Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эрдэмтэд Говь-Алтай аймагт МАА-н гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулна
Эрдэмтэд Говь-Алтай аймагт МАА-н гаралтай түүхий эдийг  боловсруулах  үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулна

Монгол улсын Шинжлэх ухааны академи  Говь-Алтай аймгийн ЗДТГ хамтран “Говь-Алтайн хөгжлийн шинэ гарц” Эрдэм шинжилгээний хурал хэлэлцүүлгийг  /2023.04.08/ зохион  байгууллаа. Хэлэлцүүлэгт Говь-Алтай аймгаас төрөн гарсан акадeмич, эрдэмтэд, докторууд, профeссоруудаас бүрдсэн 100 орчим эрдэмтэн судлаач  оролцож нутгийн хөгжил, хөгжлийн шийдлээр санал солилцож, илтгэл  хэлэлцүүлээ.  

Эрдэмтэн судлаачдын хэлэлцсэн гол сэдэв нь Говь-Алтай аймгийг хөгжүүлэх  хөгжлийн гарц юу байж болох тодруулбал,  малчдыг  хэрхэн чинээлэг амьдралтай болгох вэ, ХАА-н ялангуяа малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг хэрхэн өсгөх вэ гэдэг асуудлыг хөндсөн юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Говь-Алтай аймгийн ЗДТГ, ШУА хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төрийн өмчит их сургуулиудын төлөөлөл болон “Мандах”  их сургууль хамтран зохион байгуулав. Хурлын зорилго нь  МАА-н гаралтай түүхий эдийг гүн боловсруулдаг үйлдвэрийг Говь-Алтай аймагт байгуулах, түүний  ТЭЗҮ-г боловсруулах, мөн   Говь-Алтай аймгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад эрдэмтэн судлаачдыг татан оролцуулахад чиглэгдэж байгаа юм.

Энэ ажил биеллээ олсноор Говь-алтай аймгийн ард иргэд цаашлаад Монгол улсын ХАА-д оруулж  байгаа томоохон  хувь нэмэр, үлгэр жишээ болно гэж  зохион байгуулагчид үзэж  байна.  

 “Говь-Алтайн хөгжлийн шинэ гарц” эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Бид сүүлийн 30 гаруй жил төлөвлөгөө гэдэг юмнаас цэрвэж ирснийхээ горыг одоо маш сайн амсаж байгаа. Төлөвлөгөө гэж ярихаар социализм гэж ойлгодог,  энэ үзэгдэл монголд одоо улам нэмэгдээд байгаа. Социализм бол төлөвлөгөөтэй байсан. Капитализм тэрнээс илүү төлөвлөгөөтэй байх ёстой. Тэгж чадаж  яваа улс нь өнөөдөр дэлхийн хөгжлийн бүх салбарт л манлайлж  байна. Хөгжлийн тухай асуудлаа төлөвлөгөөнд үндэслэж яваагүй удсан учраас монгол орны хөгжлийн асуудал маш ээдрээтэй байгаа юм.     Өнөөгийн нийгэмд яг одоо  идэвхтэй ажиллаж байгаа хэсэгт төлөвлөгөө мэдэх хүн  цөөхөн үлдсэн. Салбар болгон  ямар нэг хэмжээгээр төлөвлөлт ажлын төлөвлөгөө гаргадаг ч тэр ажлыг  ердөө аппаратын хүчээр хийдэг гэдэг  буруу ойлголт газар авсан. Энэ цаг үед Говь-Алтай аймгийн удирдлагууд орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөө  шинжлэх ухааны үндэслэлтэй  гаргая гэсэн санал санаачилга гаргаж байгаа нь цоо шинэ хандлага боллоо” хэмээн онцлов.   

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатар  “Сүүлийн 30 жилд  Говь-Алтай аймаг  төдийгүй Монгол улсын хэмжээнд шинжлэх ухаанд тулгуурлаж хөгжлийн төлөвлөлт гаргасан газар харагдахгүй байна гэж хэлж болно. Тэр дундаа манай Говь-Алтай аймгийн хувьд сүүлийн 30 жилийн турш хийсэн төлөвлөлт,  хөрөнгө оруулалтыг харахад үнэхээр байгаа оноогүй хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг. Хүндээ чиглэсэн хүнийхээ эрүүл мэнд боловсрол, орлоготой байх тал дээр хөрөнгө оруулалтыг төдийлөн хийсэнгүй. Сонгуулийн шоу маягтай, эсвэл хүндээ наалдацгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн байна. Тиймээс бид бүхэн ШУА болон Говь-Алтай аймгийнхаа нийт эрдэмтэн судлаачидтай хамтраад аймгийнхаа урт хугацааны төлөвлөлтийг хамтран гаргая, ямар нэгэн улс төржилт, нам эвсэлд хамааруулахгүй. Зөвхөн тоо баримт, нөхцөл байдалд тулгуурласан  бодит дүгнэлт хийж, шинжлэх ухаанчаар төлөвлөлтөө гаргая гэдэг зорилгоор өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг хийж байна. Бид Говь-Алтай аймгийнхаа  8000 гаруй малчдыг хамтарсан үйлдвэртэй болгохыг зорьж байна. Өнөөдөр Монгол улс даяар малын гаралтай түүхий эд боловсруулдаг үйлдвэр алга. Та засгаас  үйлдвэр бариад өгчих юм шиг сэтгэж, хүлээсээр өнөөг хүрлээ.  Одоо бид дэмий дээшээ харж, ямар нэгэн улс төрчийг юм уу, хэн нэгэн чинээлэг хүнийг харалгүйгээр өөрөө өөрсдийнхөө амьдралын төлөө зүтгэх цаг нь ирсэн. Малчид маань өөрсдөө нийлээд малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэртэй болохоос өөр замгүй юм байна гэдгийг ухаарсан. Энэ үйлдвэрийг барьж байж бид өнөөдрийн ХАА-г хөгжүүлж, малчид сайхан амьдрах  байна гэдэг санаачилга гаргаад явж байгаа. Энэ санаачилгыг ажил хэрэг болгохын тулд ТЭЗҮ хамгийн чухал. Энэ талаар эрдэмтэн судлаачдаасаа дэмжлэг авч байгаадаа баяртай байна”  хэмээн ярилаа. 


Бусад мэдээлэл