Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгчдийн газраас гуравдахь жилдээ ШУА-иас эрдэмтэн судлаачдад олгодог грант төслийн тайлан, үр дүнг хэлэлцүүлэх зорилготой “ШУА-ийн грант мини симпозиум”-ыг 4 дүгээр сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус симпозиумаар нийт 19 төслийн тайланг хэлэлцсэн юм. Тухайлбал ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн доктор (PhD) О.Бөхцоож “Нярайн инкубаторыг зохион бүтээх туршилт, судалгаа”, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн доктор (PhD) А.Хауленбек “Цөлжилтийг сааруулах технологи боловсруулахад хээрийн бүсийн ховор ба ховордсон ургамлуудыг ашиглах нь”, академич Ш.Дэмбэрэл “Биологийн идэвхтэй сүүн хүчлийн нянг сувиллын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах нь”, ШУА-ийн Палентологи, геологийн хүрээлэнгийн доктор (PhD) Н.Тунгалаг “Өмнөд Монголын Цагаан суваргын зэс-молибдены ордын хүдэржилт ба хувирлын судалгаа”, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн доктор (PhD) Д.Пүрэвжав “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг тогтолцоотой судлах арга зүйг боловсруулан, бүс нутгийн онцлогийг тодруулах” зэрэг сэдвүүдээр тайлан хэлэлцүүлэв.