Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.БАТСҮРЭН 100 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖАА ГАРДЛАА
Д.БАТСҮРЭН 100 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖАА ГАРДЛАА

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-аар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн шалгарч, шагналыг Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат 11 дүгээр сарын 24-ний өдөр гардуулан өглөө.

 Тэрбээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ 100 сая төгрөгийн эзэн болж байна. Академич Д.Батсүрэн нь 40 гаруй жил эрдэм шинжилгээ, судалгаа-туршилтын ажил эрхэлж, Монгол орны 50 шахам зүйл эмийн ургамлын химийн судалгаа явуулж, 300 гаруй цэвэр бодисыг таньж тодорхойлсны дотор шинжлэх ухаанд урьд өмнө нээгдээгүй байсан 37 байгалийн нэгдлийг олж тогтоожээ.

Мөн дагуурын хүж өвс нэртэй ургамлаас 22 бодисыг цэвэр ялгаж, долоон бодисыг шинээр нээснээр байгалийн нэгдлийн химийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.1-д зааснаар суурь, хавсарга судалгаа эрхэлж байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт “Байгаль, нийгмийн ухааны шагнал” олгодог. Энэ тогтоолын дагуу шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргах юм.


 



Бусад мэдээлэл