Монгол Улсад Шинжлэх
Ухааны Академи байгуулагдсаны 60 жил, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100
жилийн ойн хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбараас
“Монгол Улсад шинжлэх ухааны сэтгүүл үүсэж хөгжсөн нь” сэдэвт эрдэм шинжилгээний
цахим хурал 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр боллоо.
ШУА, МЭДН-ээс эрхлэн гаргадаг “Шинжлэх ухаан-амьдрал” сэтгүүл анх
1935 онд “Шинэ толь”, 1941 оноос “Шинжлэх ухаан”, 1957 оноос “Шинжлэх ухаан,
техник”, 1960 оноос “Шинжлэх ухаан”, 1965 оноос “Шинжлэх ухаан, амьдрал”
нэртэйгээр 1995 он хүртэл 309 дугаар уншигчдадаа хүрч байгаад хэсэг зуур
тасалдан 2009 оноос тогтмолжин уншигчдын гар дээр очиж байна. “Шинжлэх ухаан
амьдрал” сэтгүүл нь шинжлэх ухааны ололт, амжилт, нэрт эрдэмтдийн бүтээл
туурвил, арга барил, залуу эрдэмтдийн шинэ соргог санаа сэдэл, танин мэдэхүйн
сонирхолтой мэдээлэл, баримтыг хэвлэн нийтэлдэг. “Шинжлэх ухаан амьдрал”
сэтгүүлийн 50 жилийн ойг тохиолдуулан 1985 оны 11-р сарын 4-ний өдөр БНМАУ-ын
АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийг “Алтан гадас” одонгоор шагнасан
түүхтэй.
Энэхүү цахим хурлаар
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Ч.Батдорж Шинжлэх
ухааны хүрээлэнгийн “Шинэ толь сэтгүүл”-ийн тухай сэдвээр; «Монгол Уламжлал
Академи»-ийн тэргүүн, шинжлэх ухаан судлаач, доктор (Ph.D), профессор Л.Дашням «Шинжлэх
ухаан амьдрал» сэтгүүлийн танин мэдэхүй, соён гэгээрлийн үүрэг, оролцоо
сэдвээр, Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн тэргүүн, «Кузбас» шинжлэх
ухаан, боловсролын төвийн Монгол дахь төлөөлөгч, доктор (Ph.D), профессор
С.Хаш-Эрдэнэ «Эрдэм дэлгэрсэн жаран» сэдвээр; ШУА-ийн Философийн хүрээлэнгийн
Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) О.Хатанболд «Философи,
эрхийн судлал» эрдэм шинжилгээний цувралын үүсэл, хөгжил сэдвээр; ШУА-ийн
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D) Д.Өсөхжаргал «Монголын
Ботаникийн сэтгүүл»-ийн үүсэл, хөгжил сэдвээр; ШУА-ийн ХХТХ-ийн
лабораторийн эрхлэгч, академич Ж.Тэмүүжин Монгол Улсад химийн салбарын
мэргэжлийн сэтгүүл үүсэж, хөгжсөн нь сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. «Философи, эрхийн
судлал», «Монголын Ботаникийн сэтгүүл» нь 1976 онд үүсэн байгуулагджээ.
Цахим хуралд ШУА-ийн Тэргүүн
дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн НШУСБЧ-ны дарга, академич
Н.Бэгз болон ШУА-ийн салбарын бага чуулганы гишүүд, ШУА-ийн ХЗХ-ийн захирал,
доктор (Sc.D), профессор Ж.Бат-Ирээдүй, Философийн хүрээлэнгийн захирал, доктор
(Ph.D), дэд профессор Б.Пүрэвсүрэн, ШУА-ийн дэргэдэх «Шинжлэх ухаан-амьдрал»
сэтгүүлийн эрхлэгч, доктор (Ph.D) Г.Пүрэвдорж, БШУЯ-ны дэргэдэх Боловсролын
хүрээлэнгийн ЭНБД, доктор (Ph.D) С.Санжаабадам, Монголын философийн холбооны
ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр, Монголын ном сангийн консорциумын УЗ-ийн
гишүүн, Л.Гантулга, Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Удирдлагын академи,
Төрийн албаны зөвлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, СУИС-ийн Соёл, урлаг
судлалын хүрээлэн, МУБИС, ХААИС, Монголын Үндэсний их сургууль, Монгол Уламжлал
академи, Үндэсний номын сан, ШУА-ийн хүрээлэнгүүдийн сэтгүүлийн хариуцлагатай
нарийн бичгийн дарга нар болон хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтнууд
зэрэг 60 орчим оролцогчдын бүрэлдэхүүнтэй болж өнгөрөв.
Хурлын үеэр ШУА-ийн
хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний цуврал бичиг, сэтгүүл болон их дээд
сургуулиудаас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний бичиг (сэтгүүл), онол -арга
зүйн болон танин мэдэхүйн чиглэлээр хэвлэгддэг олон нийтийн дунд түгээмэл
хэрэглэгддэг сэтгүүлүүдийн талаар бэсрэг танилцуулгыг зохион байгуулагчдын
зүгээс бэлтгэн танилцуулав.
Хуралд оролцогчид
энэхүү цахим хурлын үр дүнг өндрөөр үнэлж сайшаасны зэрэгцээ хурлын үр дүнд илтгэгчдээс
гаргасан санал, дүгнэлт болон хэлэлцүүлгийн үед гарсан саналуудыг нэгтгэн
бодлогын болон эрх зүйн хүрээнд энэ чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхэд
чиглэгдсэн зөвлөмж санал боловсруулан гаргахаар тогтов. Цахим хурлыг санаачлан
зохион байгуулсан ШУА-ийн Философийн хүрээлэнгийн зүгээс хурлаас гарсан зөвлөмжийг
албажуулан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Бага чуулган, ШУТС болон БШУЯ-нд
хүргүүлэх ажлыг хариуцан ажиллахаар болов.