэвшил явагдана. 60, 40 харьцаатай бол хөгжингүй нийгэм болно.
Харин 80, 20 харьцаатай бол дээд зэргийн боловсонгүй нийгэм болох жишээтэй.
100, тэгийн харьцаатай бол бурханы диваажин, харин тэг, 100 харьцаатай бол
тамын орон гэж үзэж болох юм. Жишээ болгож хэлэхэд дан ганц Чингэс төрлийн
жанжнуудаас, Моцарьт төрлийн суут хөгжимчдөөс тогтсон нийгэм ихээхэн нэг
төрлийн гунигтай, уйтгартай гэмээр нийгэм байх байлаа. Харин сайн муу холилдсноор
төгс нийгэм рүү тэмүүлэн хөгжинө.
Хүний сайн муу талыг жолооддог нь
түүний уураг тархинаас үүдэлтэй бодол, санаа, хүсэл тэмүүлэл билээ. Хүний таван
мэдэрхүйгээр дамжин ирсэн мэдээллийг түүний уураг тархины нейронууд хүлээн авч
боловсруулан хариу үйлдэл хийнэ. Жишээ нь шуудуу байна гэсэн нүднээс ирсэн
мэдээллийг уураг тархи тэр дор нь боловсруулж, гүйж харайх дохиог хөлний
булчинд өгнө. Тэгвэл зураг зуръя гэсэн
гэнэтийн санаа бодлыг хэн гэгч уураг тархины нейронуудад дамжуулав гэсэн асуулт
гарна. Үүнийг далдын ухамсар гэж ерөнхий нэр өгнө. Тэр нь яаж бүрэлдэн бий
болдог нууцийг хэн ч тайлж үл чадна. Харин далдын ухамсраас гарсан сайн муу
санаа бодол, хүсэл тэмүүллийг шүүлтүүрээр оруулж, сайныг нь нэвтрүүлж, мунхаг
харанхуй, муу муухайг нь тэвчиж, аргамжиж чадах арга ухааныг Будда бурхан хүн төрөлхтөнд
гэгээрүүлэн сургажээ. Хамгаас нууцийн нууц гэмээр хүний бодол санаа, хүсэл
тэмүүлэл юунаас үүдэлтэй, юу гаргаж, юу үүсгэж байгааг мэдэх боломж бараг үгүй
биз ээ. Үүнд л хүний мөн чанар оршино. Гар утас, компьютерийг эхэлж
ажиллуулахад хүн нэг товч эхэлж дардаг шиг, бодол санааг үүсгэгч товч юу юм бэ?
Хүн доторх супер буюу дээд хүн юм уу? эсвэл сүнс юм уу. Бүү мэд. Хүнээс гэнэт
гарч ирдэг сайн муу, баяртай уйтгартай, итгэмээргүй янз бүрийн санаа, бодол
магадгүй түүний уураг тархин доторх нийт нейронуудын цээлийн усанд чулуу
хаяхтай адил коллектив-хамтын хөдөлгөөн, хэлбэлзлэлийн дохио ялгаруулалттай
холбоотой байж болох юм. Тэрнээс биш ганц нэг нейроны үйлдэл бишээ. Харин
чулууг хэн эхэлж шидсэн гэдэг нь нууцын нууц хэвээр үлдэнэ.
Орчин үед хүний уураг тархины
тодорхой хэсэгт чип суулгах замаар хүний өвчнийг намдаадаг, баяр баясгаланг
авчирдаг тийм боломж гарч ирж байгаа. Үүний нэгэн адилаар хүний уураг тархинд
хэт мэдрэмтгий чип суулгах замаар хүний санаа бодол, хүсэл тэмүүлэл, уур омог
шунал, тачаалал яаж үүсдгийг бүртгэн олох боломж ирээдүйд гарч ирж болох юм.
Ийм төрлийн чип төхөөрөмжийн ачаар хүнээс гардаг муу муухай, мунхаг харанхуйг
арилгаж болох боломж гарч мэднэ. Энэ мөрөөдөл мянга мянган жилийн дараа ч
биелэгдэх юм билүү бүү мэд.
Бидний цөөхөн монголчууд төв Азийн
чээжинд өвөг дээдсийнхээ буян заяагаар амьдрал жаргалыг эдлэн амьдарч байна.
1920 оноос хойших бидний хөгжил цэцэглэлтийг ойролцоогоор 30 жилийн мөчлөгөөр
харвал 50-60 аад он хүртэл хөгжин дэвших, амьдрах арга ухаанд суралцан, олуулаа
болох алхамыг хийжээ. 80-90 ээд он хүртэл мал аж ахуйгаас юм үйлдвэрлэдэг хөдөө
аж ахуй-үйлдвэрийн орон болох суурь үндсийг тавьсан. 90 оноос хойш хүн
төрөлхтний хөгжлийн нийтлэг хандлага, давалгаанд орж хөрөнгөтний ардчилсан
нийгэмд шилжснээр өнөөдрийн өндөрлөгөөс харахад чамлахааргүй хөгжлийн үр дүнд
хүрсэн. Жишээ нь ойролцоогоор 5 тэрбум долларын өртөгтэй төмөр хөлөг хөлөглөн,
таван хошуу мал сүрэг маань 60 гаруй сая болж, хүн ам маань 3 саяыг давж, 50
тэрбум долларын өртөгтөй барилга байшин, зам харгуйг бүтээн босгосон нь өвөг
дээдсээс маань үлдээж өгсөн эх орны минь баялагийн ач тус билээ. Бид одоо цагт
хуримтлалын горимоос юм үйлдвэрлэдэг, бүтээдэг, шинэ юмыг шийддэг, шинэ
хөгжлийн замыг сонгох цаг нь болжээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл аливаа нэг
хөгжлийн эхэн үе буюу хөгжлийн эхний нялхасын өвчнөөс ангижирч, шийдвэрлэх
дараачийн хөгжлийн замд орно гэсэн үг юм. Орчин үеийн хэллэгээр мэдлэгт буюу
шинжлэх ухаанд, оюун ухаанд суурилсан хөгжлийн замд орох ёстой. Бидний сонгон
авсан хөгжлийн сайн муу тал, дээр өгүүлснээс 50, 50 харьцаатай байсан бол одоо
60, 40 харьцаатай хөгжин дэвших зам уруугаа орох ёстой. Энэ нь Европын Дани,
Щвейцарь, Австри зэрэг орны жишигт хүрэх зорилт юм. Хөгжлийн үндсийн үндэс нь
боловсротой, мэдлэгтэй, ажилсаг, ухамсартай, эв нэгдэлтэй, бүтээлч хувь
хүмүүсийг бүрдүүлэхэд л орших ба ингэснээр бидний хөгжлийн зам шулуун дарадан
болж, аливаа нэг нам эвсэл төрийн эрхэнд гарснаас үл хамаарах нөхцөл, хөгжил
урган гарч ирнэ.
Нийгмийн хөгжлийн энэ шатанд эрх
мэдэл, төрийг түшин хөлждөг зам хаагдаж, түүгээр ч барахгүй их хурлын гишүүн,
төрийн түшээ болох гэсэн хүн ч олдохгүй болж таарна. Ардчилал нь төлөөллийн
хэлбэрээс олон нийтийн өмч болж, хууль тогтоох асуудал одоогийн Щвейцарь улс
шиг бүх нийтийн санал асуулгаар цахимаар агшин зуурын хугацаанд шийддэг болно.
Тэр үед улс төрийн эрх мэдлийг авах гэсэн намуудын хоорондох хэл ам, хэрүүл
тэмцэл алга болно. Ер нь олон нийтийг хамарсан хэл ам, хэрүүл тэмцэл гарз
хохирол, гай барцад, үхэл зовлонг авчирч, заримдаа дайн дажинд хүргэдэг жамтай.
Хорвоо ертөнцөд харьцангуйн зарчим ноёрхоно. Абсолют буюу үнэмлэхүй сайн, муу
гэж байх ёсгүй. Сайн үйлийн цаана муу юм сүүмэлзэн гарч ирнэ. Муу зүйлийн цаана
сайн юм цэцэглэн гарч ирнэ. Энэ бол эргэх хорвоогийн гинжин холбоос билээ.
Ухамсартай гэмээр хувирамтгай хорт бичил биет болох вирус өндөр хөгжилтэй, баян
тансаг гэгддэг орнуудыг сандарган алмайруулж байхад буурай хөгжилтэй хар,
саарал жагсаалтанд орсон гэх хэл аманд өртсөн эх орныг минь тойрон давхиад
байдгийн цаад учир нь юу юм бол. Учир шалтгаан нь монголчууд бидний хувь заяа
гэлтэй.
Хүн төрөлхтний хөгжлийн жам ёсоор дөчөөс
тавин мянган жилийн өмнө адгуус төрлөөс гаралтай Африк тивийн сан овгийн хэдхэн
мянган тоотой хүн төрлөөс үүссэн хүмүүс одоо хөх цэнхэр гараг дээрээ ямар их
гайхамшгийг бүтээснээ бид бүгд бахархан, шүтэн биширч, дээд хөх цэнхэр
тэнгэртээ залбиран сууна. Энэ гайхамшигтай хиймэл ертөнцийг бүтээхэд хувь хүн,
улс үндэстнээс ямар их хичээл зүтгэл, зовлон шаналал, хатуужил, тэвчээр гарсныг
тоочоод барахгүй. Бурхан бий болсон түүхийг харуулсан Энэтхэгийн олон ангит
киноноос энэ тухай бидний төсөөлөл бүүрч үлгэр жишээ болж байна. Бидэнд байгаа
ойрхон жишээ гэвэл Чингэс хаан агуу их гүрнийг байгуулах гэж шүлсээрээ амаа
дэвтээж, тохойгоо дэрлэн унтсаар хатуужин, олон зовлонг гэтэлсэн гэдэг. Хүн
төрөлхтний хөгжлийг заагч их хүмүүс, бүтээлч эрдэм номтон, их сэтгэгчид, зохион
бүтээгчид их хатуужил, утгагүй хөдөлмөр зүтгэл, тэвчээр хатуужлаар хатаагдан,
их зовлонг туулсан түүх намтартай. Нэг жишээ дурдахад их зохион бүтээгч, гар
утасны эхлэлийг тавьсан С.Жобс багадаа айлд өргүүлж, зовлон зүдгүүрийг туулж,
бага балчиртаа 12км хол орших Христийн сүмд очиж цадталаа хооллодог байснаа
дурсан ярьдаг байв.
Өнөөдрийн манай нийгмийн нэг сул
тал бол хөнгөн хялбар аргаар амьдрах дадал, муу зуршилд дассан баялаг
бүтээдэггүй, харин хувшаа хурга шиг түүнийг хувчуулдаг бүхэл бүтэн нийгмийн
паразит давхарга бий болсонтой холбоотой. Үүнийг дээр үеийн хэллэгээр дамын
наймаачид, боловсноор ченжүүд гэнэ. Статистик мэдээ үнэн бол ямар нэгэн ажил
төрөл хийгээд байдаг нь мэдэгддэггүй, татвар хураамж төлдөггүй тэгсэн хирнээ
чинээлэг амьдралтай 360 мянга орчим
хүмүүс байдаг гэх юм. Энэ давхрага нь хот хөдөө, улс улс дамжин наймаа хийдэг
энэ салбарын хүмүүс юм болов уу. Дамын наймаачид нийгмийн амьдрал, эдийн засагт
үзүүлэх хор нөлөө нь хулгай хийхээс долоон дор бөгөөд үүнийг эдийн засгийн хорт
хавдар гэж үзэж болно. Энэ өвчнийг эмчлэх зүрх зориг альч төр засгийн үед
гарсангүй нь даанч харамсалтай. Энэ их хүний хүч эрдэнэт малынхаа түүхий эд
болох ноос ноолуур, арьс ширийг боловсруулдаг үйлдвэрт ажилладаг байсансан бол
америкчууд цахиурын хөндийгөөрөө дэлхийг гайхшруулдаг шиг монголчууд бид
ноолуурын хөндийгөөрөө бахархах байлаа. Тэр цаг бидэнд ирнээ ирнэ.
Монголчууд бид тансаг сайхан
байгаль, өвөг дээдсийнхээ буянаар өлсөж, цангаж, зовлон шаналалыг тэр бүр амсч
явсангүй. Саяхан л хурга ишигтэй тоглож, шилбүүр барин хонь малаа маллаж байсан
аав ээжийн охид хөвгүүд ертөнцийн сонин хачинд шоорхон тив Дэлхийн улс гүрнээр
нэг тарж, адаг сүүлд нь гай зовлонд орсноор эх орон, унасан газар, угаасан усандаа
тэмүүлэн, хар тахлаас айн зугтан ирж байна. Зуд турханд малаа алдсан олон
мянган малчид зөөлөн хялбар амьдралыг хайн хот газар бараадсан нь тэсвэр
хатуужил, зовлон зүдгүүрийг тэр бүр үзээгүйн хар гай юм. Монголчууд бид шинэ
эринд орж, шинэ хөгжил дэвшилд хүрэхийн тулд хүнээс гар тосч юм гуйхын оронд
тэвчээр хатуужлыг даван туулж, өөрөө өөрсдийнхөө хүч чармайлтаар хөгжин дэвших
ёстой. Хүн гар харж, улсаараа бөөцийлөгдөн, тэжээгдэж амьдрах замаас салах
ёстой. Энэ бол сайхан амьдрахын алтан шар зам мөн. Өнгөрсөн рүүгээ буцаад орж
чадахгүй юм чинь түүнийг санаад хэрэггүй, ирээдүйг харж, хүрч чадахгүй юм чинь
зөгнөөд хэрэггүй зөвхөн яг одоогийнхоороо амьдарцгаая. Энэ бол бурханы
сургааль.
Х.Намсрай