Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.РЭГДЭЛ: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ САНАЛ СОНССОНООС ӨӨРӨӨР ТӨР БИДЭНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛААГҮЙ
Д.РЭГДЭЛ: АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ САНАЛ СОНССОНООС ӨӨРӨӨР ТӨР БИДЭНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛААГҮЙ

Монгол улсын шинжлэх ухааны академи. Нэр нь том, чухал мэт боловч төрөөс ямар нэгэн дэмжлэг, хамтын ажиллагаагүй мөнчгөрөөрөө явж ирсэн байгууллага. Монгол улс шинжлэх ухаандаа дотоодын нийт бүтээгдэхүүний 0.1 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Энэ нь хаанаа ч хүрдэггүй болохоор олон улсаас төсөл хэрэгжүүлэх замаар хөрөнгөө босгож байгаа гэх. Маш бага хөрөнгө зарцуулдаг ч онолын судалгаагаараа Азидаа эхний 20 байрт жагсч байгаа энэ байгууллагын талаар Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа.

 

-Монголын Шинжлэх Ухааны Академийн бүтцэд 2015 онд өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Энэ өөрчлөлт үр дүнтэй байсан уу?

 

 -Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар гаргасан байдаг. Зөвхөн шинжлэх ухааны академи биш Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтэц зохион байгуулалт орон тоонд өөрчлөлт оруулсан юм. Хэрэгжиж эхлээд дөрвөн жил боллоо. Энэ тогтоолын сайн үр дүн төдийлөн харагдахгүй байгаа. Саар нь сайнаасаа их бий.

 

Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд төрийн албан хаагчдын тоог цөөрүүлнэ гэж зарласан. Энэ бодлогынхоо хүрээнд хамгийн түрүүнд эрдэм шинжилгээний салбарын орон тоог 15 хувиар цөөрүүлчихсэн. Шинжлэх ухааны байгууллагад ажилладаг 280 ажилтан цомхотголд өртсөн. Гэвч эрдэм шинжилгээний салбарт цомхотгол хийчихсэн мөртөө бусад салбарт ер цомхотгол хийгээгүй. Яах гэж ийм шийдвэр гаргасан нь ердөө ойлгомжгүй байгаа юм.

 

Тэр тусмаа Монгол Улс нэг сая хүнд ногддог эрдэм шинжилгээний ажилтны тоогоороо Ази тивийн дунджаас гурав дахин бага байдаг улс. Бас нэг саар шийдвэр нь хүрээлэнгүүдийн тоог цөөрүүлж, нэгтгэсэн. Тэр үед төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллага 50 орчим байсан юм. Нэгтгэсний дараа 23 орчим л эрдэм шинжилгээний байгууллага үлдсэн байдаг. Энэ шийдвэр хэрэгжүүлэхдээ эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухааны академиас ердөө санал аваагүй. Зүгээр л нийлүүлчихсэн. Одоо болтол энэ шийдвэрийн сөрөг үр дагавар ажиглагдсаар л байгаа. Нийлүүлэх огт шаардлагагүй хоёр өөр салбарын эрдэм шинжилгээний байгууллагыг нэгтгэчихсэн.  Ам нээвэл уушги нээ гэгчээр сөрөг үр дагаврыг нь арилгая, бүтцийн өөрчлөлтийг шинжлэх ухаанчаар өөрчилье гэдэг саналыг эрхэлсэн яаманд оруулаад нэг жилийн нүүр үзэж байна. Одоо болтол энэ асуудлыг Засгийн газарт оруулсангүй. Салбар яамны сайд хурдан өөрчлөгдөж байгаатай ч холбоотой байж болох юм.

 

-Төр шинжлэх ухаантайгаа авцалдаж хөгжихгүй, саналыг нь сонсдоггүйтэй л холбоотой юм байна, тийм үү?

 

-Тийм. Угаасаа шинжлэх ухааны салбар юу бодож, зорьж байна вэ гэдэг нь төрд сонин биш байна л даа. Улстөрчид дур зоргоороо шийдвэр гаргадаг. Энэ тогтоолтой холбоотой ажиглагдсан өөр сөрөг үр дагаврууд ч бий. Сая би голлох хоёрыг нь л хэлчихлээ. Дурдах ёстой сөрөг үр дагавар гэвэл шинээр байгуулагдсан хүрээлэн бүрийн орон тоог нь заачихсан. Нэг талаас бодоход ашигтай юм шиг боловч нөгөө талаас шинжлэх ухааны салбар хурдан хөгжиж байгаа учраас хүрээлэн хооронд хүн хүч сэлбэх, лабораторийн тоног төхөөрөмж ихтэй газар нь гол хүчээ төвлөрүүлж ажиллах ямар ч боломжгүй болгочихож байгаа юм. Энэ бол маш буруу шийдвэр байсан. Энэ тогтоол гарахаас өмнө Ч.Сайханбилэг маш том алдаа хийх гэж байсан. Бүх эрдэм шинжилгээний байгууллагыг их сургуулиудад хуваарилаад, 2-3 жилийн дотор улсын төсвөөс гаргана гэж шийдвэрлэх гэж байсан. Үүнийг шинжлэх ухааны салбар ихээхэн эсэргүүцэж 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, албан шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байлаа. Үүний хүчинд энэ асуудал тэгээд намжсан.

 

-Ч.Сайханбилэгийн Засгийн газраас хойш хоёр Ерөнхий сайдтай боллоо. Ерөнхий сайд нар та бүхэнтэй уулздаг, зөвлөдөг, саналыг нь сонсдог уу?

 

-Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өмнөх Ерөнхий сайд нар тодорхой хэмжээнд уулзаж санал солилцдог байсан. Нийтэд нь уулздаггүй юм аа гэхэд удирдлагын түвшинд уулздаг байсан юм. Түүнээс хойш уулзах нь их багассан. 2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нэг удаа хүлээн авч уулзан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахад эрдэмтдийн санал, шийдэл боловсруулахад гурван сар л хамтран ажилласнаас өөрөөр төдийлөн хамтран ажиллаагүй дээ.

 

-Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.4 хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг байсан. Одоо энэ тоо нэмэгдсэн үү, буурсан уу?

 

-Энэ тоо хэлбэлзэлтэй байдаг. Миний мэдэхийн 2012 онд шинжлэх ухааны салбарын зардлыг анх удаа төсөвт суулган нэмсэн юм. Тэгэхэд энэ хэмжээ 0.2 хувьтай байсан. Үүнээс хойш үндсэндээ энэ салбарын зардлыг албан ёсоор нэмсэнгүй л дээ. Манай эдийн засаг 2012 оноос хойш саараад, 2016 оноос хойш өсөлттэй гарснаа бодоход ДНБ-тэй харьцуулсан зардал буурч байгаа.

 

Миний баримжаа тооцоогоор 2018 оны гүйцэтгэлээр шинжлэх ухааны салбарын ДНБ-тэй харьцуулсан зардал 0.1 орчим л гарах болов уу л гэж бодож байна. Зургаан жилийн өмнөх харьцуулахад хувь хэмжээгээрээ хоёр дахин буур ч байна гэсэн үг.

 

Нийт мөнгөн дүнгээрээ хоёр тэрбум орчим буурч гарах байх. Энэ салбарын санхүүжилт угаасаа бага. Үүн дээр нэмэгдээд дахиад хоёр тэрбумаар буурч байна гэдэг нь салбар оршин тогтноход хүнд байгаа гэж хэлж болно. Өндөр хөгжилтэй орнуудад ДНБ-нийхээ 2.5-4.2 хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг. Тухайлбал Израйл 4.2 хувиа зарцуулдаг. Хүн амын тоогоороо нэг их хол зөрүүгүй шүү дээ. Энэ улс мөнгөн дүнгээр хэмжих юм бол 12 тэрбум ам.доллар зарцуулдаг гэсэн үг. БНХАУ л гэхэд 2018 оны гүйцэтгэлээр 550 тэрбум ам.доллар зарцуулчихаад байна. Монгол Улс шинжлэх ухаан, технологийн салбараа дэлхийн жишигтэй нийцүүлье л гэж байгаа бол бодлогын арга хэмжээ авах ёстой.

 

-Гаднын шинжлэх ухааны байгууллагууд тотмоохон компанитай хамтран судалгаа хийх юм уу, шууд хэрэглээнд нэвтрүүлж болохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайд энэ боломж нь хэр зэрэг байдаг юм бэ?

 

-Шинжлэх ухаан гэдэг үзэгдэл бол хүн төрөлхтнийг өдий хэмжээнд авч яваа л зүйл. Түүхийн бүх л үед шинжлэх ухаан технологийн дэвшил л улс орны түүхийг бичиж байсан. Дэлхий дээр амьдрах хүний тоо нэмэгдэх бүрт хэрэглээ нэмэгддэг. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хүний тоо математик прогрессоор нэмэгддэг бол хэрэглэж буй хүнсний тоо геометрийн прогрессоор өсдөг. Өндөр хөгжилтэй орнуудыг аваад үзэхэд тэд нарын өрсөлдөх чадварын голлох үзүүлэлт нь шинжлэх ухаан, технологийн салбар гэдгийг бүрэн ухамсарлаад байна.

 

Өндөр хөгжилтэй орнууд, хөгжиж буй орнуудыг тэргүүлж байгаа БНХАУ-ын шинжлэх ухааны технологийн салбарын 2/3-ыг бизнесийн салбар хангаж байна. Хувьд шилжүүлбэл 65-70 орчим хувь болж байгаа юм. Үүгээр бодитой хүний гарт хүрэх зүйл хангалттай боломжтой шүү дээ. Японы Toyota компани хоёр, гурван жилийн өмнө шинжлэх ухааны салбарт зургаан тэрбум ам.доллар зарцуулсан байх жишээтэй. Манайд шинжлэх ухааны салбарын зардал байгаагийн нэг том шалтгаан нь үйлдвэр, бизнесийн салбараас нэг ч хөрөнгө оруулалт орж ирдэггүйтэй холбоотой. Үүнийг төр засгийн бодлогоор л зохицуулах ёстой. Тухайлбал, том компанийн захирал шинжлэх ухаан, технологийн салбар хөгжүүлэхэд хөрөнгө оруулсан бол тухайн хөрөнгө оруулсан мөнгийг нь татвараас чөлөөлдөг л байх учиртай юм. Татвараар дэмжээд өгвөл аливаа компани шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулна.


 

-Та дөрвөн жилийн өмнө өгсөн ярилцлагадаа “Манай компаниуд технологийн мэдрэмжгүй” гэж хэлж байсан. Одоо болтол энэ байдал өөрчлөгдөөгүй байх нь ээ...?

 

-Одоог хүртэл технологийн мэдрэмжгүй хэвээрээ л байгаа. Монгол Улсад социалист нийгэм байгуулна гээд Оросын тусламжаар шинжлэх ухааны академи байгуулчихаад, үйлдвэрийн салбарыг оросыг дуурайдаг болсон. Үндсэндээ ЗХУ-д байгуулсан үйлдвэрийг жижигрүүлээд Монголд баридаг байлаа шүү дээ. Үндсэндээ ийм байдлаар 60-70 жил замначихсан. Шинжлэх ухаан, үйлдвэрийн салбар тусдаа л хөгжиж ирсэн л дээ. Энэ нь ч тухайн үедээ таарч байсан байх. Тухайлбал шинжлэх ухааны салбар байгууллагуудын бүтээл гаднын сэтгүүлүүдэд хэрэглэгдэж байгаа байдал, эшлэлийн тоогоороо Монгол Улс Азидаа 20 дугаарт яваад л байгаа юм. Дээх нь үеийн энерци алдагдаагүй л гэсэн үг. Харин үйлдвэрлэлийн салбар зах зээлийн нийгэмд шилжихдээ маш буруу бодлогоор шилжсэн. Үйлдвэрийн салбараа нураагаад одоо л шинээр байгуулагдах гэж байна шүү дээ. Үйлдвэрлэлийн салбарын дийлэнх нь уул уурхайн салбартай холбоотой. Тийм учраас гадаадын технологийг монголд нутагшуулах талаар хөгжөөд байгаа юм. Үүн дээр технологийн мэдрэмж хөгжихгүй шүү дээ. Нэгэнт гадаадад бий болсон шугамыг Монголд авчраад түүндээ дасан зохицож ажиллах ёстой л болоод байна.

 

Технологийн мэдрэмж муу байгаа нь бизнес эрхлэгч, компаниуд муудаа мэдрэмжгүй байна гэсэн үг биш. Угаасаа үйлдвэрлийн процесс өөрчлөгдөөгүйтэй л холбоотой. Үйлдвэрлэлийн салбарыг ч төр засаг бодлогоор дэмжихгүй байгаа. Ганц дэмжихдээ худалдаа авалтаа л дэмжье гэдэг ганцхан зорилт тавьдаг. Угтаа бол худалдаа авалтаа дэмжихээс өмнө үйлдвэрлэлийн технологийг сайжруулах ёстой юм л даа.

 

-Та сая яриандаа агаар, орчны бохирдлыг бууруулахад Засгийн газартай хамтран ажиллаж, дэд ажлын хэсэгт багтсан гэж ярисан. Та бүхний саналыг яг бодитой тусгаад, ажил хэрэг болгосон зүйл байв уу?

 

-Бид бүхний саналыг сайн сонссон. Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох байгууллагуудад тайлангаа өгч, УИХ-ын хоёр ч байнгын хороо бидний саналыг сонсоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн. Бидний саналыг харьцангуй сайн тусгаж оруулсан байгаад нь талархалтай хандаж байгаа. Ерөнхий утгаараа биш ч агуулгаараа бол орсон. Гэхдээ энэ ажлыг төдий хугацаанд ингэж хийнэ, энэ ажлыг хэрэгжүүлэхэд ийм хүн хариуцна гэдэг дээр л нэлээд бүдгэрчихсэн байгаа. Засгийн газрын төлөвлөгөөнд түлш сайжруулах дээр л анхаарсан байна лээ.

 

Шинжлэх ухааны академи, эрдэмтэд гэр болоод амины, орон сууцыг дулаалах дээр л гол анхаарлаа хандуулж, санал дүгнэлтээ ч үүн дээрээ төвлөрч танилцуулсан. Гэвч Засгийн газар үүн дээр бага анхаарсан байна лээ.

 

Уг нь төсөв, төлөвлөгөөндөө бага боловч тусгасан бол үр дүн нь мэдэгдэхүйц гарах байсан. Цахилгаанаар хангах, сайжруулсан түлш тараах бол шууд хэрэгжүүлэхэд хэцүү, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил л даа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед сайжруулсан шахмал түлш боловсруулдаг хэдэн үйлдвэр байсныг бодлогоор дампууруулж хаясан. Сайжшуурлсан түлшээр хангахын тулд энэ үйлдвэрүүдээ сэргээн босгох шаардлагатай. Тэр ажлыг дараагийн Засгийн газар, ялангуяа У.Хүрэлсүхийн Засгийн газар сэргээж байх шиг байна. Гэхдээ уначихаад босч байгаа учраас багагүй хугацаа шаардана. Цахилгаан халаалтыг дэмжье гэхэд гэр хороололд хүрээлцээтэй цахилгаан үйлдвэрлэдэг байх ёстой. Улаанбаатар хотын цахилгаан хангамж өвлийн улирлын оргил цагтаа байгаа бүх нөөцөө дайчлаад талыг нь хангаж чадах хэмжээнд л байгаа. Хүчин чадлыг нэмэгдүүлэхэд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө их л шаардагдана. Бидний судалгаагаар гэр хорооллын орчинд 100-аас илүү дэд станц барьж байж айл болгонд хүрэлцэхүйц хүрэлцээтэй цахилгаанаар хангах юм билээ.

 

Хэрвээ бид гэр, орон сууцаа дулаалъя гэвэл энэ асуудлыг тэр дор нь хэрэгжүүлэх боломжтой. Тэртусмаа манай эрдэмтдийн тооцооллоор таван ханатай монгол гэрийг дулаалахад монголын зах зээлд байгаа ямар материалаар бүрээс, хаяавч хийвэл дулаан алдахгүй вэ гэдгийг тооцоолоод гаргачихсан. Гэрийн бүрээс, дулаалга үйлдвэрлэх үйлдвэрийн судалгаа, тооцоог ч гаргачихсан. Дундаж дулаалгатай нэг гэрийг халаахад 4.5-5 кВт эрчим хүч шаардагддаг. Бидний судалгаагаар дулаалахад 2.5 кВт эрчим хүч шаардагдах юм билээ. Бараг хоёр дахин бага байгаа биз. Хэрэгжүүлсэн бол уг нь үр дүнгээ өгөх байсан юм л даа.

 

-Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн хурал болоод удаагүй байна. Энэ хурлаар чухам юу ярив?

 

-Шинжлэх ухааны академийн удирдах дээд байгууллага нь Их чуулган. Их чуулган хуралдаагүй үед удирдаж, өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг нэгж нь Тэргүүлэгчид юм. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад Тэргүүлэгчид нэг жилдээ 10-12 удаа хуралддаг. Нэгдүгээр сарын 22-ны хуралдаанаар Шинжлэх ухааны академийн харьяа 10 хүрээлэн 2018 онд ямар ажил хийж, хэрэгжүүлэв гэдгийг хэлэлцсэн.

 

Жил бүрийн эхний хоёр сард багтаад өнгөрсөн жилийн судалгааны ажил, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн ажлыг их чуулганаараа хэлэлцдэг журамтай. Энэ чуулганы тов, хэлэлцэх асуудлын чиглэлийг батлалаа.

 

-Шинжлэх ухааны академийн 2018 оны ололт, амжилт нь юу байсан бэ?

 

-Манай академи жил болгон л тодорхой зорилт дэвшүүлэн ажилладаг. 2018 он бидний хувьд ихээхэн онцлогтой жил боллоо. Шинжлэх ухааны академи төсвийн төвлөрүүлэн захирагчаар 2017 оны сүүлийн хагасаас 2018 оны дуустал ажилласан. Энэ хугацаанд шинээр сэрж санах, суралцах зүйл ч байлаа ашигтай моментыг зөв ашиглаж ч байлаа. Төсвийн төвлөрүүлэн захирагч болсноор орон нутгийн бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж бүрдсэн. Өнгөрсөн онд Ниийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулахад голчлан ажиллана. Дараа нь бид Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, цагаан тоосыг бууруулахад шинжлэх ухааны гаргалгаа гаргах, зэс хайлуулж цэвэрлэн, катодын зэс боловсруулах үйлдвэрийн судалгааг шинжлэх ухааны талаас нь гаргах гэсэн гурван том ажилд хамтрахаар болсон.

 

Гадаадын улс орны шинжлэх ухааны байгууллагууд манай академийн харьяа хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг ихээхэн үнэлж байгаа нь ажиглагдлаа. Тухайлбал, Туркийн Шинжлэх ухааны академийн оны шагналыг манай академич Болд хүртсэн. Энэ шагналыг Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган өөрөө гардуулдаг. Жилд гурван өөр улсын эрдэмтэнд олгодог томоохон шагнал. Академич Доржготов ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал Прежевальскийн алтан медалиар шагнуулсан. Энэ медалийг Ази тивээс хүртсэн анхны тохиолдол болсон нь бүр ч онцлох зүйл байлаа. Хэл шинжлэлийн академич Төмөртогоо Японы эзэн хааны “Алтан нар” одонгоор шагнуулсан. Хоёр улсын хоорондын шинжлэх ухааны харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн гэж тодорхойлсон байна лээ. Гадаад ертөнцөд зөвхөн энэ амжилт маань л их өндөр үнэлгээ гэж ойлгож байгаа.

 

Дотооддоо шинжлэх ухааны гавьяат ажилтан, төрийн шагналтнууд ч олон төрсөн жил байлаа. Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгийн хувьд литийн йоны батарейн үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буцааж цэнэглэх боломжтой товчин батарей дэлхийд өргөн хэрэглэгддэг батарейн нэг. Тиймээс бид үүнийг дотооддоо үйлдвэрлэхээр зорьж байна. Ямар ч байсан бүтээгдэхүүний загвар гаргалаа. Уур амьсгалын өөрчлөлт, ургамжилтын судалгаа, цөлжилтийн судалгаа зэрэг судалгаанууд үргэлжилнэ. Тодорхой үр дүн гарна.

 

Монгол Улсын төрөөс энэ салбарт өгч байгаа хөрөнгө мөнгө нэгэнт бага учраас бид гадаад эх булагаас мөнгө босгохоор ажиллаж эхэлсэн. Эхнээсээ ч үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн жил бид 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гадаадаас татаж авлаа.

Шинжлэх ухааны академи гэхэд Шинжлэх ухаан технологийн зардал гэж 1.5 тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнийгээ гурав дахин нугалах хэмжээний зардлыг бүрдүүлж чадсан. Энэ онд бид энэ амжилтаа бууруулахгүй, улам нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Өнгөрсөн долоо хоногт эхний ээлжийн санхүүжилт болох 100 сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн.

 

-Шинжлэх ухааны академи. Ерөөс шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд төрөөс нэн тэргүүнд юу хийх шаардлагатай вэ гэдгээр энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөе...?

 

-Шинжлэх ухааны салбар төр засагт ямар нэгэн хэлбэрээр тавьж л байгаа. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэс бол шинжлэх ухаан, технологийн салбар юм. Шинжлэх ухаан, технологийн салбар тогтвортой хөгжих юм бол Монгол Улсын хөгжил тогтвортой байна. Үүнийг л бид янз бүрийн хэлбэрээр ойлгуулах гэж хичээж байгаа юм.

 

Хамгийн гол хүсч байгаа зүйл бол биднийгээ удирдаж, залж яваа эрхмүүд маань толгойдоо шинжлэх ухаан, технологийн асуудлыг сайн суулгаж аваасай л гэж хүсч байгаа юм.

Төр засгийн удирдлагууд, төрийн түшээд, УИХ-ын гишүүд толгойдоо шинжлэх ухаанаа хөгжүүлж байж Монгол Улс хөгжинө гэдгийг л сайн ухамсарлах ёстой. Ухамсарлаж чадахгүй бол ямар нэгэн ойлголтгүйгээр Монгол Улсын шинжлэх ухаан бодитой юм өгөхгүй, цаасан дээр л ажилладаг гэж хэлэх гээдбайна. Шинжлэх ухааны академи бага боловч хийж байгаа зүйлстэй танилцах хэрэгтэй. Цаасан дээр л байдаг гэж шүүмжилж байгаа бол энэ бол онолын судалгааг хэлж байгаа хэрэг л дээ. Гадаад улс орнуудад ганц тоогддог зүйлс маань энэ онолын судалгаа юм шүү дээ, уг нь. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд манай бүтээл хэвлэгдэж байна гэдэг нь өөрөө нэр хүндийн асуудал.

 


Бусад мэдээлэл