Академич Т.Ган-Эрдэнийн "МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД НЭМЭРЛЭХ ЦООХОР САНАЛ" нийтлэлийг хүргэж
байна.
Оршил
Бид улс орноороо зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжиж эхэлсэнээс хойш хэдийнээ 30 гаруй жил болжээ. Одоо бид байгуулсан нийгмийнхээ алдсан оносоноо дэнслэн үзээд цаашид алдаа оноо багатай, амжилт бүтээл ихтэй амьдрах арга зам эрэлхийлж байгаа энэ цаг дор манай шинжлэх ухааны салбарынхан ч бас явсан замаа эргэн харж хэлэлцэн дүгнэх нь зүйтэй мэт санагдана. Өнөөдөр юутай ч атугай бид барууны маягаар шинжлэх ухааныг хөгжүүлэх арга хэлбэрийг аваад ажиллаж байгаа улс. Тэгэх тэгэхдээ бүүр том гүрнүүдийн жишгээр хөгжүүлэх гэж оролдож иржээ. Эрдэм шинжилгээний ажлыг төсөл хэлбэрээр хийж гүйцэтгэх, судалгааны ажлын гүйцэтгэлийг хэвлүүлсэн өгүүллийн тоо, ишлэгдсэн байдлаар үнэлэх зэрэг арга хэлбэрийг авч хэрэгжүүлж байна. Эдгээр үйл ажиллагаанд алдсан зүйл ч бий, оносон зүйл ч бас бий. Нийгмийн шинэ үеийн шинжлэх ухааныг хөгжүүлсэн энэ байдлаа улам боловсронгуй болгож, цаашид чанар, үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд дараах асуудлуудад анхаарлаа хандуулж ажилламаар байна. Үүнд:
Хууль эрх зүй
Манай шинжлэх ухааны салбарын
хууль эрх зүйн баримт бичгүүдийг ерөнхийд нь гайгүй сайн батлагдсан гэж үзэж
болно. Гэхдээ шинжлэх ухаан, технологи хурдтай хөгжиж байгаа өнөө үед засаж
залруулмаар зүйл байгаа тул Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлыг тухай
хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацийн хуулийг улам
боловсронгуй болгохоор Улсын их хурлаар хэлэлцэж эхлээд байна. Мөн түүнчлэн Технологи дамжуулах тухай
хуулийг ч гэсэн удахгүй эргэн харах байх. Үүний зэрэгцээ Монгол улсын шинжлэх ухаан,
технологийг 2007 – 2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө нь дууссан учир
шинэчлэх сурагтай. Харин 2015 онд Монгол улсын Шинжлэх ухаан,
технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт (2015-2021 он), 2017 онд Шинжлэх ухаан,
технологийн талаар төрөөс баримтлах бодлого, 2020 онд Монгол улсад үндэсний
инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр (2020-2024 он) зэргийг шинэчлэн Засгийн газар батласан. Өнгөрсөн хугацаанд дээр дурьдсан
хуулиудыг хууль дүрмийн дагуу хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийж хуульд оруулах
өөрчлөлтийг хэлэлцүүлэхэд бараг бэлэн болгосон.
Эдгээр хууль эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгосоноор манай
салбарынханд үйл ажиллагаагаа явуулах хууль, эрх зүйн таатай орчин бүрднэ гэдэгт
судлаачид бид итгэж байгаа. Харин төр, засаг гаргасан хууль, тогтоолоо
хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилламаар байгаа юм.
Бүтэц
Салбарын бүтцийн
өөрчлөлтийн “түүх”- ийг харахад их сонин. Улс орныхоо шинжлэх ухааныг
хөгжүүлэхийг шинжлэх ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлт хийх гэж өнгөц ойлгодог
хүмүүс их хурал, засгийн газар, яаманд байсан. Ирээдүйд бас гарч ирэхийг
үгүйсгэж болмооргүй юм шиг байна. Энэ нь тэдэндээ бол хамгийн амархан, шинжлэх
ухаандаа бол гол төлөв хор болдог, бас хийсэн хүмүүстээ “ашигтай” ч байдаг ажил
бололтой юм билээ. Ийм бүтцийн өөрчлөлт хийхийг оролдож байсан, хийсэн хүмүүсийг ажиглаад байхад ерөнхийдөө шинжлэх
ухаанаас нилээд хол хөндий, орчин цагийн шинжлэх ухааны хөгжлийн зүй тогтолын
тухай ямар ч ойлголтгүй нь илт мэдрэгддэг. Тийм хүмүүс бүтцийн
өөрчлөлтийг хүрээлэн, төвүүдийг механикаар нийлүүлэн төсөв хэмнэнэ гэсэн гэнэн
ойлголттой байхын зэрэгцээ захирлаар нь мэдлэг, чадвар тааруухан өөрийн
“эрдэмтэдээ” томилох сонирхолтой байдаг. Ингэснээр шинжлэх ухаан, улс хохирдог.
Энэ үедээ хөрөнгө мөнгө зарж байж шинжлэх ухаан хөгждөг гэдэг хамгийн гол
зүйлийг нь таг “мартдаг”. Харин нийгмийн
шинэ нөхцөлд шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор гаргасан Шинжлэх ухааны талаар
авах зарим арга хэмжээний тухай Засгийн
газрын 1997 оны 31-р тогтоол бол
зайлшгүй гаргах ёстой тогтоол байсан болов уу гэж бодогддог. Энэ нь ч бас тийм ч муу тогтоол
биш байсан. Тогтоолыг гүйцэд хэрэгжүүлсэн бол гайгүй бүтцийн өөрчлөлт болох
байлаа. Тэгсэнгүй. Харин Монгол улсын шинжлэх ухааны түүхэнд хамгийн муу
бүтцийн өөрчлөлт 2015 онд болох дөхсөн. Тэдний төлөвлөсөн анхны хувилбараар
бүтцийн өөрчлөлт хийгдсэн бол бидний үед л манай улсын шинжлэх ухаан ахин
сэргэхийг үзэхгүй байсан байхаа. Гэвч тэр үеийн шинжлэх ухааны удирдлаганд
байсан шинжлэх ухаан ойлгодог зарим хүмүүсийн ачаар мөн шинжлэх ухаанд элэгтэй
ханддаг тэр үеийн их хурлын зарим гишүүдийн тусламжтайгаар энэ “аюулаас”
аврагдаж билээ. Шинжлэх ухаанаар тоглосон энэ хор уршиг ихтэй үйл ажиллагаа
2016 онд ч үргэлжилж сонгуулийн өмнөхөн
“шинжлэх ухааны парк”- ыг хэд хэдээр нь
цаасан дээр байгуулав. Энэ нь улс орны хөгжилд хохиролтой юм билээ. Шинжлэх
ухааны байгууллагуудын бүтцийн өөрчлөлтийг ер нь хийгээд баймааргүй зүйл юм
билээ. Харин өнөөдрийн шинжлэх ухааны энэ бүтэц засагдаж сайжирсаар байгаад
гайгүй бүтэц болсон учраас үүнийгээ бүх талаар олигтойхон дэмжээд ажиллавал
цаашид манай шинжлэх ухаан хөгжинө. Эрдэм шинжилгээний
байгууллагуудын санхүүжилтыг нэмэгдүүлэх замаар тэдгээрийг бэхжүүлж хөгжүүлмээр
байна. Мөн түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудын тоог нэмэгдүүлж
өргөжүүлэх саналтай байна. Жишээлбэл: Баруун бүсийн эрдэм шинжилгээний тархай
бутархай жижиг нэгжүүдийг нэгтгэн Ховд хотод Ховд их сургууль, ШУА хоёрын дунд,
зүүн бүсийн эрдэм шинжилгээний жижиг
нэгжийг Чойбалсан хотод Дорнод их сургууль, ШУА хоёрын дунд хүрээлэн
болгон өргөтгөх нь зүйтэй байхаа. Үүнээс гадна шинжлэх ухааны
салбарын багаж, тоног, төхөөрөмж зохион бүтээх товчоог ШУТИС эсвэл ШУА-ийн
Физик технологийн хүрээлэн дээр байгуулмаар байна. Ингээд тогтвортой мөн сайн
санхүүжилттэй хэдэн жил ажиллуулбал шинжлэх ухаан хөгжөөд үр ашигаа өгнөө.
Боловсон хүчин
Манай орны шинжлэх ухааны салбарт өнөөдөр 1500 гаруй эрдэм шинжилгээний ажилтан (full-time researcher)
төсвөөс цалинжин ажиллаж байна. Их
сургуулиудын 1500 орчим багш нар хичээл заахын зэрэгцээ эрдэм
шинжилгээний ажил хийдэг. Хувийн хэвшлийн цөөн тооны эрдэм шинжилгээний ажилтан
бас байдаг. Манай улсад 1 сая
хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтаны тоо ойролцоогоор 500 гаруй байна. Тэгвэл 1 сая хүнд оногдох эрдэм шинжилгээний
ажилтаны тоо АНУ-д 4600, Японд 5500
байна. Дэлхийн дундаж ойролцоогоор 1500
орчим юм байна. Ийм учраас манай улс
эрдэм шинжилгээний ажилтаны тоогоо ядахдаа дэлхийн дундажд хүргэмээр
байна. Эрдэм шинжилгээний ажилтаны тоог
нэмэхийн зэрэгцээ чанар чансааг нь дээшлүүлэх
нь зүй ёсны асуудал. Иймд эрдэмтэн судлаачдын залуу халааг их сургуулиуд
дээр бэлтгэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд тухайлбал
ШУА-ийн харъяанд ахисан түвшиний их сургууь байгуулж бэлтгэмээр байна. Түүнээс
гадна манай эрдэм шинжилгээний ажилтнууд ихээхэн залуужсан тул төсөл, тасаг,
лаборатори, хүрээлэн удирддаг том эрдэмтэд бэлтгэх шаардлагатай байгаа. Залуу
судлаачдыг гадаадын өндөр хөгжилтэй оронд бодлоготой, төлөвлөгөөтэй сургах
асуудлыг шийдвэрлэх л болох байх. Үүний зэрэгцээ энэ салбарын менежерүүдийг цаг
алдалгүй бэлтгэмээр байна. Харин энэ бүх ажилд их хурлын гишүүд, сайд, дарга нарын хувийн ашиг сонирхолыг аль
болох бага оруулах талаар их анхаармаар байгаа юм. Түүнийхээ оронд манай дарга нар шинжлэх ухаан
гэж юүг хэлдэгийг, эрдэм шинжилгээний ажилтан юү хийдгийг мэддэг, эх орныхоо
эрдэмтэн судлаачиддаа итгэдэг, найддаг болбол сайхан. Нийгмийн шинэ тогтолцооны
үед манай хэд хэдэн том дарга нар Шинжаан уйгараас гаралтай гэгддэг гадаадын
нэг “лут” эрдэмтэнд итгэж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж их ашиг олж өгнө
гэсэнд нь хууртагдаж лабораторийн болон үйлдвэрлэлийн үнэтэй цайтай тоног
төхөөрөмж худалдан авч эхнийх нь “шатаад” байхад дараагийнх нь зөвлөхөө болгож
“үнэтэй сургааль, зөвлөмж”-ийг нь тусгасан “сайдын албан даалгавар” гэгчийг
судлаачид бидэнд зориулж гаргаад, тараагаад байж билээ. Тэр ч байтугай шинжлэх
ухаан, технологийн үндэсний зөвлөлийн гишүүдийг хөдөө аваачаад хуралдуулсан
сурагтай. Эдгээр хууртагдсан хүмүүс дотор ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий
сайд, яамны сайд болсон, байсан хүмүүс байсан бололтой юм билээ. Ичмээр ч юм
шигээ. Харин ийм “хачин жигтэй гадаад зөвлөх”-ийнхөө үгэнд орж хачин хачин юм
хийж байхын оронд гадаадын өндөр хөгжилтэй оронд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачиддаа
зориулсан хөтөлбөр боловсруулан тэднийгээ эх орондоо ирж эсвэл хамтран ажиллах
бололцоо нөхцөлийг бий болгомоор байна. Бүх асуудлыг сайн бэлтгэгдсэн боловсон
хүчин л шийднэ шүү дээ. Ийм учраас дээр дурьдсанчлан судлаачдынхаа тоог
олшруулан чанар чансааг нь сайжруулах ажлыг цаг алдалгүй хиймээр байна. Монгол
улсын Ерөнхий сайд 2019 онд ШУА-ийн ерөнхийлөгчийг засгийн газрын хуралдаанд
суухыг урьсан шийдвэр гаргалаа. Энэ бол Монгол улсын Засгийн газар улсынхаа
шинжлэх ухааныг хөгжүүлэн ололт амжилтыг нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд
ашиглахаар шийдсэнийгээ тодорхой
илэрхийллээ гэж үзэж байна. Энэ бол Монгол улсын Засгийн газрын зүгээс гаргасан
зөв зүйтэй шийдвэр гэдэгт хэн ч эргэлзэхгүй бизээ.
Судалгааны ажлын сонголт
Судалгааны ажлын сонголт их чухал. Өнөөдөр манай улс
судалгааны ажлыг сонгохдоо дэлхий нийтэд баримталдаг хоёр хэлбэрийг хоюуланг нь
ашиглаж байгаа билээ. Эхнийх нь төр засгийн зүгээс улс орны өмнө тулгамдсан
асуудлыг шийдвэрлүүлэхээр судлаачдад санал болгодог хэлбэр. Энэ хэлбэрт манайд
бол шинжлэх ухаан, технологийн төсөл, цөм технологийн төсөл зэрэг улсын
захиалгат төслүүд орно. Дараагийнх нь
судлаачид өөрсдөө санал болгодог онолын судалгааны хэлбэр. Үүнд голчлон суурь
судалгааны төсөл орно. Манай улс хөгжиж байгаа жижиг орон учраас АНУ, БНХАУ зэрэг том гүрнүүдийн
жишгээр шинжлэх ухааны бүх салбарыг хөгжүүлж чадахгүй нь мэдээж. Тэгэхээр судлаачид бид онолын хувьд онц сонирхолтой, практик өгөөж өндөртөй
судалгааны ажлыг сонгох, түүнийгээ аль
болох өндөр түвшинд хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа юм. Өнөөдөр
яамны сайдын тушаалаар байгуулагдсан салбар зөвлөл судалгааны төсөл сонгон
шалгаруулдаг журамтай. Энүүнийг дээрээ ч дороо ч мэддэггүй учраас хаа хамаагүй
байгууллагуудыг хардана, сэрдэнэ. Өмнө нь яам, их сургууль, ШУА, хувийн
хэвшлийн төлөөлөл бүхий 17 гишүүнтэй салбар зөвлөл ер нь харьцангуй гайгүй сайн
ажиллаж байсан. Харин 2018 онд салбар зөвлөлийн гишүүдийн тоог 9 болгон
багасгаж төслийн сонголтыг 3 гишүүний саналаар шийдэгдэхээр болгосон нь чанарт
нөлөөлөх болсон. Түүнээс гадна салбар зөвлөлийн гишүүдийн мэдлэг чадвар ч бас
нөлөөлсөн байж болох талтай. Ийм учраас
салбар зөвлөлийн гишүүдийн тоог нэмэгдүүлмээр байна. Бусад оронд
гишүүдийн тоо 20 орчим байдаг юм билээ. Бас бүрэлдэхүүнийг чанаржуулмаар байгаа
юм.
Салбар зөвлөл нь төрийн яам, байгууллагуудаас ирсэн судалгааны ажлын
саналуудаас улс орны ирээдүйн хөгжлийг хангаж чадахуйц сайныг нь шилж сонгохыг
хичээдэг. Гэхдээ сайн санал ирж байж л сайн ажил сонгогдоно шүү дээ. Иймээс
судлаачид өөрсдөө санал болгодог суурь судалгааны төслийн санал ч, төр засгийн
зүгээс санал болгодог захиалгат төслийн санал ч аль аль нь сайн байх
шаардлагатай. Ингэж байж гэмээнэ судалгааны ажил сайн байна. Харин энэ түвэгтэй нарийн асуудлыг ойлгоогүйгээс болж
улс орны шинжлэх ухааны ирээдүйн хөгжилд чөдөр тушаа болж мэдэх элдэв гэнэн
томоогүй популист маягийн шийдвэр гаргах, гаргуулах талын үг яриа цухалзах
асуудал заримдаа гардаг. Жишээлбэл ганцхан “сайн” судалгааны ажилд бүх
санхүүжилтээ өгөх эсвэл өнөөдрийн судлаачдын үе дууссаны дараа шинжлэх ухаанаа эрчимтэй
хөгжүүлэх эсвэл судалгааны төслийг телевизийн шоу маягаар сонгон шалгаруулах
гэх мэтийн шинжлэх ухааны хөгжлийн зүй тогтолыг огт ойлгохгүй, бодит байдалд
нийцэхгүй, шинжлэх ухааны хөгжилд хор болмоор популист санал, хэтэрхий гэнэн
томоогүй санаачлагууд заримдаа дээрээс ч дороос ч дуулдах юм. Дэлхий нийтийг
болгоомжлол, айдас хүйдэст автуулж байгаа коронавирусийн оношлогоог манай өнөө
үеийн эрдэмтэн судлаачид л хийж ард иргэддээ үйлчилж байгааг энд онцлон хэлмээр
байна. Хэрэв дараагийн үеийн мэдлэг
чадвартай эрдэмтэн судлаачдыг “хүлээнэ гэвэл” юу болохыг эрхэм уншигч та ойлгож
байгаа бизээ. Шинжлэх ухаанд ингэж шинжлэх ухаанч бусаар хандахаар бүх юм
болохоо байгаад эхэлдэг. Харин иймэрхүү тэнэгдүү юм ярьж бодож байхын оронд
шинэ технологи бий болгоход чиглэсэн судалгааны ажлын эзлэх хувийг эрс ихэсгэх
саналтай байна.
Судалгааны ажлын санхүүжилт, хөрөнгө оруулалт
Шинжлэх ухааныг хөгжүүлдэг хамгийн гол хүчин зүйл бол
санхүүжилт. Манай шинжлэх ухааны санхүүжилт 2018 онд 30 гаруй тэрбум
төгрөг байжээ. Үүнээс 20 орчим
тэрбум төгрөгийг тогтмол (цалин, ндш г.м) зардалд, үлдсэн 10 гаруй тэрбум төгрөгийг эрдэм шинжилгээний
ажилд зарцуулжээ. Манай улс
судалгааны ажилд 2018 онд 12 320 827 000 төгрөг төсөвлөсөн байна. Харин
гүйцэтгэл нь 9 675 416 000 төгрөг болжээ. Энэ санхүүжилтыг дорхи хүснэгтэнд
зарцуулсан салбар, голлон авдаг байгууллагуудыг бичив.
|
Шинжлэх ухааны салбар |
Санхүүжилт (мянган төгрөг) |
Санхүүжилт голлон авдаг газар |
Эзлэх хувь |
1 |
Анагаах |
1,963,037.5 |
АШУҮИС |
20.0 |
2 |
Байгаль |
2,456,065.0 |
ШУА, МУИС |
25.8 |
3 |
Нийгэм |
1,222,039.6 |
ШУА, МУИС |
12.8 |
4 |
Техник |
1,221,971.5 |
ШУТИС |
12.8 |
5 |
Хөдөө аж ахуй |
2,551,645.3 |
ХААИС |
26.8 |
6 |
Хүмүүнлэг |
97,020.0 |
ШУА, МУИС |
1.0 |
2019 болон
2020 оны санхүүгийн тоо баримтыг энд авч үзэж болохгүй байна. Учир нь коронавирусын
цар тахал энэ тэрээс болоод санхүүжилт өөрчлөгдсөн болно. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.12
орчим хувь байв. Харин 2020 онд эрдэм шинжилгээний зардал 9 тэрбум төгрөгөөр буурав.
Энэ бол байж боломгүй зүйл. Шинжлэх ухааны суурь дэвсгэр нь боломжийн хэмжээнд тавигдсан,
бэлтгэгдсэн судлаачдын бага боловч гайгүй чанартай нөөцтөй манай орны хувьд энэ
нь хэтэрхий бага санхүүжилт. Бүр
хэтэрхий бага. Шинжлэх ухаан судлаачид санхүүжилт нь ДНБ-ий 1%-д хүрэхэд тэр улсын шинжлэх ухаан нь
улсын эдийн засагтаа мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг гэж үздэг юм байна. Тийм учраас
ойрын үед санхүүжилтийг 1%-д хүргээд дараа нь үе шаттайгаар өсгөж ДНБ-ийн 3-4% дээш гаргах шаардлагатай гэж үзэж
байна. Ингэж байж шинжлэх ухааны үр
шимийг хүртэнэ. Өнгөрсөн 2019 онд зохион байгуулагдсан Шинжлэх ухааны анхдугаар
их хуралд үг хэлсэн, илгээлт ирүүлсэн Монгол улсын Ерөнхийлөгч, Их хурлын
дарга, Ерөнхий сайд нар бүгд нэгэн дуугаар шинжлэх ухаандаа маш бага санхүүжилт
өгч байгааг хүлээн зөвшөөрсөн нь олзуурхууштай зүйл. Үүнээс гадна сүүлийн үед
намууд сонгуульд оролцохдоо шинжлэх ухааны санхүүжилтыг ихэсгэх тухай хөтөлбөртөө тусгах
болов. Тухайлбал өнөөгийн засгийн газар шинжлэх
ухааны санхүүжилтыг 4 дахин нэмэгдүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөндөө
орууллаа. Судлаачид санхүүжилт нэмэгдэнэ гэдэгт их итгэж, найдаж байгаа. Дэлхийн
өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаанаа хөгжүүлж байж л улс орноо хөгжүүлсэн
байдаг юм байна. Ялангуяа жижиг орнууд
ухаан зарж байж л хөгждөгийг Израйл улсын жишээнээс харж болно. Ердөө 8 гаруй
сая хүнтэй Израйл улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.9 хувийг буюу 18.6
тэрбум долларыг шинжлэх ухаандаа зарцуулсаныхаа үр дүнд өнөөдөр өндөр хөгжилтэй
улс орнуудын тоонд ороод байна. Эдийн засгийн хямралын үед АНУ, Израйл зэрэг
орнууд шинжлэх ухаандаа хөрөнгө оруулж улсаа хямралаас гаргадаг юм байна. Ийм
сайхан жишээг авч хэрэгжүүлмээр байгаа юм. Манай улс шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт
хийх шаардлагатай болоод удаж байна. Ихэнх хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний
багаж тоног төхөөрөмж, барилга, байгууламж муудаж хэвийн үйл ажиллагаа
явуулахад хүндрэл бэрхшээл гарах боллоо. Манай эрдэм шинжилгээний
байгууллага, их сургуулиудад сүүлийн 30
жил хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй учир одоо улс шинжлэх ухаандаа нэн
тэргүүнд 25 орчим сая америк
долларын хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай болоод байна. Ийм хөрөнгө
оруулалтыг Дээд боловсролын шинэчлэлийн төсөл шиг Азийн хөгжлийн банкны
хөнгөлөлттэй зээлээр хийхэд болмоор санагддаг. Дээд боловсролын шинэчлэлийн 20
сая доллар зарцуулсан төслийн хүрээнд ганцхан гайгүй лаборатори байгуулсан.
Ингэж хөрөнгө мөнгийг үр ашиггүй үрээд байвал судалгааны их сургууль яаж
байгуулах юм бол доо. Ер нь төслийнхөө
үр дүнг юү гэж дүгнэсэн бол? Ер нь шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө оруулалт
боловсролд оруулсанаас хурдан үр ашгаа өгдөг юм билээ. Үүний зэрэгцээ нэгэнт
хөрөнгө оруулалт хийж авсан үнэтэй цэнтэй багаж, тоног төхөөрөмж, лабораторийг
бүрэн дүүрэн ашигламаар байна. Байр
савнаасаа болоод ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв Мах
комбинатад, ЭМШУИС-ийн Цөм лаборатори Нэгдсэн 3-р эмнэлэгийн дэргэдэх Сувилахуйн
сургууль дээр байгуулсан тэр үед лабораториуд хэрэглэгчээсээ холдож сайн
ашиглагдахгүй байдалтай байсан түүх бий. Харин Монгол, Хятадын хэрэглээний
молекул биологийн лаборатори Хан уул дүүрэгт Армоногийн байранд байгуулсаны
цаад учрыг бодоод бодоод олоогүй. Тэрнээс
гадна тооцоо судалгаагүй, хэрэгцээ шаардлагагүй газар лаборатори байгуулсанаас
болж 5.5 тэрбум төгрөгөөр авсан тоног төхөөрөмжөө ашиглаж чадахгүй байсаар
байгаад 4 жилийн дараа 1.9 тэрбумын үнэтэй багажаа актлахаар санал оруулсан
тухай сонсогдох юм. Гэтэл нөгөө талд нь ШУА-ийн
харъяа хүрээлэнгүүд багаж, тоног төхөөрөмжөөр “цангаж” байх жишээтэй. Гадаадад
эрдэм шинжилгээний байгууллагыг хамгийн сайхан газар байгуулдаг. Жишээлбэл
АНУ-д Нью Йорк хотын хамгийн сайхан газар Cold Spring Harbor Laboratory байгуулагдсан байдаг. Гэтэл манайд засгийн
газар нь шийдвэр гаргаад эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байрыг прокурорын
газарт шилжүүлсэн тохиолдол ч бий. Мөн 2015 онд ханиад томууны улирлын үед
Сангийн яамны харьяа байгууллагын хүмүүс хүрээлэнгийн байруудыг хүүхдийн
эмнэлэг болгоно гээд явж байж билээ. Ийм хандлагыг өөрчилмөөр байна. Харин одоо хандлага өөрчлөгдмөөр болоод явчих шиг байна. Яагаад ингэж байна
гэвэл Засгийн газар шийд гаргаж 2020 оны 10-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын
Баянзүрх дүүрэг дэх Ботаникийн цэцэрлэгт 94 тэрбум төгрөгийн төсөвтэй Шинжлэх
ухааны инновацийн төвийн кластерийн цогцолборын шавийг тавиад барьж эхэллээ. Цогцолбор 2023 онд
ашиглалтанд орно. Нийт 74300 хавтгай дөрвөлжин метр талбайтай манай шинжлэх
ухааны салбарт урьд хожид байгаагүй аварга барилга байгууламж. Ач холбогдолоороо
бүүр ч том. Монголчууд бид “сааль хураахаар саваа бэлд” гэдэг дээ. Сайхан
савтай болж байгаа болохоор “сааль сүү” нь ч бас нэмэгдээд ирнэ гэж итгэж,
найдаж байна. Ингээд судлаачдынхаа тоог нэмээд багаж, тоног төхөөрөмжтэй
болчихвол ч шинжлэх ухаан хөгжиж үр өгөөж нь нэмэгдээд ирнэ. Гэхдээ нэг юмыг
зориуд хэлмээр байгаа юм. Өнгөрсөн 30 жилд манай дарга нар нэг ч төгрөг
гарахгүйгээр “бүтцийн өөрчлөлт” гэдэг юм хийчихээд л шинжлэх ухаанаа хөгжүүлэх
гэж олон дахин оролдож үзээд ердөө бүтээгүй шүү гэдгийг ахин дахин сануулж
хэлмээр байна. Энэ хэсгийн төгсгөлд мөнхийн хөдөлгүүрийг одоо болтол хийгээгүйг
нэмээд хэлчихье дээ.
Судалгааны ажлын үнэлгээ
Судалгааны ажлыг дүгнэх асуудал
маргаантай асуудал. Өнөөдөр манай зарим судлаачид эрдэм шинжилгээний ажлын үр
дүнгээ олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлж л байвал сайн гэж үзэж байхад
нөгөө хэсэг нь бид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох технологи
боловсруулах судалгаа хийж байвал хэвлэж нийтлүүлэх асуудал бараг хэрэггүй
шахуу гэх нь бий. Ингэж туйлшрах нь буруу. Уг нь онолын хувьд онц сонирхолтой, практик өгөөж
өндөртэй судалгааны ажил хиймээр байгаа юм. Гэтэл амьдрал адармаатай болохоор
ийм судалгааны объект олдох нь ховор. Салбартаа сайн эрдэмтэн байхын зэрэгцээ
орчин үеийн дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг “гадарладаг” өөрийн орны
шинжлэх ухааны хөгжил дэвшлийг мэдэхээс гадна нийгэм эдийн засгийн байдлаа ойлгодог
хүн иймэрхүү төсөл олж сонгож чадна. Манай эрдэмтэн судлаачид гадаадын нэр
хүндтэй сэтгүүлүүдэд судалгааныхаа ажлын үр дүнг хэвлэх явдал улам бүр өргөжин
тэлж байгаа нь тун сайшаалтай. Энэ нь нэг талаас манай судлаачид дэлхийн
түвшний судалгааны ажлыг хийж гүйцэтгэх чадвартай болсоныг нөгөө талаас дэлхийн
шинжлэх ухааныг шинэ мэдлэгээр баяжуулж байгааг харуулж байгаа юм. Мөн түүнчлэн эх орноо
гадаад ертөнцөд сурталчилж байгаа нэг хэлбэр. Эрдэм шинжилгээний олон өгүүлэл
гадаадын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэх нь шинжлэх ухааныг сайн хөгжүүлж
байгаа орон гэж үнэлэгдэх нь ч бий. Ингээд гадаадад эрдэм шинжилгээний өгүүлэл
хэвлүүлэхийн сайн талыг тоочоод байж болно л доо. Гэвч ертөнцөд оршин буй бүх
юм харьцангуй байдаг учир энэ бидний хөндөж буй асуудал ч сайнтай муутай. Энэ
асуудал ялангуяа манайх шиг жижиг, шинжлэх ухаандаа маш бага мөнгө зарцуулдаг
улсын хувьд шинжлэх ухааныхаа хөгжилд саад болж мэдэх шинж тэмдэг сүүлийн үед ажиглагдах
болов. Зарим судлаач жилд хэд хэдэн өгүүлэл бичиж хэвлүүлж байхад зарим нь
хэдэн жил болж байж нэг өгүүлэл эсвэл бүүр нэг ч өгүүлэл хэвлүүлж чадахгүй байх
тохиолдол байна. Гэхдээ судлаачдыг нь хараад байхад олон өгүүлэл хэвлүүлж
байгаа судлаач цөөн өгүүлэл хэвлүүлж байгаа эсвэл хэвлүүлж чадахгүй байгаа судлаачдаас
аль ч талаараа дутахааргүй судлаачид байх юм. Бас хийсэн ажил нь ч сайн, улс
оронд тустай ажил байх юм. Нөгөө талаас цөөн өгүүлэл хэвлүүлдэг судлаачдын
дотор хэвлүүлж нийтлүүлэхээс гадна технологи боловсруулах судалгааны ажлыг гол
зорилго болгосон судлаачид бас бий. Энэ нь юун түрүүнд тухайн судлаачийн ажиллаж
байгаа шинжлэх ухааны салбараас ихээхэн хамаарч байна. Мэдлэг чадвар, нарийн
багаж төхөөрөмж, үнэтэй урвалж бодис ихээхэн хэмжээгээр шаардсан, өрсөлдөөн
ихтэй шинжлэх ухааны салбарт муу тоноглогдсон, хангамж муутай лабораторид ажиллаж
байгаа манай судлаачид онолын судалгааны ажил хийж чадахгүй байна. Ингэхээр ийм
салбарт ажилладаг эрдэмтэдийг бичсэн өгүүллийн тоогоор нь ажлыг нь дүгнэвэл
учир дутагдалтай. Гэхдээ харамсалтай нь
иймэрхүү нарийн шинжлэх ухааны салбар л улс орныг хөгжүүлдэг шинэ технологи бий болгодог. Энэ
салбарын эрдэмтэд технологи боловсруулж,
технологийн заавар, стандарт батлуулж, патентын эрх хамгаалж, улмаар гарааны компани байгуулж, шинэ бүтээгдэхүүн
бий болгох, өндөр технологи нутагшуулж
эх орныхоо эдийн засгийг олон тулгууртай болгохын төлөө чармайн ажиллаж байна.
Байдал ийм байхад ийм судлаачид муу гэж
үнэлүүлэхэд хүрээд байна. Сая 2021 оны эхээр болж өнгөрсөн ШУА-ийн
академичийн сонгуулиар 5 хүн сонгогдож академич болов. Эдгээр шинэ академичид бүгдээрээ
хийсэн ажилтай, хэлэх үгтэй эрдэмтэд байлаа. Бүгдийн нь ажлыг биш харин захаас
нь нэг хүний нь ажлыг энд дурьдахад ШУТИС-иас академич болсон профессор бол уул
уурхайн том том машин механизмуудийг буулгахгүйгээр метал хийцийн нь эвдрэл
гарч болох ан цавыг оношлодог судалгааны ажил хийдэг хүн байлаа. Энэ нь зарчимын
цоо шинэ нээлт биш байх л даа. Гэхдээ улс орны хөрөнгө мөнгийг хэмнэхэд
чиглэсэн, шавь сургууль бий болгосон, оносон зохьсон эрдэм шинжилгээний ажил
хийдэг хүн байв. Би л хувьдаа сонголт оновчтой боллоо гэж үзсэн. Гарах хэл амыг үл хайхран иймэрхүү шинэ
технологи, техник бий болгох, нутагшуулах шинжлэх ухааны салбаруудыг түлхүү хөгжүүлэх
нь зүйтэй. Өнөөдөр дэлхий дахинд зарим судлаачид 5 хоногт 1 эрдэм шинжилгээний
өгүүлэл бичиж байна. Манай орны эрдэмтэд ч үүнээс нэг их дутахгүй 23 эрдэм
шинжилгээний өгүүлэл жилд буюу 14 хоногт нэгийг бичиж байна. Судлаачийг олон
өгүүлэл хэвлүүлсэнээр нь үнэлдэггүйг бас дурьдмаар байна. Жишээлбэл 2004 онд химийн ухааны салбарт Нобелийн
шагнал хүртсэн А. Hershko гуай нийтдээ 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл
хэвлүүлсэн бөгөөд үүнээс 100 гаруй өгүүллийг Нобелийн шагнал авах хүртэлх
хугацаанд бичсэн байх юм. Гэтэл өнөөдөр манай зарим эрдэмтэд 100 гаруй өгүүлэл
бичсэн байх нь элбэг. Мөн дэлхийд уураг
тодорхойлох аргын тухай өгүүллээрээ 300 000 гаруй удаа ишлэгдсэн Oliver H. Lowry
гуай Нобелийн шагнал хүртээгүй байх жишээтэй. Сүүлийн үед гадаадад эрдэм
шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхийг л төрөл бүрээр урамшуулах болов. Энэ байдал удаан
үргэлжилбэл шинжлэх ухааныг системтэйгээр хөгжүүлэхэд саад болж мэдэхээр байна.
Үүнийгээ урт хугацааны шинжлэх ухааны бодлоготойгоо зөв уялдуулан уян хатан
хэрэглэх нь зүйтэй мэт санагдах юм. Мөн улсаас төслийг нь санхүүжүүлсэн хэдэн
төгрөгөөрөө бэл хийгээд унаган ургамал, амьтнаа гадаадын лабораторид авч
очиж “ажиллаад” эрдэм шинжилгээний
өгүүлэл бичээд л яваад байх хандлага гарах болов. Энэ нь эх орондоо эрдэм
шинжилгээний ажлыг хийх чадавхи бий болгохоосоо илүү өгүүлэл болох “судалгаа”- г
эрхэмлэх болгоод байна. Мөн түүнчлэн хялбардуухан
салбарт ажиллаж, олон өгүүлэл бичиж шилдэг эрдэмтэн болох, өгүүлэл бичсэний шан харамж авах зэрэг нь
судлаачдыг бүтээлч, асуудал шийдсэн судалгаа хийхээс хөндийрүүлэх нь. Иймэрхүү популист
явдал зөвхөн манай улсад ч тохиолдож байгаа асуудал биш юм билээ. Ер нь судлаачид бид Монгол улсдаа нарийн шинжлэх ухааны
салбарт хийсэн судалгааны ажлаараа гадаадын нэр хүндтэй сэтгүүлд өөрсдөө бие
даан өгүүлэл хэвлүүлэх чадавхийг бий
болгомоор байна. Сүүлийн жилүүдийн анагаах,
физик, химийн салбарт Нобелийн шагнал авч байгаа ажлыг харахад ерөнхий дүр
зураг нь харагдана даа. Хэрэглээний судалгааны ажил хийж шинэ технологи
боловсруулж шинэ бүтээгдэхүүн бий болгосон ажлыг бас л сайн шилж сонгож, үр
дүнг нь сайтар шүүн хэлэлцэж дүгнэж үздэг баймаар байна. Хэрэглээний судалгааны
ажил нэрээр шинжлэх ухааны багтаамж муутай, туршилтын ажил хийх хэрэггүй шахуу “эрдэм
шинжилгээний ажил” хийж улсын хөрөнгө мөнгө үрж, хүмүүсийн цаг завыг барсан
асуудал бидний ажилд оршсоор байна. Бидний
хийж байгаа хэрэглээний судалгааны зорилго бол жирийн компани, байгууллага, ард
иргэд хийж чадахгүй, шинжлэх ухаан шингэсэн, экспортонд чиглэсэн, импорт орлох
бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох судалгааны ажил хийх ёстой юм. Ийм ажлын үр
дүн л манай улс орны эдийн засгийг солонгорон хөгжүүлэх учиртай. Бидний аль ч
судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх асуудал бас л учир дутагдалтай байгаа учраас
энэ асуудлыг шинэ шатанд гаргамаар байна. Ийм
учраас өнөөдөр бид гадаадын нэр хүндтэй
сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдэд болон боловсруулан гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээний
судалгааны ажилд дүн шинжилгээ хийж судалгааны ажлын дүр төрхөө эргэн нэг хармаар
байна. Эцэст нь хэлэхэд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, шинэ
бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгосон судалгааны ажлыг адилхан үнэлэх
шаардлагатай юм. Хүн төрөлхтөн эрдэм шинжилгээний бүтээл хэвлэдэг тусгай
сэтгүүл гаргаад даруй 300 гаруй жил болжээ. Анхны сэтгүүл 1665 онд Франц хэлээр Journal des
Sçavans, англи хэлээр Philosophical Transactions of the Royal Society гэдэг
нэртэй гарсан байна. Хорьдугаар зууны дунд үе хүртэл хянан магадлагаа хийх
асуудал тийм ч чухал зүйл биш байсан бол харин өнөөдөр хянан магадлагаа хийх нь
сэтгүүлийн чухал асуудал болоод байна. Мөн олон мянган сэтгүүлүүд гарч ирсэн
учраас тэдгээрийг чанар чансаагаар нь эрэмбэлж эхэлсэн байна. Сэтгүүлүүдийг
цаасан дээр хэвлэдэг хуучин хэлбэрээс гадна online хэлбэрээр буюу электрон хэлбэрээр гаргах
болов. Бид өнөөдөр эх орныхоо эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлүүдийн чанар чансааг
сайжруулах ажлыг улам эрчимжүүлмээр байна. Дотоодын эрдэм шинжилгээний
сэтгүүлүүдээ Impact factor-тай болгомоор байна. Энэ талаар Mongolian Journal of
Chemistry, Central Asian Journal of Medical Sciences зэрэг сэтгүүлүүд тодорхой
үр дүнд хүрээд байгааг бас энд дурьдмаар байна. Ийм үүсгэл санаачлагыг дэмжмээр
байна.
Эрдэм шинжилгээний
байгууллага
Манай ганц нэг эрдэмтэн багш нар эрдэм шинжилгээний ажлыг зөвхөн их сургууль дээр хийж гүйцэтгэдэг гэж хааяа ташаарах нь бий. Юм ойлгодог, учрыг нь мэддэг, суурь шинжлэх ухааны салбарт цаг завгүй ажилладаг хүмүүс нь ийм юм огт ярьдаггүй юм билээ. Энд хамгийн гол зүйл бол эрдэм шинжилгээний ажлыг хаана хийх нь ердөө хамаагүй харин онол, практикийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн улс эх орныхоо хөгжил дэвшилтэнд тус нэмэр болох асуудал юм. ШУА-ын хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний ажлаа хийж гүйцэтгэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа. Энэ нь арга ч үгүй юм. Энд долоо хоногт 5 өдөр, өдөрт 8 цаг судалгаа, туршилтын ажил хийж байна шүү дээ. Өнөөдөр дэлхий дээр 110 орчим Шинжлэх ухааны академи ажиллаж байна. Эдгээр академиудын 30 гаруй нь манай Монгол улсын ШУА-тай адилхан хүрээлэн бүхий бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Үүнээс гадна дэлхийн улс орнуудад шинжлэх ухааны академитай төстэй бүтэцтэй нийгэмлэг, үндэсний хүрээлэнгүүд олон бий. Эдгээр нь их сургууль биш шүү. Энэ нийгэмлэг, хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Жишээлбэл: Герман улсад 18 судалгааны төвтэй, 4.56 тэрбум еврогийн төсөвтэй Helmholtz Association of German Research Centres, 72 хүрээлэнтэй, 28000 ажилтантай, 2.8 тэрбум еврогийн төсөвтэй Fraunhofer Society, 96 их сургуулийн бус хүрээлэнтэй, 20000 ажилтантай, 1.9 тэрбум еврогийн төсөвтэй Leibniz Association, 86 хүрээлэнтэй, 17000 ажилтантай, 1.8 тэрбум еврогийн төсөвтэй Max Planck Society зэрэг нийгэмлэг, төв ажиллаж байна. Рикен (RIKEN) бол Япон даяар долоон кампустай 3000 орчим судлаачтай том хүрээлэн. Суурь болон хэрэглээний судалгааг хийж дэлхийн 485 түншүүдтэй хамтран ажилладаг. Энэ хүрээлэн Японы засгийн газраас санхүүжигддэг, жилийн төсөв нь 790 сая доллар. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH) нь АНУ болон дэлхийн хамгийн том био анагаахын судалгааны байгууллага. Жил бүр 41.7 тэрбум орчим доллар төрөөс авч зарцуулдаг. Санхүүжилтийнхээ 80 гаруй хувийг улсынхаа 2500 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 300000 гаруй судлаачдад 50000 грантаар олгодог. Мөн энэ төсвийнхөө 10 орчим хувийг 6000 орчим эрдэмтэд ажилладаг өөрсдийн 27 хүрээлэнгийн судалгааны ажилд зарцуулдаг. Израйл улсын анханы ерөнхийлөгч Хайм Вейзман Израйл улс байгуулагдахаас 14 жилийн өмнө 1934 онд байгуулсан Вейзманы шинжлэх ухааны хүрээлэн (Weizman Institute of Science), 3500 эрдэмтэн судлаачидтай, Nature сэтгүүлийн чанарын индексээр 2019 онд дэлхийд 2, дэлхийн шилдэг 25 эрдэм шинжилгээний хүрээлэн/их дээд сургуулиудын U-Multirank-ийн ангиллаар судалгааны чансаагаар дэлхийд 2-рт эрэмбэлэгдэж байна. Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (KIST) Солонгосын эдийн засаг хүнд үед АНУ-ын тусламжаар 1966 онд байгуулагдсан. Одоо энэ хүрээлэн дотоод, гадаадад хэд хэдэн салбартай, 1800 эрдэмтэн судлаачтай, өөрийн их сургуультай судалгааны том төв болсон байна. Шинжлэх ухааны академиудын тоо өсөн нэмэгдэхийн хирээр бүс нутгийн болон олон улсын эвсэл, холбоод бий болж байна. Жишээлбэл, Интеракадемийн түншлэл (The Interacademy Partnership) нь 111 үндэсний шинжлэх ухааны академиас бүрдсэн том сүлжээ юм. Европ дахь ALLEA, Африкийн Шинжлэх ухааны академийн сүлжээ NASAC, Латин Америк дахь IANAS, Ази дахь AASSA зэрэг 8 дэлхийн болон бүс нутгийн академиуд, 6 шинжлэх ухааны салбарын ажиглагч байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Шинжлэх ухааны парк
Манай эрдэмтэн судлаачид дэлхийн шинжлэх ухаанд шинэ мэдлэг бий болгохын зэрэгцээ эх орондоо шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ бий болгох чиглэлийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Монгол улсын шинжлэх ухаан хэдийгээр санхүүжилт тааруухан авч байгаа боловч эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж байгаа үр өгөөж их байгааг хэлэх нь зүйтэй. Бидний бас нэг чухал зорилго бол судалгааны ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх явдал юм. Судалгааны ажлын ололт амжилтыг амьдралд хэрэгжүүлдэг газар бол Шинжлэх ухааны парк. Шинжлэх ухааны паркын гол бүрэлдэхүүн хэсгүүд нь гарааны компани, лаборатори, инкубатори болон бусад дэд бүтцийн байгууллагууд. Засгийн газар эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам баталж, Шинжлэх ухааны паркын захиргааг БШУЯамны дэргэд байгуулан ажлыг нь эхлүүлсэн. Шинжлэх ухааны паркын нийгэм, эдийн засгийн ач холбогдол нь нэг талаас эх орны шинжлэх ухааны ололтыг үйлдвэрт нэвтрүүлэх нөгөө талаас гадаадын шинэ, өндөр технологийг нутагшуулан эх орондоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ үйлчилгээ бий болгож эдийн засгаа олон тулгууртай болгон хөгжүүлэх явдал юм. Шинжлэх ухааны паркыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт шинэ нисэх онгоц буудлын ойролцоо байгуулах санал гаргаад явж байгаа билээ. Энэ саналыг Төв аймгийн удирдлага ихээхэн дэмжиж байгаа. Манай улс Шинжлэх ухааны парк байгуулах талаар БНХАУ-аас техникийн тусламж, зөвлөлгөө авч байсан. Харин манай яамны санаачлагаар Монгол улсын засгийн газар 2016 оны сонгуулийн өмнөхөн МУИС, ШУТИС дээр Шинжлэх ухааны парк – Мэдээллийн технологи, ШУТИС, ХААИС дээр Шинжлэх ухааны парк – Биотехнологи гэсэн паркуудыг “цаасан дээр” байгуулсан тааруухан туршлага бий. Одоо иймэрхүү хэт популист, улс төр, сонгуулиас хамаатай шийдвэр гаргаж, гайгүй эхэлж байсан ажлаа үрэн таран хиймээргүй байна. ШУТИС дээр ч Хятад улсын Цинхуагийн их сургуультай хамтарсан парк байгуулах ажлыг эхлүүлсэн ч олигтой үр дүн гараагүй. Энэ талаар хийсэн ажлаа дүгнэж цэгнээд хийх ажлаа сайн бодож төлөвлөмөөр байна. Чингэвэл бид шинжлэх ухааны ололт амжилтыг хүртэх болно.
Гадаад харилцаа
Манай орон өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Солонгос, Беларус, Въетнам,
Тайван зэрэг орнуудтай шинжлэх ухаан, технологийн талаар хамтран ажиллаж байна.
Бид гадаад хамтын ажиллагааг хөгжүүлснээр судалгааны ажлын түвшингээ дээшлүүлж,
боловсон хүчнээ мэргэшүүлж авдаг. Түүнээс гадна олон улсын болон гадаадын
шинжлэх ухааны сангуудаас судалгааны төсөл авдаг чадавхийг дээшлүүлэх чухал
асуудлыг орхигдуулж болохгүй. Манайх шиг жижиг, хөгжиж байгаа орны хувьд идэвхтэй
гадаад хамтын ажиллагаа маш чухал учраас гадаад хамтын ажиллагаагаа улам
өргөжүүлж, идэвхжүүлмээр байгаа юм. Олон
улсын болон гадаадын тусламжийг аваад шинжлэх ухааны чадавхи бий болгосныхоо
дараа улс нь үйл ажиллаггааг нь хэвийн явуулах санхүүжилт өгөх шаардлагатайг Эстонийн сүүлийн үеийн гашуувтар
туршлагыг бид бас л санаж явах хэрэгтэй
юм байнаа.
Төгсгөл
Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ухаан, боловсрол, мэдлэг, хөтлөн явуулах ур чадвар дээр нь тэвчээр, тууштай байдал зайлшгүй шаардлагатай юм байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт тогтвортой байдал их чухал юм байна. Бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад шинжлэх ухааныг сайтар тайлбарлах, ойлгуулах шаардлагатай юм байна. Өргөн олон нийтэд шинжлэх ухааны сурталчилгааг сайн хийх хэрэгтэй юм байна. Нийгмийг соён гэгээрүүлэх ажил их хийх хэрэгтэй юм байна. Хамгийн сүүлд хэлэхэд улс орноо хөгжүүлье гэвэл шинжлэх ухааныг л хөгжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг дахин дахин хэлмээр, захимаар, сануулмаар байна. Энэ бүхэнд сайн санхүүжилт, санхүүжилт бас дахин санхүүжилт хэрэгтэй гэдгийг онцлон захиж хэлмээр байна.
Манай
нутгийн Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн
баатар, яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай
“Боржигоны бор тал” шүлгэндээ
...
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж
зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон ... Боржигоны
бор тал минь гэсэн байдаг.
Тийн
учир би эрхэм хүндэт бодлого боловсруулагчид, шийдвэр
гаргагчид болон судлаачдыгаа хэрсүү болгохыг зорин үүнийг тэрлэв. Авах гээхийн
ухаанаар хандана бизээ. Улсаас өгч байгаа жаахан хэдэн төгрөгийг сайн
нэмэгдүүлээд бас зөв зүйтэй зарчихвал зүгээр юм даа гэж бодоод “амьтаны” дургүй
хүргэсэн ийм юм биччихлээ. Гэхдээ шинжлэх ухааны салбарт идэвхтэй бөгөөд
тасралтгүй ажилласан дөч гаруй жилийн туршлага дээрээ тулгуурлан бичсэн энэ
өгүүлэл маань нүдийг нь оноогүй ч нүүрийг нь оносон болов уу гэж бодож байна. Болгоогтун.