Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны Академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулах ёслолын үйл ажиллагаа 2 дугаар сарын 17-ны өдөр ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байранд боллоо. Энэхүү санамж бичигт УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг болон ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүллээ.
Тус санамж бичгийн зорилго нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсран биологийн олон янз байдал, цэвэр усны хангамж, хөрсний чанарт сөргөөр нөлөөлж, байгаль орчин, экологийн хэвийн төлвийг алдагдуулах магадлалтай байгаад анхаарал хандуулан, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 25-30 жилийн динамик өөрчлөлтийн судалгаа, шинжилгээний үр дүнг нарийвчлан боловсруулж, нэгтгэн, цаашид авах арга хэмжээний санал зөвлөмж бүхий бүтээл бэлтгэх болон ногоон хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулахад оршиж байна.
Мөн энэ үеэр БОНХАЖ-ын Сайд Н.Батцэрэг яамныхаа холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтаар ШУА-ийн харъяа байгалийн ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Сайд эхлээд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн ургамал судлал, микробиологи, биотехнологи, Хими, химийн технологийн хүрээлэнгийн экологийн химийн лаборатори, полихлорт бифенилийн лаборатори болон удаан задардаг органик бохирдуулагч ба ил шаталт болон EM технологитой холбоотой төслийн явцтай танилцсан юм. Хүрээлэнгийн захирал болон холбогдох салбарын эрхлэгч нар өөрсдийн салбарт яамны дэмжлэг, санхүүжилт, захиалгаар хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хамтран хийж болох ажлуудаасаа дуулгасан юм. Тухайлбал, зөвхөн монгол оронд ургадаг унаган ургамал, устах аюултай 150 гаруй ургамлын жагсаалтаар бүтээл гаргах, ботаникийн цэцэрлэгийн статусыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”, “Байгалийн ургамлын тухай хууль” зэрэгт оруулан тогтоолгох, мөнхцэвдэгийн ашиглалт хамгаалалтын талаар хууль тогтоомж гаргах, “био-ариус” хэмээх гэр хорооллын бие засах газрыг ариутгах бэлдмэл гаргасан бөгөөд төв цэвэрлэх байгууламжийг цэвэрлэх боломжтой гэх мэт асуудлуудыг тавьлаа.
Танилцуулга, үйл ажиллагаатай биечлэн танилцсаны дараа Н.Батцэрэг сайд хэлэхдээ, “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг хүнтэй зүйрлэвэл түүний зүүн гар нь яах аргагүй шинжлэх ухааны байгууллагууд юм. Байгаль орчин, тогтвортой хөгжил, зохистой хэрэглээ гэдэг үгний цаана шинжлэх ухаан, түүний тооцоо судалгаа, үндэслэл явах учиртай.Энэ нь аливаад шинжлэх ухаанчаар ханд гэсэн үг мөн биз. Тиймээс бид шинжлэх ухааны байгууллагуудтайгаа нягт хамтарч ажиллаж, хамтын ажиллагаагаа илүү ойртуулах, салж нийлдэг тогтолцоог “халах” шаардлагатай байна. Шинжлэх ухаангүйгээр хөгжинө гэдэг бол нүдээ боогоод алхахтай агаар нэг. Иймд та бүхэн хийсэн суурь судалгааныхаа ажлуудыг практик ач холбогдолтой болгох, ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гадны байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй холбогдож, мэдээллээ солилцож байх хэрэгтэй. Аливаа зүйлийн хөгжлийг төлөвлөхөд анхдагч мэдээллийг та бүхэн бидэнд өгч, адил чиг үүрэгтэй газрууд авч ашиглаж сурах хэрэгтэй юм. Аливаа төрийн бодлого, хууль тогтоомж, дүрэм журам боловсруулах ажлын хэсэгт орж өөрсдийн санаа бодлыг тусгуулж байх шаардлагатай. Биологийн салбар нь өргөн гадаад харилцаатай байхыг шаардаж байгаа тул олон улсад нэмэгдэх болсон экосангуудтай холбогдож туршлага судлах, хөрөнгө татах ажлыг эрчимтэй эхлүүлэх хэрэгтэй. Манай яаман дээр 20 гаруй гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Эдгээрт манай эрдэмтэн судлаачид оролцох, аливаа төсөл хөтөлбөр хэрэгжсэний дараа бид өөрсдөө мэргэшсэн, үндэсний чадавхи дээшилсэн байхёстой. Та бүхэн өөрсдийн салбарт бидэнтэй хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлбэл бид дэмжихэд бэлэн байна. Хэдийгээр Засгийн Газрын бүтэц өөрчлөгдөхөд сайд нар дагаад солигддог ч намайг байгаа энэ цаг үед та бүхэн миний зүгээс ямар дэмжлэг авахыг хүсч байна тэр бүр дээр олон улсын байгууллага, засгийн газар, холбогдох яам, агентлагуудтай холбож өгч, гинжин хэлхээ үүсгэхэд бэлэн” хэмээсэн байна.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич
Б.Энхтүвшин, “Шинжлэх ухааны
салбар бол байгаль орчинтой салшгүй холбоотой
Та Монгол Улсын Сангийн Дэд
сайдаар ажиллаж байх үедээ ч бидний ажлыг дэмжин ажиллаж байсан.Тэдгээр
ажлууд одоо ч үргэлжилсээр байгааг энэ дашрамд дурдмаар байна. Шинжлэх
ухааны салбар бол яах аргагүй байгаль орчинтой салшгүй холбоотой гэдэг таны
үгтэй санал нэг байна. Аялал жуулчлал, хөрс, ус, ой гээд хамрахгүй хүрээ
байхгүй тул хамтын ажиллагаагаа цаашид улам бүр өргөжүүлэнэ гэдэгт итгэлтэй
байна” хэмээв.