Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа
Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа

ШУА-ийн удирдлага болон Тэргүүлэгчдийн газрын ажилтнууд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн үйл ажиллагаатай 2022 оны 7 сарын 21-ний өдөр танилцлаа. Уг хүрээлэн нь 1921 онд байгуулагдсан манай орчин цагийн шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн үндсэн нэгж Монголын түүхийн эх хэрэглэгдэхүүн, сурвалж бичиг, түүх соёлын дурсгалт зүйлсийг сурвалжлан олж цуглуулах чиглэл бүхий тасгаас эхлэлтэй юм.

Тус хүрээлэнгийн Сурвалж судлал, баримт, мэдээллийн төв болон Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвд цуглуулан, судалгааны эргэлтэд оруулан хадгалж буй түүхийн эх хэрэглэгдэхүүн, сурвалж бичиг, баримт материалтай танилцаж, үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх талаар санал солилцов. 


Сурвалж судлал, баримт мэдээллийн төв нь анх 2006 онд Монголын түүхийн судалгааны базыг өргөжүүлэх зорилгоор байгуулагдан Монгол улсын түүхийг судлан боловсруулах судалгаа шинжилгээний ажлын явцад түүх, археологи, угсаатан судлалын холбогдолтой эх болон хуулбар нэн ховор баримтаар бүрдүүлсэн 5.000 гаруй хадгаламжийн нэгж, 240.000 гаруй хуудас хуудас баримтыг 11 сан хөмрөгт ангилан хадгалж, судалгаанд ашиглуулж, 25.000 номоор судлаачдад үйлчилж байна.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Сурвалж судлал, баримт мэдээллийн төвд хадгалагдаж буй түүхийн баримтын сан хөмрөг нь Архивын ерөнхий газрын Түүхийн баримтын архивын сан хөмрөгийн дараа орохоор том хэмжээний сан хөмрөг юм” хэмээн онцлов. 


Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төв нь 1950-аад оны сүүл үед “Археологи- Этнографийн тасаг” нэртэйгээр анх байгуулагдан, 1985 онд  Угсаатны зүйн сектор, 2006 онд Угсаатан судлалын салбар, 2019 оноос Угсаатан судлал, биет бус соёлын өвийн төв болгон өргөжин хөгжиж байна. 


Тус төв  нь ОХУ, Унгар, Япон, Англи зэрэг улсуудын их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтарсан судалгааны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2015-2017 онд “Монгол угсаатан ба даяаршил: Угсаа- түүх, өв соёл” нэртэй /SST-055/ суурь судалгааны төслийг хэрэгжүүлж амжилттай дуусгажээ. 2018-2021 онуудад “Монгол нүүдэлчид: Аж ахуй, угсаа-соёл (XIX-XX зуун)” онолын суурь судалгааны төсөл хэрэгжүүлж, “Ойрад монголчуудын нийгэм, аж ахуй, соёлын асуудалд: XIX- XX зуун” хамтын бүтээл бичиж байна.



Бусад мэдээлэл