Эрдэм шинжилгээний ажилтны баярыг тохиолдуулан уламжлалт “ХИМИ-2023” эрдэм
шинжилгээний бага хурлыг энэ жил тус хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн
лаборатори үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит болгон 2023 оны 11
дүгээр сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,
ХХТХ-ийн захирал, доктор Л.Жаргалсайхан, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, шинжлэх
ухааны доктор, С.Шатар нар мэндчилгээ дэвшүүлэв.
Хуралд тус хүрээлэнгээс төрөн гарсан ахмад эрдэмтэд болох
Төрийн соёрхолт, доктор Д.Сэлэнгэ “БНХЛ-ийн 50 жил, анд нөхдүүд”, Шинжлэх
ухааны доктор С.Нарантуяа “БНХЛ-Монгол улсад: свот шинжилгээний дүнгээс”,
Шинжлэх ухааны доктор Г.Одонтуяа “ Ургамлын хоёрдогч метаболитийн судалгаа,
хэтийн чиг хандлага, хэрэглээ” сэдвүүдээр хүндэтгэлийн илтгэлүүдийг
танилцууллаа.
Хуралд Байгалийн нэгдлийн хими, хүнсний хими, биохими;
Эрдэс боловсруулалтын технологи, органик бус хими, материал судлал; Органик
хими, шатах ашигт малтмалын хими технологи; Экологийн химийн чиглэлүүдээр нийт
69 илтгэлийг аман болон ханан хэлбэрээр хэлэлцсэн ба МУИС, МУИС-ийн Ховд аймаг
дахь салбар сургууль, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МҮИС, Дархан ТС, “Эрдэнэт үйлдвэр”
ТӨҮГ, МОНОС-Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, ШШЕГ, ШУА-ийн Газар зүй,
геоэкологийн хүрээлэн, ШУА-ийн Биологийн хүрээлэн, ШУА-ийн Физик технологийн
хүрээлэн зэрэг 19 байгууллагын судлаач, эрдэмтэд оролцож судалгаа хөгжүүлэлтийн
ажлын үр дүнг танилцуулав.
Мөн хурлын нээлтийн үйл ажиллагааны үеэр 2023 оны 10 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Байгалийн нэгдлийн химийн лабораторийн 50 жилийн ойн нэрэмжит “ХИМИ-2023” олимпиадад нийслэлээс шалгарсан сурагчдад шагнал гардуулав.