Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЭРДЭМТЭД ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭН ҮЗҮҮЛЭВ
ЭРДЭМТЭД ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭН ҮЗҮҮЛЭВ

Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95, Шинжлэх Ухааны Академи үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016”  үзэсгэлэн, худалдаа Монголын уран зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд 11 сарын 23,24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээж БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхнийлөгч, академич Д.Рэгдэл нар үг хэлсэн юм. БСШУС-ын Сайд Ж.Батсуурь хэлэхдээ, “ 2015 оны байдлаар манай эрдэмтэн судлаачид нийт 9735 бүтээл туурвиж, үүнээс дотоодод 7624, гадаадад 2111 бүтээл хэвлүүлснээс 952 ном, 4519 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Шинэ бүтээлийн патент 34, ашигтай загварын гэрчилгээ 29, зохиогчийн эрхийн гэрчилгээ 45-ыг авчээ. Энэ 2016 оны статистик хараахан гараагүй ч гэсэн 2015 оныхоос дутахгүй үр дүнтэй байгаа гэдэгт бид эргэлзэхгүй байна. Эдгээр бүтээлүүд нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээгээд Засгийн Газраас дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд эрдэмтэд, судлаачдыг хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

Харин ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлсэн үгэндээ, “Монгол улсын шинжлэх ухааны салбар зөвхөн монголд төдийгүй дэлхий дахинд оюуны бүтээл, мэдлэг үйлдвэрлэдэг харьцангуй бие даасан салбар болон хөгжсөн байна. Энэ салбарыг авч явахад нойроо хугаслан, чөмгөө дундартал хөдөлмөрлөж яваа нийт эрдэмтэн судлаачиддаа талархал илэрхийлье” хэмээв.

Үзэсгэлэнд 30 гаруй хүрээлэн, төв, корпораци, 10 их, дээд сургууль, 5 лаборатори, гарааны 15 компани, хувийн хэвшлийн 6 компани, 2 төрийн бус нийт 68 байгууллага оролцож, 200 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн, загварууд, шинэ технологийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм.

Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 24-ний өдөр болж, энэ үеэр “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2016” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр гардуулав. Тэргүүн байранд Шинэ анагаах ухаан дээд сургууль, М.Амбагын “Цансэр-3 эм бэлдмэл”, дэд байранд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Д.Цэрэндуламын “Монгол Алтайн барагшун”, ХААИС-ийн Инноваци бизнесийн хөгжлийн төв , Б.Мөнхбатын “Бионүүрс”, тусгай байранд  ХААИС-ийн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, М.Бямбасүрэнгийн “Шавьжийн гайхамшигт ертөнц бүтээл”, Армоно корпораци, Б.Оюунтуяагийн “Ус нэвтэрдэггүй ажлын гутал”, Дулаан техник, үйлдвэрлэл экологийн хүрээлэн, Б.Жаргалсайханы “Автомат удирдлага бүхий усан халаалтын зуух” бүтээлүүд тус тус шалгарчээ.



Бусад мэдээлэл