Шинжлэх ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааныг шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр гардуулан өглөө.
Түүнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Олон улсын Монголч эрдэмтдийн XI их хурлыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ийнхүү шагнаж байгаа аж.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, “П.Цагаан түүх, эх хэл, үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах, хойч үедээ таниулах зэргээр Монгол Улсын шинжлэх ухаанд маш их хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна Монгол Улсын ШУА-ийн гүйцэтгэж амжаагүй ажлыг гүйцэтгэсэн түүхэн гавьяатай. Энэ нь түүний үүсгэн байгуулсан Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв юм. Энэ судалгааны төвийг байгуулснаар Монгол Улсыг цаашлаад аймаг, дүүргийн хөгжлийн хэмжүүртэй болгож өгсөн. Мөн газрын гүний дулаан, нарны эрчим хүчийг ашиглан 500 малчин өрхийн лааны хэрэглээг халж, хөдөөд соёлын үрийг тарих эхлэлийг тавьсан гавьяатай. Тиймээс түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж энэхүү медалиар шагнаж байна” хэмээв.
П.Цагаан монгол хэл бичиг, соёл, үндэсний урлагийг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах чиглэлэд санааилга, үр бүтээлтэй ажиллаж иржээ. Тухайлбал, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн судлаачдын бүтээлийг дэмжин “Монгол хэлний их тайлбар толь”, “Монголын түүхийн их тайлбар толь”, Монгол эх түүх” 7 боть, “Монгол-Ил хаадын судалгаа” зэрэг төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, олон улсын хурлуудыг зохион байгуулжээ.