Монгол улсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Монгол улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Нийслэлийн Боловсролын Газартай хамтран “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аяллыг 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Танилцах аяллыг нээж ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан үг хэлсэн бөгөөд ШУА-иас эрхлэн гаргадаг ном бүтээлийн дээжээс сургуулиудын номын санд бэлэглэсэн юм.
Тус аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 35, 58, 79, 87 дугаар дунд сургууль болон Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нийт 200 орчим сурагчид хуваарийн дагуу хамрагдав. Тус аялалд оролцсоноор хүүхэд багачууд маань шинжлэх ухааны шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэж, танин мэдэж, цаашлаад шинжлэх ухаанч, оюунлаг иргэн болон төлөвшихөд нөлөөлөх юм.
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн 2015 оны 6 дугаар сараас эхлэн Хүннү молл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг аж.
Харин ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны 6 дугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд маань “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.
Танилцах аяллыг ETV тв, Royal тв, Малчин тв, Монголын үндэсний олон нийтийн радио, “Өнөөдөр” сонин, “Монголын үнэн” сонин, www.gogo.mn, www.montsame.mn, www.dorgio.mn, www.unuudur.mn, www.shuud.mn, www.olloo.mn, www.sonin.mn, www.zuv.mn, www.time.mn, www.zaluu.com, www.mas.ac.mn зэрэг 17 хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурталчилсан байна.