Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТҮРЭГ, МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБОО БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ
ТҮРЭГ, МОНГОЛ СУДЛАЛЫН ХОЛБОО БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл  Астана хотноо болсон Хүмүүнлэгийн ухааны олон улсын гуравдугаар форумд оролцоод иржээ. Энэ үеэр Н.Гумилевийн нэрэмжит Евразийн их сургуулийн захирал, академич  Е.Б.Сыдыков Монгол Улсын эрдэмтдийн багийг их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралд оролцуулж, мөн өөрөө хүлээн авч уулзжээ. Энэ үеэр тус хурлын шийдвэрийн дагуу ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлд  хүндэт профессор цол олгосон байна.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Н.А.Назарбаевын  их сургуулийн  оюутнуудад сонирхолтой сэдвээр лекц уншжээ. Хүмүүнлэгийн ухааны олон улсын гуравдугаар форумыг Олон улсын Түрэг академи (TWESCO)  гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Энэ удаа Азербайжан, Герман, Киргизстан, ОХУ, Тажикстан, Турк зэрэг  улсаас  250 гаруй эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцжээ.

Хурлын үеэр олон улсын Түрэг академийн дэргэд  Алтай судлал, түрэг судлал, монгол судлалын холбоог байгуулах тухай шийдвэрт  Олон улсын Түрэг академи, Монгол Улсын  ШУА, ОХУ-ын ШУА, Турк улсын хэлний нийгэмлэгийн удирдлагууд нар гарын үсэг зуржээ.

Энэхүү шинэ холбоо нь Алтай судлал, түрэг судлал, монгол судлалтай холбоотой  хурал, семинар, үзэсгэлэн, ном хэвлэлийн нээлт, танилцуулга, хамтарсан экспедицүүд  зохион байгуулах зэрэг үүрэгтэй аж.  Үүнээс гадна  "Алтай судлал, түрэг судлал, монгол судлал"  сэтгүүл болон  мэдээлэл  солилцооны интернэт порталыг тогтмол нээн ажиллуулах зорилготой юм байна.



Бусад мэдээлэл